Тэрээр Vogue сэтгүүлийн хоёрдугаар сарын нүүрийг чимжээ
Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин Жон Хо Ён Vogue сэтгүүлийн шинэ дугаарын гол баатраар тодорсон байна. Тэрээр өнгөрөгч 2021 оны хит бүтээлүүдийн нэг болох “Squid Game” цувралд гол дүрийг бүтээж, дэлхий дахинаа танигдаж чадсан бүсгүй юм. Түүний амьдрал цувралыг нээлтээ хийснээс хойш ердөө нэг сарын дотор маш ихээр өөрчлөгдсөн байна. “Squid Game” цувралыг дөрөвхөн долоо хоногийн дотор 142 сая орчим хүн үзэж, улмаар тус цуврал нь Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлээр тодорсон удаатай. Мөн Жон Хо Ёны Instagram хуудасны дагагчид 400 мянгаас 23 сая болон өссөнөөр тэрээр Өмнөд Солонгосын хамгийн их дагагчидтай жүжигчнээр тодроод буй билээ. Түүнчлэн Louis Vuitton загварын ордон өнгөрөгч оны аравдугаар сард түүнийг албан ёсны төлөөлөгчөөрөө сонгож, залуу бүсгүйн нэр дэлхийд цуурайтсаар байгаа юм. Одоогоор Холливүүдийн нэрт агентууд бүгд саяхан жүжигчний карьераа эхлүүлсэн түүнтэй хамтран ажиллахыг хүсэж буй нь тодорхой байгаа ч цуврал амжилтад хүрсний дараа ихэнх сонгон шалгаруулалтдаа бүтэлгүйтсэн гэдгээ Хо Ён үнэнээр хэлсэн байна. “Энэ бүхэн тун удахгүй дуусаж магадгүй” хэмээн тэрээр олон нийтийн зүгээс ирж буй хандлагын талаар ярилцлагынхаа үеэр дурджээ.
Өмнө нь огт жүжиглэх ур чадвараа олонд харуулж байгаагүй тэрээр гэр бүлийнх нь түүний жүжиглэлтэд хэрхэн хандсан талаар мөн дурдсан юм. “Ээж маань миний жүжиглэлт үнэхээр бодитой болсон гэж хэлсэн. Яг л би түүнд уурлаж байгаа юм шиг санагдсан гэж хошигносон удаатай. Харин дүү маань миний ажил, карьерыг төдийлөн сонирхож байсан удаагүй. Намайг зүгээр л эгч гэж хардаг байх л даа. Гэхдээ нэг удаа тэрээр миний жүжиглэлт тийм ч муу биш байна гэж хэлэхэд нь би маш их гайхсан”.
Өдгөө 27 настай Жон Хо Ён Сөүл хотод төрсөн. Тэрээр багадаа огт загварын ертөнцөд сонирхолгүй нэгэн байсан ч үе тэнгийн хүүхдүүдээсээ өндөр байсан тул хүн бүр түүнийг загвар өмсөгч болох хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. “Би тухайн үед яагаад оролдоод үзэж болохгүй гэж бодсон. Би үргэлж амбицтай байсан гэж хэлж болно” хэмээн тэрээр дурссан юм. Үр дүнд нь Хо Ён “Korea's Next Top Model” нэвтрүүлэгт оролцож, хоёрдугаар байранд орсон байна. Тэрээр хүмүүсийн шүүмжлэлд их эмзэг ханддаг талаараа мөн ярьжээ. “Нэвтрүүлэгт оролцож байх үедээ би өдөр бүр өөрийн нэрийг интернетээс хайж, хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншдаг байсан. 10 хүнээс хоёр нь л надад дургүй байсан бол би гэртээ ганцаараа үргэлж уйлдаг байсан. Шүүмжлэл сонсоход маш хэцүү байсан юм. Одоо ч сонсоход тийм ч амар биш байдаг. Мөн одоо ч миний өөрийгөө үнэлэх үнэлэмж маш доогуур байгаа”.
Нэвтрүүлгийн дараа Хо Ён Нью-Йорк руу нүүж, моделийн агентлагтай гэрээ хийснээр түүний амьдралын шинэ нүүр эхэлжээ. Удалгүй Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьертай танилцаж, Marc Jacobs, Chanel орднуудын загварын шоунд оролцож, мөн загварын зурагчид Юрген Теллер, Тим Уокер нартай хамтран ажиллаж байсан туршлагатай юм.
“Багаасаа би өөрийгөө маш олон дутагдалтай гэж үзэж тэдгээрийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй гэж боддог байсан. Гэвч Нью-Йорк надад миний бүх зүйл сайхан байна гэдгийг ойлгуулж чадсан анхны газар юм. Үүнд хичнээн их сэтгэл хөдөлсөн гэж бодно”.
Хо Ён мөн ярилцлагын үеэр өөрийн ганцаардлын талаар ярьсан байна. Тэрээр өөрийг нь байгаагаар нь хүлээж авах найзуудтай ихэд болохыг хүсдэг гэнэ. “Миний гол зорилгуудын нэг бол найз нөхөдтэй болох. Би өөрийгөө тийм ч хүчтэй хүн гэж боддоггүй ч эргэн тойронд намайг сайн хүмүүс хүрээлбэл би оногдсон зүйлсээ сайн хийж чадна”.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт