Постдрамын жүжиг, контемпорари балет болон жазз тоглолт
Гурван хоногийн турш сайхан амарсан гэдэгт тань бид итгэлтэй байна. Харин таны шинэ долоо хоногийг дурсамж болон сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаар дүүрэн байлгах үүднээс уламжлал ёсоор энэ долоо хоногт тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 25 - Арванхоёрдугаар сарын 10, Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв /РЦНК/
Оросын домогт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэн бүтээсэн “Гэм Зэм” постдрамын хэлбэрийн жүжиг арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл өдөр бүр тайзнаа амилахаар болжээ. “Орфей" театрын анхны уран бүтээл болох “Гэм зэм” жүжгийг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бол найруулагчаар М.Батболд ажилласан юм. Харин гол дүрийн баатар Росколниковын дүрийг СТА, жүжигчин Д.Лхагва бүтээсэн бөгөөд Монголын шилдэг жүжигчид уг жүжгээр тайзнаа эргэн нэгдэж байна.
Төлбөртэй
Арваннэгдүгээр сарын 28 - Арванхоёрдугаар сарын 12, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
Керамик артист Н.Сүхбүрэнгийн уран бүтээлүүд хоёр долоо хоногийн турш дэлгэгдэж үзэгчдийн мэлмийг баясгах болно. Н.Сүхбүрэн керамик чиглэлээр төгсөж, керамикийн багшаар ажилласан туршлагатай төдийгүй Франц, ОХУ, АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудад зохион байгуулагддаг олон улсын наадамд амжилттай оролцсоор ирсэн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг билээ.
Таксаар нэвтэрнэ
Арванхоёрдугаар сарын 1, 2, The Corporate Hotel and Convention Centre
“Уран Хас” контемпoрари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпорари бүжгийн олон улсын хоёрдугаар наадмын хүрээнд бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан тайзнаа амилуулахаар бэлдэж байна. Уг бүжгэн жүжгийг хөгжмийн зохиолч Ж.Чулуун, цомнол зохиолч Б.Ширэндэв, балетмейстр Б.Жамьяндагва, удирдаач Ч.Жамсранжав, зураач Ч.Гунгаасүх нар бүтээсэн түүхтэй юм. Мөн энэ удаад балетын хөгжмийн продюсероор DJ Х.Итгэл томилогджээ.
Төлбөртэй
Арванхоёрдугаар сарын 2,3, Улсын Филармони
Улсын Филармоноос хэрэгжүүлж буй “Эрхт Монгол” төслийн хүрээнд Монголын жазз найрал хөгжмийн анхдагчид “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” тоглолт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. “Баян Монгол” чуулга орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан билээ. Тэгвэл тэд “Ганган Дагшаа” тоглолтоор эстрадын урлагийн алтан үеийн хөнгөн хөгжмийн бүтээлүүдийг орчин цагийн жазз стандартад нийцүүлэн шинэчлэн найруулж, Монгол хөгжим жазз урсгалтай хэрхэн уусан нэгдэхийг үзүүлэх болно.
Төлбөртэй
Арванхоёрдугаар сарын 2-8, Монголын Уран Зургийн Галерей
Уран бүтээлч Ж.Анунаран биет ба биет бус ертөнцийн заагт “Бурхны хүү” нэртэй үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Ерөнхий байдлаар уран бүтээлч уг үзэсгэлэнгээ тайлбарлахдаа гэрэл зураг, уран зургийн сонирхолтой техникүүд болон хөгжмийн дуугаралт бүхий энэ үзэсгэлэнгийн хөндөх сэдэв нь төрөх, үхэх болоод амьдралын тухай харуулна гэнэ. Мөн орчин үеийн урлагт үзэгчдийн хүртэх таашаал, мэдрэх мэдрэмжийг урьдчилан оноож, чиглүүлэх нь тийм ч зохистой зүйл биш тул иймд “Бурхны хүү” үзэсгэлэнгээс чухам юу олж харахаа үзэгчид өөрсдийн дотоодоос анирлавал сонирхолтой хэмээн онцолжээ.
Таксаар нэвтэрнэ
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт