Зуны аагим халуун өдрүүдэд та юу ууж сэрүүцэх гэж байна? Мэдээж энэ үед хүн бүрийн дуртай “lemonade” буюу нимбэгний ундаа хамгийн эрэлттэй байх нь гарцаагүй. Тус ундаа нь олон төрлийн амттай жимс, ногоогоор хийгддэг тул амны цангаа тайлах шилдэг ундааны нэгээр нэрлэгддэг билээ. Хэдий тийм ч дэлгүүрт бэлэн зарагдаж буй нимбэгний ундаанууд өөртөө хэтэрхий их чихэр агуулдаг эрүүл бус найрлагатай байх нь элбэг тул бид гэрийн нөхцөлд хийж болох эрүүл жоруудыг хүргэж байна.
Өргөст хэмх, цагаан гаатай нимбэгний ундаа
Орц:
- Тал ногоон өргөст хэмх
- 20 мл нимбэгний шүүс
- 125 мл цагаан гааны тоник (чихэрлэг болон оргилуун устай шинэхэн шахсан цагаан гааны шүүсээр орлуулж болно)
Хийх жор:
- Өргөст хэмхийг уртааш нь нимгэн хэрчээд шилэн аягандаа хийнэ. Дараа нь мөс болон бусад орцыг нэмнэ.
- Найрлагаа зөөлөн холиод ууна.
Гүзээлзгэнэтэй нимбэгний ундаа
Орц:
- 420 г зөгийн бал
- 1700 мл цэвэр ус
- 450 г гүзээлзгэнэ
- 350 мл нимбэгний шүүс
- Мөс
- Зөгийн бал руу 500 мл ус хийгээд зориулалтын хутгагч ашиглан хутгана.
- Бэлэн болсон зөгийн балны хольц дээр гүзээлзгэнээ нэмээд холигч машинаар холино.
- Дээрээс нь нимбэгний шүүс болон ус нэмээд хутгана.
- Ундаагаа мөстэй шилэн аяганд хийж ууна.
Кивитэй нимбэгний ундаа
Орц:
- 8 ширхэг дунд хэмжээний киви
- Бага зэргийн цэвэр ус
- 150 г элсэн чихэр (зөгийн бал ашигласан ч болно)
- 180 мл нимбэгний шүүс
- 1 л оргилуун ус
Хийх жор:
- Хоёр ширхэг кивиг хальслаад жижиг шоо болгон хэрчинэ. Жижиглэсэн кивигээ мөсний хэвэнд хийж, дээрээс нь ус хийж хөлдөөнө.
- Үлдсэн кивиг хутгагч машинаар холиод шигшүүрээр шүүнэ.
- Элсэн чихэр эсвэл зөгийн балаа нимбэгний шүүсэнд уусгаад дээрээс нь кивиний нухаш болон оргилуун ус хийж хутгана.
- Хөлдөөсөн кивитэй мөсөө ундаандаа хийгээд амтархан уугаарай.
Лийртэй нимбэгний ундаа
Орц:
- 1 кг лийр
- 100 мл нимбэгний шүүс
- 2,5 л цэвэр ус
- Хэдхэн ширхэг гаа
- Дурийн хэмжээгээр зөгийн бал
- 1,5 л оргилуун ус
- Мөс
Хийх жор:
- Лийрийг хальсалж, голоор нь хуваагаад үрийг нь авах хэрэгтэй. Цэвэрлэсэн лийрүүдээ саванд хийж дээрээс нь 50 мл нимбэгний шүүс нэмнэ. Дээрээс нь ус болон гаа нэмээд буцалгана. Галыг багасгаж, 40 минутын турш таглаатай саванд буцалгана.
- Буцалгасан лийрээ тусад нь таваг руу шилжүүлж, гаагаа гаргаж хаяна. Саванд үлдсэн шүүсээ бага зэрэг хөргөөд зөгийн балтай холино. Ингэснээр шүүсэнд бага зэргийн чихэрлэг амт орсон байх ёстой шүү. Шүүс болон тавагтай лийрүүдээ хөргөгчид хийж бага зэрэг хөргөнө.
- Үүний дараа лийрүүдээ холигч машинаар холиод лийрний шүүс, оргилуун ус, үлдсэн нимбэгний шүүс болон мөсөө нэмснээр таны ундаа бэлэн болно.
Базилик навч, тарвастай нимбэгний ундаа
Орц:
- 1 аяга цэвэр ус
- Дурийн хэмжээгээр элсэн чихэр
- 1 аяга базилик навч
- 8 аяга зүсмэл тарвас
- 250 мл нимбэгний шүүс
- Мөс
Хийх жор:
- Саванд ус, элсэн чихрийг хольж хийгээд таван минут буцалгана. Галыг унтраагаад базилик навч нэмнэ. Нэг цаг орчим байлгаад саванд шүүж хийнэ.
- Холигч машинд тарвасаа холино. Дараа нь шигшүүрээр шүүж нухаш болгоно.
- Өмнө нь хийсэн сироп болон нимбэгний шүүсийг тарвас руу нэмнэ. Эцэст нь мөстэй шилэн аяганд хийгээд уугаарай.
Ингээд та эдгээр жоруудаас санаа авч, найз нөхдөө амтархан ундаагаар дайлаарай.