Хайх

2000-аад оны эргэн ирэлтүүд үргэлжилсээр: Пэрис Хилтон шинэ реалити шоу гаргалаа

2000-аад оны эргэн ирэлтүүд үргэлжилсээр: Пэрис Хилтон шинэ реалити шоу гаргалаа

Text: Buro.Mongolia


Бид бүхэлдээ 2000-аад оноор амьсгалж байна. Доор суудалтай өмд, багет цүнх, гинжин хэлхээт даашинз зэрэг нь загварт эргэн ирсэн төдийгүй алдарт “Friends” цуврал дахин нэгдэн, “Sex and the City” шинэ ангийнхаа зураг авалтыг эхэлж бидний дунд томоохон шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл эдгээр эргэн ирэлтүүд үргэлжлэн хөвөрсөөр байна. Тодруулбал, шаргал үс, Juicy брэндийн ягаан хослол болон реалити шоугаараа алдартай Пэрис Хилтон шинэхэн “Cooking with Paris” шоугаа гаргажээ.


“Cooking with Paris” шоунд юуны талаар өгүүлэх вэ?

Тус шоуны анхны трейлэрт Пэрис Хилтон өөрийн алдартай найзууддаа хоолны жороо танилцуулж буй нь гардаг билээ. Мэдээж Пэрисыг хамгийн сайн илтгэх маш их саа, крем болон чимэглэлүүдээр дүүрсэн гял цал хоол болон орчинг бүрдүүлсэн байлаа.


Пэрис Хилтон хоол хийж чаддаг гэж үү?

Энэхүү Netflix тавцангийн шоу нь хоол хэрхэн хийхийг заадаг зүгээр нэг уламжлалт нэвтрүүлэг биш юм. Үүнд хамгийн гол нь мэргэжлийн тогооч биш харин Пэрис Хилтон хэрхэн гал тогоонд ажиллах нь сонирхол татах бөгөөд түүний зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх хүн тун л ховор байх болов уу.


Парис Хилтоны гал тогоогоор хэн зочлох вэ?

“Cooking with Paris”-ын гол зочдын нэг бол “Simple Life” шоугаар карьераа эхлүүлсэн, Хилтоны экс-туслах, эртний найз Ким Кардашьян юм. Түүнээс гадна Деми Ловато, Леле Понс, Saweetie, Хилтоны ээж Кити, эгч Ники Хилтон нар шоунд оролцжээ.


“Cooking with Paris” реалити шоуг хаанаас үзэх вэ?

Энэхүү шоу нь наймдугаар сарын 4-ний өдөр Netflix тавцан дээр тавигдсан бөгөөд нэгдүгээр улирлын зургаан ангийнх нь продюсероор “This is Paris”, “We're here” цувралуудаараа алдартай Аарон Сэйдман, “American Idol”-ын Эли Хольцман, “America's got talent” шоуны продюсероор ажилласан Ребекка Герц болон Пэрис Хилтон өөрийн биеэр ажилласан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх