Хайх

Нүүрний арьс чангалах массажны талаар бидний буруугаар ойлгодог 8 зүйл

Нүүрний арьс чангалах массажны талаар бидний буруугаар ойлгодог 8 зүйл

Text: Buro.Mongolia


Нүүрний арьс чангалах массаж гоо сайхны мэс заслыг орлож чадах уу? Өвдөх болов уу? Нэг оролтын дараа үр дүнгээ өгч эхлэх үү? Эдгээр болон бусад асуултад мэргэжлийн массажист, DMC эмнэлгийн мэргэжилтэн Елена Гагиевагийн хамтаар хариулцгаая.

Нүүрний арьс чангалах массаж гэж юу вэ?

Энэхүү массаж нь арьсыг өргөх, нүүрний хэлбэрийг тодотгох, булчингийн үйл ажиллагааг сайжруулах үр нөлөөтэй. Түүнчлэн уг массажийг хийлгэснээр цусны эргэлт сайжирч, эсийн түвшинд нөхөн төлжих үйл ажиллагаа идэвхжиж, хаван буурч, арьсны өнгө жигд болдог давуу талтай.

Нүүрний арьс чангалах массажны талаар бидний буруугаар ойлгодог 8 зүйл (фото 1)

Эдгээр үр дүнд цогцоор нь хүрэхийн тулд даралттай массажлах, илэх, зөөлөн илбэх, цэгэн массаж хийх зэрэг харилцан адилгүй арга барилыг нүүрний ноогдсон хэсгүүдэд хэрэгжүүлдэг.

Нүүрний арьс чангалах массажны талаарх худал баримтууд

1. Нүүрний арьс чангалах массаж гоо сайхны мэс засалтай ижил үйлчилгээтэй

Энэ бол худал мэдээлэл. Массаж гагцхүү арьсны өнгийг жигд болгож, уян хатан байдлыг нь сайжруулж, булчингийн үйл ажиллагааг чадавхжуулдаг. Өөрөөр хэлбэл үүний ачаар нүүрний хэлбэр, хэмжээнд өөрчлөлт орно гэдэг боломжгүй зүйл юм.

2. Нүүрний арьс чангалах массаж маш их өвддөг

Тус массаж нь тав тухтай мэдрэмж төрүүлж, тайвшруулах ёстой. Зөв гүйцэтгэсэн тохиолдолд ямар ч өвчин мэдрэгдэх ёсгүй. Өвдөлт, эсвэл бусад тавгүйтэл нь массажистын буруу техникийг илтгэнэ.

3. Үр дүн шууд мэдэгдэж эхэлнэ

Хэдий цөөн тооны хүмүүсийн нүүрний арьсанд нэг оролтын дараа үр дүн мэдрэгдэх тохиолдол байдаг ч курс эмчилгээнд орсноор ашиг тус нь илүү урт хугацааны туршид хадгалагддаг билээ.

4. Нүүрний арьс чангалах массажийг бие даан хийх боломжтой

Гэрийн нөхцөлд заавар бичлэг үзэн өөртөө массаж хийх нь цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд туслах ч цогц үр дүнд хүрэхийн тулд мэргэжлийн хүнд хандсан нь илүү давуу талтай. Тухайн массажист таны нүүрний онцлогт тохирсон тусгай аргачлалыг боловсруулж өгдөг.

Нүүрний арьс чангалах массажны талаар бидний буруугаар ойлгодог 8 зүйл (фото 2)

5. Энэ нь зөвхөн залуу арьсанд зориулагдсан

Нүүрний арьс чангалах массаж бүх насныханд тохиромжтой. Үүний ачаар таны булчингийн үйл ажиллагаа сайжирч, цусны эргэлт нэмэгдэж, арьсны эсийн нөхөн төлжилт идэвхэждэг. Мөн энэ нь арьсны хөгшрөлтийг удаашруулах урьдчилан сэргийлэх аргад тооцогддог билээ.

6. Массажны ачаар гүн үрчлээснээсээ салж чадна

Нүүрний арьс чангалах массаж нь хялгасан үрчлээсийг бүдэг болгож арьсны өнгийг сэргээхэд тусалдаг. Харин гүн үрчлээс арилгах үр дүнтэй арга биш юм.

7. Аливаа сөрөг нөлөөгүй

Нүүрний арьсыг массажлах үйл явж маш аюулгүйд тооцогддог. Гэвч зарим хүмүүст массажинд орсны дараа арьс улайх шинж илрэх боломжтой. Хэрэв та цусны эргэлттэй холбоотой асуудалтай, арьсны үрэвсэлтэй, аль эсвэл бусад асуудалтай бол массажинд орохоос урьтаж мэргэжилтний зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.

8. Арьс чангалах массажийг өдөр бүр хийх боломжтой

Арьс чангалах массажийг тухайн хүний арьсны онцлогт тохируулан хэдэн удаа хийхийг нь тодорхойлдог. Ихэвчлэн долоо хоногт дунджаар 2-3 удаа орох хуваарьтай байдаг ба тус массаж нь арьсны гүн давхарга руу нөлөөлөх зорилготой тул арьсыг амраах үе шат нэн чухалд тооцогддог билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх