Энэ жил өөрийн бүсгүйдээ хуримын даашинз бэлэглэхээр төлөвлөж буй эрчүүд санхүүгийн тооцоогоо түр орхиод, өөр зарим нэг зүйлсийг мартсан эсэхээ нэг нягтлаад үзээрэй
Мэдээж та бол хурим хийхээс "айдаг" эр биш. Харин ч бүхнийг төгс төлөвлөж, хуримын өдрөө хамгийн гайхалтай болгож, хайртай бүсгүйгээ, бяцхан үрсийн нар болсон ээжийг нь баярлуулж чадах цор ганц эр хүн билээ. Зарим залуус зөвхөн даашинз худалдан авч, зочдыг дайлах цэсийг тогтоогоод, хуримандаа явах машины маркийг ижилсүүлчихвэл болно гэж боддог. Энэ бол том ажил ч гэлээ хурим хийж, хайр сэтгэлээ албан ёсоор баталгаажуулах чухал өдөрт бас өөр хэд, хэдэн чухал зүйл бий. Юуны өмнө хэлэхэд хурим бол сэтгэлийн холбоо, гал голомтоо бадраах өдөр тул энэ өдөр таны эмэгтэй хамгийн аз жаргалтай байх ёстой. Тэр амьдралынхаа аль ч үед энэ өдрийг нэхэн дурсах бүртээ мишээдэг байх хэрэгтэй юм. Үүний тулд дараах хэдэн зөвлөгөө танд хэрэг болж мэднэ.
Удирдлагыг гартаа авах гэж бүү яар
Хэрэв та хуримлах ёсны талаар хангалттай сайн мэдээлэл цуглуулчихсан бас зарим гэрлэсэн найз, нөхдийнхөө "туршлага"-аас багагүй сонссон бол одоо өөрийнхөөрөө байх цаг ирлээ. Тэгэхдээ энэ нь хуримын өдөр хүртэлх бүх бэлтгэл ажилд зөвхөн өөрөө гол үүрэгтэй оролцоно гэсэн үг биш шүү. Ялангуяа санхүүгийн асуудал дээр зөвхөн өөрийнхөө төлөвлөгөөнд бүгдийг нийцүүлэх гэж зүтгэхгүй байх хэрэгтэй. Сүйт бүсгүйтэйгээ хуримын бэлтгэлд орох зүйлсийн талаар харилцан ярилцаж, өөрсдийн төсөвт тохирсон шийдэлд хүрээрэй.
Амжилттай хурим бол бүсгүйгээ баярлуулах юм
Зарим залуус хуримаа сайн зохион байгуулах юм бол гаргасан зардлаасаа давсан "ашиг"-тай байх талаар ярьдаг. Гэр бүл, найз нөхдөөс цугларсан бэлэгний мөнгөн дүнгээс илүү чухал амжилт бол таны сүйт бүсгүй л баярлах юм. Үүнтэй маргах хэрэггүй. Яагаад гэвэл ямар ч супер эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадахгүй. Тиймээс танд хүүхэд төрүүлж өгнө гэдэг ганцхан шалтгаан л хуримын үеэр бүсгүйнхээ төлөө бүхнийг хийхийг хангалттай зөвтгөнө. Тэгэхдээ хосуудад бяцхан зүйл сануулахад "Аз жаргалтай хүмүүс гэж бүхнийг авсан хүмүүс биш, харин бүгдийг шилдэг болгохын төлөө зорьж хийхийг хэлдэг" гэх үгийг битгий мартаарай.
Хуримд 50, 50 гэсэн ойлголт хэрэггүй
Барууны орнуудад хүмүүс хуримныхаа өмнө төрөл бүрийн хатуу заалттай гэрээ хийж, гэр бүл салсан тохиолдолд өмч хөрөнгө хуваах, хүүхдээ хэн асарч, хэдэн төгрөгийн тэтгэмж олгохыг нарийн тодорхойлдог. Энэ нь магадгүй хэт олон хүнтэй улсад их тохиолддог асуудлуудад зориулагдсан зүйл. Харин та гэрлэлтэндээ энэ жишгийг дагах хэрэгтэй гэж бодож байвал "Бид энэ хуримыг юуны төлөө хийх гэж байгаа вэ" гэдгийг өөрийнхөө болон сүйт бүсгүйнхээ өмнөөс дахин нэг бодож үзээрэй. Хэрэв хайрын төлөө, цаашид өнөр өтгөн болох гэр бүлийнхээ гал голомтыг бадраах гэж хурим хийж байгаа бол заавал хөрөнгө санхүү, хийх зүйлийн оролцоог хувиар тодорхойлох шаардлага бий гэж үү? Өнөөдөр та 75 хувь хөдөлмөрлөлөө ч дараа нэг өдөр та 75 хувь амрах болно шүү дээ.
Мартаж болохгүй хэдэн уламжлал
Ураг барилдах ёсонд сүйн бэлэг өгөх нэгэн заншил бий. Энэ нь аль ч цаг үед хүргэн талаас бэрийн талд өгөхөөр хэлэлцсэн эд зүйлс байсан юм. Сүйн бэлэг гэдэг нь орчин үеийн ойлголтоор бол нэгэн төрлийн гэрлэлтийн баталгаа бөгөөд мэдээж тухайн айлын хөрөнгө, чинээнээс шалтгаалдаг. Тэгэхдээ эдийн засгийн шинж чанартай зүйлсээс гадна бас сонирхолтой бэлгэдэлт зүйлс үүнд багтдаг. Тухайлбал гал бадруулах хэт цахиур, өө сэвийг дарагч хуурай, эвийг нийлүүлэгч цавуу зэрэг зүйлсийг эхнэр болох хүний эцэгт бэлэглэдэг.
Хуримын өдрөө ганцхан зураг авахуулж өнгөрөөхөөс болгоомжил
Хуримын өдрийн цагийн хуваарийг төлөвлөхдөө сүйт хосууд өөрсөддөө ч, зочиддоо ч сэтгэл хангалуун байлгах зүйлс урдаас төлөвлөөрэй. Сэтгүүлч хүний нүдээр олон удаагийн хуримнаас ажигласан нэг чухал зүйлийг хэлье. Зарим нүсэр цар хүрээтэй зохиогддог хуримын үеэр хосуудад бэлэг гардуулах урт цуваа үүссэн байдаг. Энэ нь заримдаа яг л дундад зууны үед "үнэнч" ээ илтгэх гэж хүмүүс өгсөн бэлгээрээ өрсөлддөг байсан цаг үеийг санагдуулдаг. Мөн зураг авахуулахад тэгтлээ их ач холбогдол өгөх хэрэггүй. Зарим хосууд бүр Хуримын ордон руу явж эхлэхээсээ эхлээд үдэш болтол хүмүүстэй зураг авахуулахад хамаг цагаа үрдэг. Сүүлдээ зурганд буух инээмсэглэл хүртэл хуурамч, ядрангүй болж эхэлдэг тул зүгээр л хөгжилдөхөд анхаарч, харин чадварлаг зурагчин хөлсөлж, холын дурангаар өөрсдийнхөө чөлөөтэй байгаа зургийг авахуулж болно.
Хуримаар өмсөх токсидог хэрхэн сонгох вэ?
Сайн зурагчин хөлсөлсний үр дүнг та магадгүй 2050 онд хуримныхаа цомгийг нэхэн үзэхдээ мэдрэх болно. Энэ үед таны өмссөн хослол хэт хуучинсаг, бас инээдтэй харагдахгүй байх нь чухал. Тиймээс сайн токсидо худалдаж ав, эсвэл захиал, бүр болохгүй бол түрээслээд ч болов олох хэрэгтэй. Гол нь одоо цаг үед ямар тренд хит болж буйгаас үл хамаараад сонгодог, цаг хугацааны уртад хуучрахгүй загвар чухал шүү. Өнгөний хувьд мэдээж хар, цагааны хослолыг олонх эрчүүд сонгодог. Үүн дээр нэмээд гүн хөх өнгийн хүрэм бас чухал сонголтод орно.
Чиг хандлага дагахыг хүсвэл
Харин одоо хуримын хослолд ямар өнгө, загвар зонхилж байна вэ гэвэл бие барьсан, цэмцгэр эсгүүр хүчтэй байна. Сонгодог өнгөнүүдээс байгалийн туяатай, хуучны мэт үл мэдэг судалтай өнгөнүүд загварлаг харагдана. Хүрэмнээс гадна хантаазны энгэрний зай давчуу байх байх тусмаа загварлаг харагдаж, дундаж хэмжээтэй нь сонгодог байж, харин өргөн байх тусмаа уламжлалт төрх бүрдүүлнэ. Дээр нь мөн баруунд залуус ч гэсэн хуримын хослолдоо бүдэг цэнхэр, эсвэл пастель туяатай өнгөнүүд, төрөл бүрийн цэцгэн хээтэй цамц зэргийг сонгож байгаа.
Хослолтой холбоотой жижиг дүрмүүд
Хамгийн гол нь чиг хандлага дагаж хослол сонгохдоо өөрийн арьстны өнгөтэй уусч, зохихуйц байхыг хамгийн түрүүнд анхаараарай. Зарим хүмүүс алкахолтой зүйл хэрэглэсний дараа цайдаг, эсвэл улаадаг зэргийг бодолцоход ч илүүдэхгүй. Хамгийн гол нь хослол таны биед уртдаагүй, бас богинодоогүй байх ёстой. Мөн костюмнаас цамцны ханцуй 1 см хэмжээтэй илүү гарсан байвал зохимжтой байдаг. Та мөн суухдаа костюмныхоо доод товчийг тайлаарай.
Таны хурим танд таалагдаагүй үдэшлэг болох ёсгүй
Маш их хичээл зүтгэл гаргаж байж бий болгосон өдрөө өөрийн хяналтаасаа алдахгүй байх хэрэгтэй. Үүнд хамгийн түрүүнд итгэлтэй, дотны найз нөхдөө татан оролцуулж, тэдэнд зарим асуудлыг даатгаарай. Жишээ нь нар шингэх үед сүйт хархүү бүх зочдод зориулж үг хэлэх, өөрөө дуу дуулах, бүсгүйдээ зориулж хөгжим тоглох зэрэг сонирхолтой зүйлсээ хийж болно. Энэ бүхний дараа үргэлжлэх үдэш таны болоод таны эхнэрийн хүсдэг хэв маягаар өнгөрөх хэрэгтэй. Тиймээс тоглуулах хөгжмөө урьдчилан бэлтгэж, хуримаа хавтгайрсан найр биш, харин жинхэнэ үдэшлэг болгоорой.
Эхнэртээ сэтгэлийн үгээ харамгүй хэл
Энэ зөвлөгөөг ялангуяа бүх хайртай, дотны хүмүүсийнхээ өмнө хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүйт бүсгүйдээ "Чи бол цорын ганц", "Чи хамгийн үзэсгэлэнтэй нь", "Миний амьдралд гарч ирж, энэ гайхалтай өдрийг бэлэглэсэнд баярлалаа" гэх утга агуулгатай үгийг заавал хэлээрэй. Монголчууд олны өмнө "нялуурах" дургүй, бүрэгдүү хүмүүс байж болно. Тэр тусмаа та хүмүү нүдэн дээр зориглож хэлсэн үг түүнд хоёулхнаа байхдаа хэлснээс тань илүү хүчтэй хүрэх магадлалтай.
Хуримын өдөр юм уу, өмнөх өдөр гэнэтийн, нэмэлт бэлэг зэхээрэй
Бүсгүйнхээ сэтгэл санааг өргөж өгөх жижигхэн бэлэг, бяцхан зурвас зэргийг урьдчилан бэлтгээрэй. Ер нь бол таны бүсгүй ямар үг сонсохыг хүсдэг вэ, жижиг боловч гэнэтийн ямар зүйлд баярлаж болох вэ гэдгийг ургуулан бодоход танд олон шинэ санаа төрөх болно.
Хуримны өмнө нь ч, дараа нь ч болзож байгаарай
Ер нь бол хурим нэг талаар амьдралын маш чухал үйл явдал мөн боловч чухамдаа жирийн л нэг өдөр шүү дээ. Тиймээс та түүнийг анх болзоонд хэрхэн урьж байсан шиг ээ амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хуруундаа бөгжтэй боллоо гээд болзохоо больчихсон хүмүүс уйтгартай харагддаг. Харин ч аль хэдийнэ буурь суусан хосууд хүртэл хамтаараа хөгжилтэй зүйлс сэдэж, бие биенээ үргэлж "Миний цорын ганц сонголт" гэж харж, хүндэлж явах нь аз жаргал юм. Хэдийгээр амьдрал дээр хоорондоо хүйтэн харилцаатай, бие биенээ нэг их гоё, гойдоор хардаггүй хүмүүс байж болно. Тэглээ гээд хүмүүсийн хууран мэхлэлт, бяцхан заль мэхэндээ баярлаж явдаг зүйлс бол тэдний л сонголт. Харин та бол шилдэг нь учраас ганц л тохиох амьдралаа гайхамшиг хэвээр нь үүрд хадгалж чадна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт