“Ava” ямар өнгийн даашинз урлавал илүү хурдан зарагдахыг хэлж өгнө
WWD сэтгүүлийн мэдээллэснээр дизайнеруудын мэдрэмжийг орлож чадах "Ava" гэх нэртэй хиймэл оюун ухаан технологийн салбарт анх удаа зохион бүтээгджээ.
"Ava" гэх нэр нь "аnalytical visual аssessment" буюу дүрслэлийн аргаар дүгнэн шинжлэх гэсэн нэр томьёоны товчлол юм. Энэхүү технологи нь олон нийтэд яг юу хамгийн ихээр таалагдаж, сонирхлыг нь татаж байгааг тодорхойлж чаддаг байна.
Уг хиймэл оюун ухааныг Бостоны Adhark нэртэй шинэ компани зохион бүтээсэн байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Жехан Хамди "Энэхүү систем нь мэдээлэл өгч, бүтээлч сэтгэлгээг чиглүүлэхэд тусалдаг" гэж "Ava"-г тодорхойлсон юм.
"Ava" хиймэл оюун ухааныг ашиглахын тулд дизайнер юуны түрүүнд өөрийн зорилтот зах зээлийг мэддэг байх хэрэгтэй аж. Харин уг систем нь хамгийн багадаа 28,8 сая тооцоолол хийсний үр дүнд тэрхүү хэрэглэгчдийн сонирхдог зүйлсийг нь олж тогтоодог байна. "Ava" боломжит худалдан авагчдын олон нийтийн сүлжээн дэхь like, share ба зураг мөн бусад бүхий л шаардлагатай мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийдэг байна.
"Жишээ нь би хөх ягаан өнгө одоо давамгайлж байгааг харж байгаа бол Ava энэхүү өнгөний яг ямар төрөл нь илүү сайн худалдаалагдахыг зааж өгдөг. Мөн би хувцасны шинэ брэнд үүсгэн байгуулж, сурталчилгааны зураг авалтаа хийх газар сонгох хэрэг гарна. Энэ бүх шийдвэрийг гаргахад Ava надад туслах болно. Бид уран бүтээлийн үйл явцад садаа болж, ажлыг удаашруулдаг зүйлсийг алга болгохыг хүсч байна" гэж Жехан Хамди ярилаа.
Сонирхуулахад Tommy Hilfiger брэндийн туслах арт директор Алисса Клэр Хорстен "Ava" хиймэл оюун ухааныг боловсруулахад зөвлөхөөр ажиллажээ. Тэрээр "шинэ үеийн бүтээлч хүмүүст шинжлэх ухаан болон урлагийн нэгдэл хэрэгтэй" гэж хэлсэн юм.
"Ava" хиймэл оюун ухааны демо хувилбарыг Adhark компанийн албан ёсны вебсайтаас нь захиалах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт