Хайх

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Үлгэрийн гоо үзэсгэлэн биеллээ олсон нь

Text: Buro.Mongolia


Valentino

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 1)

Нүүр хувиргагч Пэт МакГрат Valentino-гийн навч цэцэгсээр чимэглэгдсэн кутюр цуглуулгад зориулан загвар өмсөгчдийг үлгэрийн дагинын дүрд хувиргалаа. Өдөн сормуус, хар контур, гэрэлтсэн арьс, гялалзсан уруул, цэмцгэр үс засалт зэргийг нэг төрхөд нэгтгэх нь хэтрүүлэгтэй алхам мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ шийдэл нь Пьерпаоло Пиччолигийн урласан загваруудыг эсрэгээрээ улам бүр үзэсгэлэнтэй болгож байсан юм.

Dior

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 2)

Дизайнер Мария Грация Кьюри циркийн урлаг, тэр дундаа алиалагчаас сэдэвлэсэн кутюр цуглуулгаа танилцуулсан билээ. Энэхүү цуглуулгад зориулан нүүр хувиргагч Питер Филипс загвар өмсөгчдөд алиалагчийн будалтыг хийсэн байлаа. Тэрээр мөн дуулга мэт загвартай малгай, шигтгээгээр чимэглэсэн гивлүүрээр будалтыг илүү амилуулж өгсөн юм.

Chanel

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 3)

Үсчин, стилист Сэм Макнайт Chanel брэндийн шинэ кутюр цуглуулгад зориулан 18-р зууны үеийн язгууртан бүсгүйчүүдийг санагдуулам нүсэр үс засалтыг хийсэн юм. Харин нүүр будалт нь эсрэгээрээ орчин үеийн панк уур амьсгалтай байсан нь загвар өмсөгчдийн төрхийг улам анхаарал татам, өвөрмөц болгожээ.

Givenchy

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 4)

Төмөрлөг өнгийн тень, саа зэрэг нь моданаас гарах болоогүйг Givenchy брэнд баталлаа. Нүүрний тал хэсгийг тэр чигт нь саагаар бүрхсэн футурист уур амьсгалтай энэхүү будалтыг энгийн үс засалттай хослуулан тэнцвэрт бaйдлыг хадгалжээ.

Balmain

Кутюр загварын долоо хоног дээрх шилдэг гоо сайхны төрхүүд (фото 5)

Оливье Рустенийн бүтээсэн футуристик, сюрреал уур амьсгалтай кутюр цуглуулгад зориулан загвар өмсөгчид гантиг чулуун хөшөө болон хувирлаа. Харь гаригийн гэмээр энэхүү төрхийг бүрдүүлэхдээ биеийн бүх хэсгийг цагаан өнгөөр будаж, уруул болон нүдний зовхины хэсэгт саа түрхэж өгснөөр нүүр будалтыг илүү анхаарал татам болгосон юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх