Албан ёсоор батлагдлаа: Emily in Paris цувралын тавдугаар бүлэг гарна
Парис хотын гоёмсог өнгө төрх, загварын гайхамшигт ертөнц, хайр дурлалын ээдрээт үйл явдлуудыг сонирхолтой байдлаар харуулж өгсөн Emily in Paris цувралын дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар хэсэг өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон билээ. Цуврал дэлгэцнээ гарснаас хойших эхний дөрвөн өдөрт 19.9 сая үзэлтийг цуглуулж, Netflix Global Top 10 жагсаалтыг тэргүүлж ихээхэн амжилтыг олоод байгаа юм. Тэгвэл өчигдөр тус бүтээлийн дараагийн бүлэг хийгдэхээр болсон тухай мэдээлэл цацагдаж, цувралын үнэнч үзэгчдийг баярлуулаад амжжээ.
Тухайлбал цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Лили Коллинз Good Morning America нэвтрүүлэгт оролцож байхдаа Emily in Paris цувралын тавдугаар бүлэг гарахаар болсныг албан ёсоор зарласан байна. Тэрээр энэ талаар "Дахин шинэ бүлэг хийгдэхээр болсныг би болон хамтран тоглосон жүжигчид маань саяхан л мэдсэн. Тавдугаар бүлэг дээр бид бүхэн Итали улсын талаар илүү их зүйлсийг харуулах болно оо" гэжээ. Харин цувралын зохиолч Даррен Стар "Бид Эмилигийн адал явдлыг үргэлжлүүлэхээр болсондоо туйлын баяртай байна. Энэ удаа Эмилигийн түүх Ром хотод өрнөх болно. Гэвч энэ нь цувралын нэр өөрчлөгдөнө гэсэн үг биш юм шүү" хэмээжээ.
Одоогоор цувралын үйл явдал, зураг авалт хэзээ хийгдэж эхлэх талаар болон үзэгчдийн хүртээл болох хугацаа гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч шинэ бүлэг дээр Эмили өнгөлөг, загварлаг дүр төрхөөрөө Ром хотыг чимэх нь гарцаагүй боллоо.