Веллнессийн салбар хаашаа чиглэж байна вэ? Хамгийн том 8 тренд

Сүүлийн жилүүдэд бид цар тахал гэх хүндхэн даваатай нүүр тулан одоог хүртэл уг асуудалтай тэмцэж явна. Өдөр хоногийг нэг хорионоос нөгөө лүү дамжин өнгөрүүлэхдээ бид өмнө нь хийдэг байсан фитнесс, ууланд гарах, бассейнд сэлэх, дуртай ресторандаа амттай хоолоо зооглох зэрэг жижиг зүйлс өдөр тутмын амьдралыг тэнцвэртэй, сонирхолтой болгодог байсныг ойлгосон юм. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэгцээ өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнийг дагаад сэтгэл зүй, бие махбодыг эрүүлжүүлэх зорилготой веллнессийн салбарт ч мөн шинэчлэлтүүд хийгдэж байна. Тухайлбал, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнүүд илүү технологид суурилж, дааврын тэнцвэртэй байдлыг ханган, дархлаа дэмжих төрөлжсөн аргууд бий болж, өдөр тутмын дасгалууд 20 минутын урттай болж, мөн мэргэжилтнүүдийн онцолж буйгаар цар тахлын үед сексийн таашаал урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Эдгээр болон бусад веллнессийн чиг хандлагуудыг хүлээн авна уу. 


Дааврын тэнцвэрт байдлыг анхаарсан бүтээгдэхүүнүүд


Даавар нь бидний бие организмд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Сэтгэл санаа, ерөнхий эрүүл мэндийн байдал, хүний зан араншин гээд маш олон зүйл даавраас шалтгаалдаг. Тэгвэл сүүлийн хэдэн жилд гоо сайхны салбарт дааврын мөчлөгт нийцдэг тусгай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд олноороо бий болсон. Тухайлбал, Pause Well-Aging брэнд нь сэрүүцүүлэх үйлчилгээтэй Hot Flash зэрэг цэвэршилтийн үед хэрэглэх дэвшилтэт бүтээгдэхүүнүүд санал болгодог бол Dr. Zenovia Skincare гэх брэнд дааврын тэнцвэргүй байдлаас үүссэн батгашилтыг эмчлэх зориулалттай арьс арчилгаа болон дааврын эрүүл байдлыг дэмжих ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байна.

Тус сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн хавдар судлаач, АШУҮИС-ийн АУС-ийн ЭБЭСТ-ийн багш, ЭМ ДИ эмнэлгийн эмч Ч. Батсүрэн "Эмэгтэй бэлгийн даавар нь бэлгийн бойжилт эхэлснээс цэвэрших хүртэл бие махбодын бодисын солилцоонд оролцож байдаг. Нөхөн үржихүйн насанд эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын тэнцвэр алдагддаг эмгэгийн эмчилгээнд зориулсан төрөл бүрийн эмчилгээний бэлдмэл болон нэмэлт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж байна. Харин Монгол улсын хувьд дааврын бэлдмэлийн төрөл харьцангуй хязгаарлагдмал байдаг" хэмээн ярьсан юм.

Түүнчлэн тэрбээр дааврын тэнцвэр алдагдсан үед хэрэглэгддэг нэмэлт бүтээгдэхүүн, эмийн ургамлын гаралтай бэлдмэл нь зарим тохиолдолд (тухайлбал, биеийн юмны мөчлөг хамааралтай хөхний өвдөлт, цэвэршилтийн үеийн шинж тэмдэг бууруулах эмчилгээнд) үр дүнтэй байдаг гэдгийг онцолсны сацуу дааврын өөрчлөлт нь урт хугацаанд эмчилгээ, хяналт шаардлагатай өөрчлөлт тул өөрөө дур мэдэн эм, бэлдмэл сонгох нь тохиромжгүй байдгийг санууллаа.


20 минутын дасгалууд


Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэх нь дасгал хөдөлгөөнд зориулах цагийг нэмэгдүүлнэ гэх таамаглал практикт биеллээ олсонгүй. Учир нь ClasPass болон Frame зэрэг дэлхийн топ фитнесс аппуудын хамгийн их үзэлттэй дасгалын бичлэгүүдээр 20-30 минутын турш үргэлжилдэг бичлэгүүд тодорчээ. Үүнтэй холбогдуулан хэдий богино ч 20 минутын дасгалаас үр ашиг хүртэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна. “Богино дасгалууд танд өөрийгөө илүү хүчлэх, анхаарлаа илүү төвлөрүүлэх боломжийг олгодог. Мөн өндөр ачаалалтай богино дасгалуудыг урт хугацааны дасгалуудтай хослуулж хийх нь биеийн олон төрлийн булчинг ажиллуулж, илүү шинэлэг мэдрэмж өгдөг давуу талтай” хэмээн фитнессийн цогц үйлчилгээ үзүүлэгч ClassPass компанийн түншлэгч EMEA-ийн ахлах менежер Жеймс Радклиф зөвлөлөө.


Сэтгэцийн эрүүл мэнд


Цар тахлын өмнөх үе буюу 2017, 2018 онуудад веллнессийн сэтгэцийн эрүүл мэндийн салбар 120,8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан. Энэхүү үзүүлэлт нь халдварын дараах үед өсөх хандлагатай байна. Учир нь тусгаарлалтын горим болон эдийн засгийн хүндрэлүүд нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь маш олон судалгаагаар батлагдсан бөгөөд олны дунд сэтгэл засах эмийн бус аргыг эрэлхийлэх нь сүүлийн жилүүдэд ихэссэн хэмээн Дэлхийн Веллнессийн Хүрээлэнгээс мэдээлжээ.

Түүнчлэн эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор сэтгэл заслын онлайн үйлчилгээ дэлгэрэх болно. Цар тахал бидний өмнө дижитал шийдлүүдийг нээж байгаа ч үүнийгээ даган бүгдэд хүртээмжтэй байдал хумигдаж байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Тиймээс, АНУ-ын амьсгалаа хэрхэн хуваарилах болон бясалгалын цогц хичээлийг хүргэдэг Black Girls Breathing тавцан, хар арьстай охид, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн тусламж авахад нь санхүүгийн тусламж үзүүлдэг Loveland сан зэрэг байгууллагууд хэн ч, хаанаас ч эрүүл мэндэд тустай үйлчилгээг авах боломжоор нь хангахаар ажиллаж байгаа юм.


Сексийн таашаалын анагаах хүч


Ганц бие эсвэл хостой эсэхийг үл харгалзан тусгаарлалтын горим таны сексийн амьдралд нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Цар тахлын эхэн үед Нью-Йорк мужийн эрүүл мэндийн захиргаанаас Ковид-19 халдвар ба сексийн талаарх зөвлөмж гарчээ. Үүнд хүн бүр өөр өөрсдийнхөө аюулгүй хамтрагч гэдгээ санаж гар хангалга хийхийг онцолсон бөгөөд эхлэхээс өмнө халдвар хамгаалалтаа сахин гараа 20 секундийн турш угаахыг сануулсан байлаа. Мөн тус зөвлөмжөөс Ковид-19 ба бэлгийн харьцааны тухай олон зүйл одоогоор тодорхойгүй байгааг мэдэж болно. Тухайлбал, халдвартай хүний үрийн шингэн, өтгөнд вирус илэрсэн нь халдвар үтрээ болон анал сексээр дамждаг эсэх асуудал судалгааны шатандаа явж байна. Харин зөвлөмж гарснаас хэдэн сарын дараа түгшүүр бууруулaхаас эхлээд нойр сайжруулах хүртэлх сексийн таашаалын эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөнүүдийг сексийн эрүүл мэндийн брэндүүд болон алдартнууд чухалчлан ярьж эхэлсэн билээ.

Тус сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, эмэгтэйчүүдийн хавдар судлаач, АШУҮИС-ийн АУС-ийн ЭБЭСТ-ийн багш, ЭМ ДИ эмнэлгийн эмч Ч. Батсүрэн "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний амьдралын чанарыг тодорхойлох үзүүлэлтэд санхүү эдийн засаг, аюулгүй байдал, ажлын сэтгэл ханамж, гэр бүл, эрүүл мэнд зэрэг олон үзүүлэлт орсон байдгийн нэг нь бэлгийн амьдралын сэтгэл ханамж байдаг" хэмээн хуваалцлаа. Мөн тэрээр биемахбодиор хүрэлцэхээс бусад байдлаар хайр сэтгэлээ илэрхийлэх, мэдрэх боломжтой аргуудыг (секс тоглоом, гар хангалга, утсан болон веб кам-ийн харилцаа) онцлохын сацуу Нью-Йорк мужаас гарсан зөвлөмжийг мартаж болохгүйг анхааруулсан юм. Тухайлбал, бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч ашиглах хэрэгтэй ба хамтрагчаа халдвараар өвчилсөн эсэхийг мэдэхгүй бол маск зүүх нь аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг байна.


Дархлаа дэмжих төрөлжсөн аргууд


2020 болон 2021 онд дархлаа дэмжих ургамал болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийн эрэлт хэрэгцээ эрс өссөн. Дэлхийн Веллнессийн Хүрээлэнгээс хоол хүнс, нэмэлт тэжээл болон боловсрол олгох олон төрлийн сургалтаар дамжуулан дархлаагаа дэмжих нь ирэх онуудын голлох чиг хандлага болно хэмээн урьдчилан таамаглаж байна. Тодруулбал, генийн шинжилгээ, biohacking буюу сонирхогчдын явуулдаг биологийн туршилтууд болон энергийн эмчилгээг ашиглан илүү хувь хүнд суурилсан дархлаа дэмжих шийдлүүд голлох юм. Түүнчлэн хоол боловсруулах эрхтэн болон хүний биеийн ерөнхий эрүүл мэндийн үзүүлэлт хоёр хоорондоо шууд хамааралтай байдгийг таниулах нь веллнесс салбарын эрхэм зорилгоор тодроод байна.


Веллнесс болон технологийн хөгжил


Техник, технологийн хөгжил бидний эрүүл амьдралын хэв маягт багагүй нөлөө үзүүлдэг. Зах зээлийн судалгаа явуулагч IDtechEx фирмийн мэдээллэснээр эрүүл мэнд, фитнессийн зориулалттай ухаалаг төхөөрөмжийн худалдаа 2014-2019 онуудад хоёр дахин өсөж 70 тэрбум ам.долларт хүрсэн бол 2020 онд Samsung брэндийн ухаалаг тоноглолуудын худалдан авалт 30 хувиар ихэссэн байна. Өөхний хэмжээ, нойрны хэм болон алхааг хэмждэг бидний сайн мэдэх ухаалаг бугуйн цагуудаас гадна ганцхан амьсгалаар хүний биеийн ерөнхий үзүүлэлтийг гаргаж, цаашид хэрэглэвэл зохистой хоол, хүнсний талаар зөвлөгөө өгдөг Lumen гэх ухаалаг төхөөрөмж Их Британид нэвтэрчээ. Иймд цаашид веллнесс салбарыг техник, технологийн шийдлүүдгүйгээр төсөөлшгүй юм.


Веллнесс аяллууд


Зах зээлийн стратегийн судалгаа явуулагч Euromonitor компаниас веллнесс аяллыг сонгох хүмүүсийн тоо уламжлалт аялагчдаас жил болгон 6,5 хувиар ихсэж байна хэмээн мэдээлэлжээ. Мөн Дэлхийн Веллнессийн Хүрээлэнгийн явуулсан судалгаанд 2017 онд 639 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан веллнесс аяллын зах зээлийн үнэлгээ 2022 он гэхэд 919 тэрбум ам.доллар болтлоо тэлэх тоон үзүүлэлт гарчээ.

Цар тахлын дараах веллнесс аялал биеийн халуун шалгах үйл явц, халдвараас хамгаалах маск, гар ариутгагч зэргүүдээр онцлог байх нь. Вакцинд хамрагдсаныг батлах гэрчилгээ ч мөн аяллын салшгүй нэг хэсэг болох өндөр магадлалтай юм. Бидний харж буйгаар тус салбарт нүүрс төрөгчийн ул мөр бага, гаднах орчны аяллууд давамгайлах бөгөөд “хүн хөдөлгүүрт” буюу ууланд авирах, унадаг дугуйн, явган, болон усан замын аяллуудын эрэлт өсөх хандлагатай байгааг Дэлхийн Веллнессын Хүрээлэнгээс мэдээллэжээ. Түүнчлэн эдгээрийн сацуу амарч буй орчноо сүйтгэлгүй харин ч эсрэгээрээ арчилж, нөхөн сэргээхийг зорих нь 2021 оны веллнессын гол чиг хандлагаар тодроод байна.


Хүнсний ногоо тарих


Зуслангийнхаа байшингийн урд ч бай тасалгааны нөхцөлд ч бай өдөр тутмын хэрэглээндээ зориулан хүнсний ногоо тариалдаг хүмүүс цөөнгүй байдаг. Харин цар тахал дэгдсэнээс үүдэн хувь хүмүүсийн жимс, ногоо тариалах эрэлт эрс өсжээ. Тиймээс энэ нь веллнесс салбарын энэ жилийн чиг хандлагаар тодроод байна. 2020 онд хүнсний ногоо хэрхэн тарих талаар Google-ээс хийсэн хайлт 2019 оныг бодвол хоёр дахин ихэссэн бол үр, тарианы худалдан авалт ердийнхөөсөө 8-10 дахин нэмэгдсэн байна.

Хүнсний ногоо тариалах нь идэх хоолыг эрүүлжүүлэхийн сацуу санах ойг хүртэл сайжруулдаг. Тодруулбал, 2016 онд 900 гаруй ахимаг настнуудын дунд хийсэн Питтсбургийн Их Сургуулийн судалгаагаар ургамал, ногоо тарих нь хүний тархины ой санамж хариуцдаг хиппокампус хэсгийг томруулдаг болох нь нотлогджээ. Ингэснээр Альцгеймэр өвчин тусах эрсдэл нэг дахин буурдаг байна. Үүнээс гадна ногоо тариалах нь стресс бууруулж, булчингийн ажиллагааг идэвхжүүлж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг олон төрлийн ашиг тустай.

Б.Энххүслэн

2021-09-21, 10:39