Хайх

Зүгээр л амьсгал: Спортоор хичээллэх үедээ арьсаа хэрхэн арчлах вэ

Зүгээр л амьсгал: Спортоор хичээллэх үедээ арьсаа хэрхэн арчлах вэ

Спорт танхим уу, загварын тайз уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өдөр бүр гоёмсог байх дуртай бүсгүйчүүд спортоор хичээллэхдээ хүртэл косметикийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа харагддаг. Бюро 24/7-гийн тоймч Лейла Алиева энэ сэдвээр зөвлөгөө өгч, спорт танхимыг загварын тайз мэт хүлээн авбал бидний арьсанд юу тохиолддогийг тодрууллаа

Гоо сайхны зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар спортоор хичээллэхэд зориулж нүүр будалт хийх нь зөвхөн Монголын биш, харин дэлхийн нийтийн чиг хандлага болоод байна. Дэлхийн өнцөг бүрийн бүсгүйчүүд спорт танхимд хүртэл үзэсгэлэнтэй харагдахыг хүсэх болжээ. Магадгүй энэ нь эмэгтэй хүний үргэлж төгс харагдах, өөртөө итгэлтэй байх хүсэлтэй холбоотой байх. Гэхдээ хамгийн гол нь бидний арьс ийм зэргийн ачаалалд бэлэн болов уу?

Олон давхаргаас бүрдсэн коктейл

Та гүйхээр гарахдаа үсэндээ шүршүүрийн малгай, дээрээс нь даавуун алчуур, мөн дахиад дээрээс нь энгийн малгай давхарласан байна гээд төсөөл дөө. Таны толгойн арьс амьсгалж, төрөл бүрийн бодис ялгаруулах үйл ажиллагаа нэн даруйд эрчимжиж, толгой халууцаж эхэлнэ. Түүгээр ч барахгүй иймэрхүү олон давхарга гоёл өмссөн үед таны толгой бага зэрэг эргэж, бие тавгүйрхэх өндөр магадлалтай юм. Тэгвэл үүнтэй ижил мэдрэмжийг бидний будагтай арьс спортоор хичээллэж байх үед мэдэрдэгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй байх.

Хүч, тамир шаардагдсан дасгал хийж байх үед (гүйлт, суулт, үсрэлт гэх мэт) бидний зүрх илүү эрчимтэй ажиллаж, цусны эргэлт ба бодисын солилцоо сайжирдаг. Арван жилдээ үзэж байсан анатомийн хичээлээс дахин нэг удаа сануулж хэлэхэд арьс бол ялгаруулагч эрхтэн юм. Харин спорт бидний арьсанд тус болж, биенээс хөлс ба тос гэх зэрэг хэрэггүй эд зүйлсийг ялгаруулахад нөлөөлдөг. Түүнээс гадна дасгал хийж байх үед биенээс ус, давс ялгарч, биеийн хэм дээшилдэгийг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх арьснаас ялгарах эд зүйлсийн "коктейл" руу суурь крем, хэдэн давхар нунтаг пудр гэх зэрэг косметикийн бүтээгдэхүүн нэмнэ гэж бодоход аймшигтай байгаа биз? Хөлс ялгарах үйл явцад арьсны нүхнүүд онгойдог байтал косметикийн бүтээгдэхүүнүүд эсрэгээрээ тэрхүү нүхнүүдийг бөглөж, биенээс хэрэггүй эд зүйлс ялгарахад саад болдог. Бөглөрсөн нүхнүүд хариуд нь арьсан дээр үрэвсэл үүсгэж, арьсыг цочроож, батга гарахад нөлөөлдөг юм.

Зүгээр л амьсгал: Спортоор хичээллэх үедээ арьсаа хэрхэн арчлах вэ (фото 1)

Цэвэрлэгээний бие халаалт

Бид орой унтахаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлэж, гүн нойрондоо зориулж бэлтгэдэг шиг спортоор хичээллэхдээ ч бас зарим нэг бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй юм. Юуны түрүүнд арьсаа аливаа косметикийн бүтээгдэхүүнээс чөлөөлж, цэвэрлэх хэрэгтэй. Та богино хугацаанд гүйхээр гэрээсээ гарсан ч бай арьсаа заавал ч үгүй хөөс эсвэл гелиэр урьдчилан цэвэрлээрэй. Үүний дараагаар арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Биеийн хүч шаардагдсан дасгалын үеэр арьсны эпидермис дээрх чийгшил эрчимтэй алдагдаж эхэлдэг. Тэгээд ч та арьсаа чийгшүүлснээр хуурайшиж, татагдсан эвгүй мэдрэмжийг арилгах болно. Хэрвээ та спорт танхим дотор биш, харин гадаа спортоор хичээллэх бол SPF-тэй чийгшүүлэгч тосыг мартаж болохгүй. Ерөнхийдөө амьдралын ямар ч нөхцөлд үргэлж SPF-тэй тос түрхэж байх нь бидний арьсанд сайн юм.

