Гялалзсан, мөнгөлөг нүдний будалтыг хэрхэн хийх вэ?
Тренд будалт
Ливанаас гаралтай дизайнер Зиад Накад өөрийн хавар-зуны шинэ цуглуулгыг танилцуулахдаа загвар өмсөгчдийн нүдийг тодотгосон, эмэгтэйлэг, зөөлөн дүр төрх сонгосон байлаа. Ийм төрлийн нүүр будалт хийхийн тулд эхлээд арьсандаа зөөлөн гялбаатай праймер түрхэж, дараагаар нь матт бүтэцтэй суурь крем тавих хэрэгтэй. Ингэснээр таны арьс байгалиасаа, дотроосоо гэрэлтэж буй мэт эффект бий болох юм. Мөн хацрынхаа алим хэсэгт арьсныхаа өнгөнөөс хамааран тоор, улбар шар эсвэл ягаан өнгийн хацар өнгөлөгчийг тод түрхээрэй.
Харин нүдний будалтын хувьд гэвэл нүдний дотор булангаас зовхины дунд хэсэг хүртэл мөнгөлөг саатай тень түрхэх хэрэгтэй. Ингэхдээ ямар ч бүтэцтэй тень ашиглаж болно. Харин зовхины дунд хэсгээс гаднах булан хүртэл боронзон тень тавиарай. Мөнгөлөг болоод боронзон өнгөтэй тениудыг Illamasqua брэндийн Liquid Metal Palette нэртэй тослог тенийн иж бүрдлээс олох боломжтой. Эцэст нь өнгөнүүд шилжих хэсэгт хөвсгөр багсаар тениудыг хооронд нь сайтар уусгаж, сормуусаа будалгүй орхиж, хөмсгөндөө бага зэрэг туяа оруулж, уруулаа тунгалаг өнгөлөгчөөр чийгшүүлээрэй.