2025 оны онцлох гоо сайхны чиг хандлага: Goddess Energy
Өнгөрсөн жил гоо сайхны салбарт бараг л будаагүй мэт хөнгөхөн нүүр будалт, минимал маникюр гэхчлэн цэмцгэр хэв маяг давамгайлж байсан бол энэ жил Goddess Energy хэмээн нэрлэгдээд буй гэрэлтсэн, алтлаг өнгө зонхилсон дүр төрх тренд болох хандлагатай байна. Тодруулбал, Pinterest платформын зүгээс энэхүү чиг хандлагыг 2025 онд хувцас загвар, гоо сайхан гэхчлэн бүхий л салбарт дэлгэрэх трендүүдийн нэгээр тодруулжээ. Түүнчлэн тус платформ дээр Goddess energy, Goddess nail, Goddess hair гэх мэт үгсийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 170%-иар илүү хайсан хэмээн мэдээлсэн байна.
Ингээд Эртний Грекийн бурхад шиг сүр жавхлантай, харц булаам, эмэгтэйлэг тус чиг хандлагыг хэрхэн хэрэгжүүлэхийг харцгаая.
Goddess Energy хэв маягтай будалтыг
хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Ерөнхийдөө Goddess Energy хэв маягийг нүүр будалтдаа нэмэх нь тун амархан. Танд ердөө алтлаг өнгийн саатай тень, гэрэлтүүлэгч болон шингэн хайлайтер байхад л хангалттай бөгөөд тус хэв маягийг зөвхөн гоёлын будалтад бус өдөр тутамдаа ч хэрэгжүүлэх боломжтой гэдгээрээ онцлог.
Жишээлбэл өдөр тутмын нүүр будалтдаа Goddess Energy хэв маягийг шингээхийн тулд нүдэндээ хүрэн бор, шаргал өнгөөр суурь тавьж, дээр нь алтлаг ширхэгтэй саа нэмэн уусгаарай. Дараа нь нүдний ухархай, хамрын үзүүр хэсгээ шаргал өнгийн саатай тень, эсвэл шингэн хайлайтераар будна. Харин хацар хэсгээ тоорын шаргал өнгөөр тодруулж, шанаагаа хүрэн шаргал өнгийн шингэн бронзероор сүүдэрлэж өгвөл будалт тань илүү гоёмсог атлаа өдөр тутамд тохиромжтой харагдах болно. Мөн уруулдаа тод өнгө нэмэх хэрэггүй ба оронд нь өнгөгүй, гялалздаг өнгөлөгчөөр будахыг зөвлөж байна.
Харин үдшийн будалтын хувьд та өөрийн хүссэн хэв маягаар Goddess Energy дүр төрхийг бүтээх боломжтой. Тухайлбал модель Жизель Бундхены Met Gala ёслолын үеэр хэрэгжүүлсэн гоёмсог нүд будалт, өөрийгөө бүхэлд нь алтлаг өнгөөр хучсан дуучин Becky G-ийн төрх, загвар өмсөгч Белла Хадидын ретро хэв маягтай алтлаг өнгийн нүдний контур гэхчлэн алдартнуудын бүтээсэн Goddess Energy хэв маягтай, сонирхолтой үдшийн будалтуудаас санаа авч болох юм. Түүнчлэн энэхүү будалтад хуурай, матт будгуудаас илүүтэй шингэн бүтэцтэй бронзер, хайлайтер, саа тохиромжтой байдаг бөгөөд эдгээр нь будалтыг илүү гэрэлтсэн, харц булаам харагдуулахад тусалдаг байна.
Goddess Energy хэв маягтай маникюр
Алтлаг өнгө нь 2025 онд маникюрын салбарт ч мөн адил эрэлттэй байх болно. Иймд хумсаа бүхэлд нь алтлаг өнгөөр будах, 3D хэлбэртэй алтлаг өнгийн чимэглэлээр чимэх, френч будалтаа алтлаг хээгээр баяжуулах гэхчлэн олон янзаар тус трендийг маникюртаа шингээж өгөх боломжтой юм.