Эцсийн уралдаан

Логикийн дагуу бол аливаа дасгалын дараа шүршүүрт орох нь зүйтэй байдаг ч заримдаа шүршүүрийг алгасах тохиолдол гардагийг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал йогоор хичээллэж байгаа хүмүүс хичээлийн эхний хэсэгт сайтар хөлөрсөн ч, эцэст нь бие болоод сэтгэл санаа тайвшруулах дасгал удаан хийсний улмаас хөлсөө "хатаачихдаг". Үүнээс үүдээд зарим хүмүүс йогийн дараагаар шүршүүрт орох огтхон ч шаардлагагүй гэж үзэх тохиолдол гардаг. Гэхдээ таныг хичээллэж байх үед өөхөн булчирхайн үйл ажиллагаа идэвхтэй байж, хөлс тодорхой хэмжээгээр гарсан нь гарцаагүй шүү дээ. Тэгэхээр та хамгийн багадаа ядахдаа нүүрээ савангаар зайлшгүй угааж байх хэрэгтэй юм. Дээр нь нэмж хэлэхэд зөвхөн арьсаа цэвэрлэснийхээ дараа л косметикийн бүтээгдэхүүнүүдийг түрхэж болно шүү.

Сэлэлт, усан доторх дугуй гэх зэрэг усан спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд гэвэл дасгалынхаа дараа зайлшгүй шүршүүрт орох нь нэн чухал юм. Бассейн доторх усыг хлороор ариутгадаг тул уснаас гарсныхаа дараагаар арьсаа гүн цэвэрлэж, сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Хэрвээ та хуурай арьстай бол бүр тэжээлийн маск ч тавьж болох юм.

Нарийн асуулт

Орчин үед бид аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс төрөл бүрийн хөлрөлтийн эсрэг бэлдмэл олж харах болсон. Ийм зэргийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгчдийн гол даалгавар бол дасгалын үеэр өмссөн бидний футболкийг шинээр нь үлдээж, дусал ч хөлс гаргахгүй байх явдал юм. Гэхдээ харамсалтай нь энэ нь спортоор зөв хичээллэх дүрэмтэй огтхон ч нийцдэггүй ойлголт. Хөлс ялгарах нь бидний биенээс хорт бодис гадагшлахад тусладаг нэн чухал үүрэгтэй үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бидний арьс дасгалын үеэр сайтар "амьсгалж" байх хэрэгтэй тул, дасгал хийх дуртай бүсгүй эсвэл залуу та анти-перспирант биш, харин дезодорант худалдан аваарай. Эдгээр хоёр бүтээгдэхүүн нь хоорондоо ямар ялгаатай юм бэ гэж үү? Анти-перспирантыг хэрэглэсэн үед таны арьсан дээр нян үржихгүй бөгөөд үүний үр дүнд танаас ямар нэгэн тааламжгүй үнэр гарахгүй. Харин дезодорантын найрлагад орсон цинкийн байгалийн давс ба хөнгөн цагаан нь таны хөлсний булчирхайн үйл ажиллагааг саатуулдаг. Өөрөөр хэлбэл энэ нь асуудлыг түр хугацаанд далдлан нуудаг үйлчилгээтэй юм.

Эцэст нь хэлэхэд хэрвээ таны очдог gym эсвэл цэцэрлэгт хүрээлэнд танд таалагддаг дажгүй залуу спортоор хичээллэдэг бол хөнгөн будалт хийж, өөртөө итгэлтэй харагдаарай. Гэхдээ "хөнгөн будалт" гэдэг ойлголтод зөвхөн хөмсөгнийхөө хэлбэрийг тодотгох, нүдний доорх бараан хүрээг өө дарагчаар дарах, мөн уруулаа эмчилгээний зориулалттай тос эсвэл өнгөлөгчөөр будах үйлдэл орж байгаа юм шүү. Үүнээс илүү будалт хийж болохгүй. Спортоор хичээллэж байх үед хацар дээр тань байгалийн зөөлөн ягаан туяа үүсэх тул та бүр ч илүү үзэсгэлэнтэй харагдах болно.

цааш үзэх