Биодинамик дарсны тренд: Та ууж буй дарсныхаа талаар хэр их зүйлийг мэдэх вэ?

Дэлхийн шилдэг ресторанууд биодинамик дарсаар үйлчилж байна

Биодинамик дарс гэж юу вэ? Мөн яагаад сүүлийн үед дэлхийн шилдэг ресторанууд биодинамик дарсаар үйлчлэх болов? Бюро 24/7 энэхүү дарсны шинэ трендийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна

Та өөрийн уух дуртай дарсныхаа талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ? Зөвхөн усан үзмийн сорт, үйлдвэрлэсэн газар биш харин дарсны найрлага ба үүнд орсон жимсийг хэрхэн тарьж ургуулсан талаар нэг нэгэнгүй хэлж чадах уу? Ямартаа ч хэрэв та экологийн цэвэр аргаар гаргаж авсан, органик дарс хайж байгаа бол сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч буй биодинамик дарсны чиг хандлагад анхаарлаа хандуулаарай.

Биодинамик дарс гэж юу вэ?

Хэрэв энгийнээр тайлбарлавал биодинамик дарс нь экологийн цэвэр дарс юм. Ямар нэгэн химийн бордоо, өндөр технологи оролцуулалгүйгээр, үхэр ба хонины ялгадсаар бордсон ургацаар хийдэг дарсыг биодинамик гэж тодорхойлно. Үүнээс гадна үйлдвэрлэгчид усан үзмийн талбайд трактор, машин оролцуулалгүй ургацаа зөвхөн гар аргаар арчилдаг байна. Мөн хамгийн гол нь биодинамик дарсыг сарны мөчлөгт тохируулан (хэзээ ургацаа бордох, хаана дарсны торхоо байрлуулах гэх мэт) үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой юм.

Биодинамик дарс хаанаас гаралтай вэ?

Хамгийн анх биодинамик гэдэг нэр томьёог 1924 онд Австрийн философич Рудольф Штайнер дэлгэрүүлсэн юм. Тэрээр Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны дараа фермерүүд газар тариалангийн салбарт хэт их химийн бодис, дэвшилтэт технологи ашиглаж байна хэмээн шүүмжилж байжээ. Штайнер байгаль, ургамал, агаар, амьтан, хүн, минерал гээд дэлхийн бүх зүйлс хоорондоо холбоотой бөгөөд бүгд нийлээд нэг бүхэл организм болдог гэж үздэг байсан юм. Тиймээс тэрээр газар тариаланд зөвхөн байгалийн биоритмийн дагуу ургацыг ургуулсан тохиолдолд л чанар ба хэмжээ нь сайжирна гэж үздэг байв. Штайнер биодинамикийн тухай "What is Biodynamics? A Way to Heal and Revitalize the Earth" нэртэй ном хүртэл гаргаж байжээ. Өнөөдөр түүний энэхүү үзэлд суурилсан дарс үйлдвэрлэлт улам бүр дэлгэрч байгаа гэдгийг Vogue сэтгүүл онцолсон юм.

Биодинамик дарс бусад дарснуудаас ямар ялгаатай вэ?

Юуны өмнө биодинамик дарс нь бүхэл бүтэн философийг илтгэж байдаг. Гэхдээ зарим нэг мэргэжилтнүүд сарны мөчлөг дарс үйлдвэрлэхэд ямар ч нөлөөгүй бөгөөд ийм төрлийн дарс үйлдвэрлэгчид хүмүүсийг хуурч байна гэж үздэг. Гэхдээ л химийн бодисгүй, технологийн оролцоогүй, хүнд хүч хөдөлмөр шингэж бүтсэн дарс хүмүүсийн дунд эрэлт ихтэй байна. Forbes сэтгүүлийн мэдээллэснээр Франц улсын биодинамик дарсны эрэлт сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр 10-15 хувиар нэмэгдсээр байгаа гэжээ. Харин Италийн биодинамик дарсны үйлдвэр дарсны зах зээлийн 20%-г эзэлдэг болоод байна.

Биоиодинамик дарс нь бусад дарснуудаас амтаараа нэг их ялгарахгүй ч зарим мэргэжилтнүүд илүү хурц, цэвэр амттай байдаг гэж үздэг юм.

Г.Тэмүүлэн

2017-07-26, 18:00

  • Зураг: