Паралимпын наадмын эргэн тойронд

Тамирчдадаа амжилт хүсье

17 дахь удаагийн Зуны паралимпын наадам Франц улсын Парис хотод албан ёсоор эхэллээ. Нийт 168 улсын шилдэг 4,400 гаруй тамирчид, пара спортын 22 төрөлд, 549 медалийн төлөө өрсөлдөх энэ удаагийн наадамд Хятад улс хамгийн их буюу 282 тамирчнаа илгээгээд байгаа юм.

Тэгвэл нийт зургаан төрөлд 12 тамирчнаа илгээсэн Монгол улс Паралимпын эхний өдрийн байдлаар таеквондогийн К44 ангиллын -52 килограммын жинд алтан медаль хүртэж, медалийн хүснэгтийн наймдугаар байрт бичигдэж эхэллээ. Олон Улсын Хэмжээний Мастер У.Сүрэнжав финалын шатанд Иран улсын тамирчин Зара Рахимиг ялснаар Паралимпын наадамд алтан медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж түүх бүтээгээд байгаа юм. Мөн түүнчлэн энэ удаагийн Паралимпын наадмыг Монгол улсад анх удаа шууд дамжуулж буйгаараа онцлог болж буй.

Ингээд уншигчдадаа зориулан Паралимпын наадмын талаарх сонирхолтой баримтуудыг тоймлон хүргэж байна.


Анхааралдаа авах спортын төрлүүд

Дараах тамирчид Монгол улсыг төлөөлөн пара таеквондо, хөнгөн атлетик, байт харваа, жүдо бөх, усанд сэлэлт, пауэрлифтинг төрлүүдэд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд медалийн төлөө өрсөлдөх болно.

Пара таеквондо: Г.Болор-Эрдэнэ

Пара хөнгөн атлетик: Ц.Баттулга, П.Энхманлай

Пара байт харваа: Д.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ

Пара жүдо бөх: Т.Сувд-Эрдэнэ, Л.Туруунаа, Б.Баттөгс, Д.Ганбат

Пара усанд сэлэлт /Араар даллах сэлэлтийн 100 метр/: Х.Номуун

Пара пауэрлифтинг: Э.Содномпилжээ


Монгол улсын гурав дахь алтан медаль

Монгол улсын пара тамирчид анх 24 жилийн өмнө Австрали улсын Сидней хотноо зохион байгуулагдсан Зуны паралимпд оролцож эхэлснээс хойш ийнхүү долоо дахь наадамдаа оролцож байна. Энэ хугацаанд тэд Бээжин 2008, Рио 2016, Токио-2020 Зуны олимпуудаас нийт хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад У.Сүрэнжавын хүртсэн аваргын алтан медаль нь Монгол улсын тав дахь Паралимпын медаль, гурав дахь алтан медаль болж буй.


Хамгийн олон эмэгтэй тамирчид

17 дахь удаагийн Паралимпын наадамд 1,983 эмэгтэй тамирчин оролцож, нийт тамирчдын 45 хувийг эзэлж буй нь бүх цаг үеийн хамгийн өндөр тоо хэмээн тооцогдож байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөх Токиогийн олимпоос 132-оор, харин 24 жилийн өмнөх Сиднейн олимпоос нэг дахин буюу 995-аар их тоо юм.


Тойрог замын дугуйн шинэ дээд амжилт

Парис-2024 Зуны паралимпын наадамд 84 тамирчнаа илгээсэн Нидерланд улс одоогийн байдлаар хоёр алтан медаль хүртсэнээр медалийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт жагсаж байна. Тэгвэл тус улсын тамирчин Каролине Грүүт хэдхэн цагийн өмнө зохион байгуулагдсан тойрог замын дугуйн эмэгтэйчүүдийн 500 метрийн зайг 35.390 секундэд туулж алтан медаль хүртээд зогсохгүй дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа. Есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн наадамд маш олон шинэ түүхүүд бичигдэнэ гэдэгт итгэлтэй байна.


Сонирхолтой баримтууд

Паралимпын наадам албан ёсоор анх 1960 онд Итали улсын Ром хотод Сток Мандевиллийн наадам (The Stoke Mandeville Games) нэрэн дор зохион байгуулагдаж байжээ. Тус наадамд 23 улсын 400 тамирчин оролцож байсан бөгөөд зөвхөн тэргэнцэртэй тамирчдад зориулсан хөтөлбөртэй байсан аж. Харин 1976 оноос эхлэн Паралимпын наадмын албан ёсны хөтөлбөрт өөрчлөлт орж бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж эхэлсэн юм.

Англи улсын Сток Мандевилл хот бол Паралимпын наадам анх үүсэж байсан, тус наадмын өлгий нутаг юм. Олон Улсын Паралимпын Хорооноос Паралимпын бамбарыг энэ жилээс эхлэн зөвхөн Сток Мандевилл хотод асааж, цаашид бамбарын буухиаг зөвхөн тус хотоос эхлүүлэхээр болсныг зарлажээ.

Зөвхөн Паралимпд харьяалагдаг хоёр спортын төрөл бол бочи (boccia) болон хонхт бөмбөг (goalball). Бочиг зөвхөн тэргэнцэртэй тамирчид тоглодог бөгөөд улаан болон цэнхэр өнгийн бөмбөгийг цагаан өнгийн бөмбөгтэй хамгийн ойр шидсэн нь ялагч болдог. Харин хонхт бөмбөг нь харааны бэрхшээлтэй тамирчдад зориулсан багийн спорт юм.

Паралимпын наадмын “Пара” хэмээх угmвар нь Грекээр зэргэлдээ, зэрэгцээ (Alongside) хэмээх утгыг илэрхийлдэг. Энэ нь Паралимпын наадам нь Олимпын наадамтай эн зэрэгцэн оршино хэмээх санааг илэрхийлж байгаа юм. Мөн түүнчлэн Паралимпын наадмын бэлгэдэл болсон улаан, цэнхэр, ногоон өнгөнөөс бүрдэх долгион бүхий дүрслэлийг “Agitos” хэмээн нэрийддэг. Энэ нь Латинаар би хөдөлдөг буюу “I move” хэмээх утгыг илэрхийлдэг ажээ.

А.Сарнай

2024-08-30, 18:01