Түүний талаар таны мэдэх ёстой таван зүйл
Өмнөд Солонгосын жүжигчин Сун Еэ-Жин таван жил завсарлага авсны эцэст Netflix дээр саяхан цацагдсан "Something In The Rain" нэртэй олон ангит кинонд тоглож, телевизийн салбарт эргэн ирсэн байгаа. Энэ үйл явдлыг тохиолдуулан бид түүний тухай сонирхолтой таван баримтыг дэлгэхээр шийдлээ.
Тэрээр таван жилийн завсарлага авсан
Өдгөө 36 настай Сун Еэ-Жин бүрэн хэмжээний кинонд тоглохын тулд түр хугацаанд телевизийн салбарааас завсарлага авсан байсан юм. Харин жүжигчин бүсгүй саяхан Өмнөд Солонгосын JTBC кабелийн телевизийн бүтээсэн "Something In The Rain" гэх цуврал кинонд тоглож телевизийн салбарт эргэн ирж байна. Энэхүү 16 ангиас бүрдсэн цуврал нь дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Netflix тавцан дээр тавигдсан байгаа. Ан Пан Сёкийн найруулсан тус цувралд Сун Еэ-Жин хамгийн сайн найзынхаа дүүд дурладаг кофе шопын ажилтны дүрд тоглодог. Жүжигчин бүсгүй энэхүү цувралын талаар "Миний насны эмэгтэйчүүдийн мэдэрдэг бүх сэтгэл хөдлөл тус кино зохиолд тусгагдсан байгаа. Тайван уур амьсгалтай, өөртөө тусгаж авахад амар зохиолтой байсан учраас энэ төсөлд оролцох хэрэгтэй юм байна гэж шийдсэн" хэмээн ярьжээ.
Тэрээр утга уянгын киноны хатан хаан хэмээн нэрлэгддэг
Жүжигчин Сун Еэ-Жин карьерынхаа эхэн үед хайр дурлалын сэдэвтэй маш олон утга уянгын цуврал ба кинонуудад дүр бүтээж байсан учраас энэхүү нэрийг шүтэн бишрэгчид нь түүнд өгчээ. Жишээ нь түүний тоглосон "The Classic", "Lovers' Concerto", "April Snow" (Дундаж насны бүх гэрийн эзэгтэй нарын дуртай жүжигчин Бэ Юн Жүн тоглосон), "A Moment to Remember" гэх зэрэг бүтээлүүдийг дурдаж болох юм. Жүжигчин бүсгүй эдгээр кинонуудаараа Blue Dragon Film Awards, Baeksang Arts Awards зэрэг Өмнөд Солонгосын нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан билээ.
Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий жүжигчнээр шалгарсан
Энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Бизнес Судалгааны Институт 50 жүжигчнийг хамарсан санал асуулга явуулжээ. "Korea's Brand Power Survey" гэх нэртэй Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг брэндүүдийг шалгаруулдаг энэхүү судалгааны "Кино жүжигчин" төрөлд Сун Еэ-Жин нэгдүгээр байранд бичигдсэн байна. Мэргэжилтнүүд түүнийг "Be With You" гэх саяхан тоглосон шинэ киноныхоо ачаар энэхүү байр суурийг эзэлсэн гэж үзжээ. Дашрамд дурдахад жагсаалтын хоёрдугаар байранд жүжигчин Су Жи Соб жагссан бол түүний араас "Train to Busan" киноны од Гон Ю бичигдсэн байна.
Тэрээр төрөл бүрийн дүрд хувирч чадна
Сун Еэ-Жин карьерынхаа эхэн үед гэнэн, өхөөрдөм бүсгүйн дүрийг бүтээж ирснийг хүн бүр санаж байгаа биз ээ. Тэгвэл жүжигчин бүсгүй сүүлийн үед далайн дээрэмчин (The Pirates), луйварчин (The Art of Seduction), мөн Солонгос улсын хамгийн сүүлчийн гүнж Докхе зэрэг маш олон төрлийн дүрийг бүтээж байгаа юм. "Хэдийгээр би зогсолтгүй кинонд тоглож байгаа ч энэ үнэхээр амаргүй ажил шүү. Заримдаа би өөрөө жүжиглэх сонирхолгүй болж эсвэл надад ажил олдохгүй байх вий гэж маш их айдаг. Аз болж миний үнэхээр тоглохыг хүссэн кинонууд надад олдсоор байгаа. Надад цааш алхах хүсэл ирмэлзлэл төрсөөр байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд би өөрийгөө сорьж, шинэ зүйл туршиж үзэхийг хүсэх болсон" гэж тэр нэгэн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр хайр дурлалын тал дээр хараахан итгэл алдраагүй л байна
Мэдээж хэрэг ийм өхөөрдөм бүсгүй романтик харилцааны тал дээр асуудалтай тулгарна гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Сун Еэ-Жин болзооны тал дээр тийм ч сайн биш гэдгээ өмнө нь дурдаж байсан юм. "Нас ахих тусам энэ асуудал бүр л хэцүү болдог. Би ямар нэг зүйлийг хүчээр хийж болно гэж бодохгүй байна. Гэсэн хэдий ч надад тохирсон хүн гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Би 30-35 насандаа өөртөө тохирсон хүн хайж олохоор эрс шийдсэн байсан бол одоо миний бодол өөрчлөгдсөн" гэж Сун Еэ-Жин хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт