Хайх

“Emily in Paris” цувралын 2-р улирлын талаар бид юу мэдэх вэ?

“Emily in Paris” цувралын 2-р улирлын талаар бид юу мэдэх вэ?

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн намар Netflix стриминг тавцан “Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлыг хийх болсноо албан ёсоор зарласан билээ. Тус цувралын гол баатрын босс Сильви Грато Эмилигийн Парис дахь томилолтын хугацааг сунгахаар болсон гэсэн агуулгатай нэгэн бүтээлч захидал бичиж цувралын хоёрдугаар улирал хийгдэх болсныг мэдэгдсэн юм.

“Эмили Купер Парист удаан хугацаагаар үлдэх шаардлагатай болсон гэх харамсалтай мэдээг танд хүргүүлж байна. Хэдийгээр хэт өөртөө итгэлтэй тэрээр тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний маркетингийн салбарт ямар ч туршлагагүй ч, Savoir компанид ажилласан богино хугацаандаа өндөр шаардлагатай зарим үйлчлүүлэгчдийг байлдан дагуулж чадсан нэгэн юм. Түүнийг зүгээр л аз ивээсэн эсвэл Америкчуудын овсгоо зантай учир ийнхүү өөртөө амжилт дагуулсан байх. Би хувьдаа аз л гэж бодож байгаа л даа, гэхдээ Эмилигийн гаргасан үр дүнгүүд гайхалтай байсан. Эмилигийн Парист байх хугацааг сунгаснаар тэрээр үйлчлүүлэгчидтэй тогтоож амжсан сайн харилцаагаа улам хөгжүүлж, Францын соёлд чармайн суралцаж, магадгүй Франц хэлний цөөн хэдэн үг ч бас сурна гэж найдаж байна” хэмээн Savoir компанийн маркетингийн албаны захирал Сильви Грато захидал бичсэн байна. 

Жүжигчдийн бүрэлдэхүүнд хэн нэмэгдэх вэ?

Тус цувралын зохиолч Даррен Стар Oprah Daily сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ улиралд өмнө нь оролцсон бүх жүжигчид тоглох болно хэмээн мэдэгдсэнээс гадна Эмилийг цаашид юу хүлээж буйг хэлсэн байна.


“Эмили амьдарч буй орчиндоо өмнөхөөсөө илүү татагдаж, дасан зохицох болно. Тэр өөрийгөө яг л Парисын оршин суугч мэтээр бодож эхлэх юм… Мөн Эмили өөртөө илүү итгэлтэй болно. Парист түүний амьдрал шинээр эхлэх юм” хэмээн Даррен Стар хуваалцжээ.

Түүнчлэн Entertainment Weekly сэтгүүлийн мэдээллэснээр Английн жүжигчин Люсиен Лависконт, Францын жүжигчин Арно Бинард, жүжгийн зохиолч Жереми О.Харрис нар шинэ улиралд дүр бүтээхээр болсон байна. Люсиен Лависконт Францын соёлыг үл тоосон хайхрамжгүй хандлагатай, Лондонгоос ирсэн ёжтой бөгөөд дур булаам Алфигийн дүрд тоглох юм.


“Алфи Эмилиг өдөх дуртай. Тэд анхандаа дайсагналцах боловч харилцаа нь бага багаар эерэг тал руу өөрчлөгдөх болно. Алфи Парис дахь Английн банканд ажилладаг бөгөөд Эмилигээс ялгаатай нь ажиллахын тулд биш амьдрахын төлөө ажилладаг нэгэн юм. Тэр хөл бөмбөг тоглох эсвэл Англиар ярьдаг залуустай пабд хамт цагаа өнгөрүүлэхийг илүүд үздэг” хэмээн Deadline сэтгүүлд дурдсан байна.

Тэгвэл Жереми О.Харрис өмнө нь Пьер Кадо дизайнерын төлөө зүтгэж байсан загвар зохион бүтээгч Григорий Эллиот Дюпригийн дүрд тоглохоор болжээ. Харин Арно Бинард маш илэн далангүй, шөнийн клубын эзэн Лоран Гигийн дүрийг бүтээх бөгөөд Эмилигийн нэг брэндийг сурталчлахаар болсноор тэд танилцдаг байна.

Хоёрдугаар улиралд Эмилид өөр юу тохиолдох бол?

Эмили, Габриэль, Камилла нарын хайрын гурвалжин үргэлжилнэ гэдгийг итгэлтэйгээр хэлж болох юм. Жүжигчин Лили Коллинз Английн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд, Габриэль, Эмили хоёрын дунд болж байгаа зүйлийг Камилла таамаглаж байгаа эсэхийг би баттай хэлж мэдэхгүй байна. Эхний улирлын хамгийн төгсгөлийн хэсэгт Камиллагийн дуут мессеж намайг үнэхээр гайхшруулсан. Камилла Эмилид сайн юм болов уу гэж бодогдуулах хэсгүүд цувралд багагүй гардаг тул энэ нь хүмүүст их сонирхолтой санагдсан байх л даа. Шинэ улиралд хайрын гурвалжингийн дунд маш их драма үүсэх байх гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ магадгүй Эмили энэ асуудлыг шийдвэрлэж чадах байх… Эсвэл үгүй ​​ч байж магадгүй юм” хэмээжээ.

Тэгвэл Эмилигийн сайн найз Миндид шинэ улиралд юу тохиолдох бол?

“Минди drag клубд ажилласаар хэвээр байх. Тэр бол дуучин, хөтлөгч, тийм болохоор түүний хувьд хөгжимтэй холбоотой өөр олон зүйл амьдралд нь тохионо гэдэгт итгэлтэй байна… Түүнээс гадна Минди сүүлийн ангид Эмилитэй хамт амьдарч эхэлсэн тул тэрээр одоо Габриэль, Эмили хоёрын ертөнцөд илүү ойртсон” хэмээн Миндигийн дүрийг бүтээсэн жүжигчин Эшли Пак нэгэн ярилцлагадаа хэлсэн байна. 

Хоёрдугаар улиралд Эмилигийн хувцаслалт хэрхэн өөрчлөгдөх бол?

Хоёрдугаар улирлын зураг авалт энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Парис болон Сен-Тропе хотод болж өнгөрсөн билээ. Тэр үеэс хойш Коллинзын ер бусын гэмээр хувцаслалттай зургууд олон нийтэд дэлгэгдсээр ирсэн юм. Тодруулбал, тэрээр төрөл бүрийн хээтэй богино даашинз, панама малгай, маш тод өнгийн том цүнхнүүд, өвөрмөц хэлбэрийн бикини, аварга том нарны шил зэрэг зүйлсээр гоёсон харагдлаа.


Цувралын үйл явцад өөрчлөлт орсон байх магадлалтай ч Эмилигийн өвөрмөц загварын мэдрэмж нь өөрчлөгдөөгүй гэдгийг тус зургууд харуулсан юм.

Хоёрдугаар улирлын зураг авалт дууссан уу?

Өнгөрсөн сарын 5-нд Лили Коллинз өөрийн Instagram хуудсаараа дамжуулан цувралын зураг авалт дууссан тухай шүтэн бишрэгчдэдээ дуулгасан байна. 


“Бид @emilyinparis-ийн хоёрдугаар улирлыг албан ёсоор дуусгалаа. Үүнд одоо хүртэл итгэж чадахгүй л байна. Парист гэр бүл, цувралын жүжигчид болон бусад багийнхантайгаа сүүлийн дөрвөн сар 67 хоногийн турш зураг авалтад оролцсон нь хамгийн мартагдашгүй туршлага байсан бөгөөд би хором бүрийг нь нандигнан хадгалах болно. Өдөр бүр ажилдаа баяр баясгалан, инээмсэглэл авчирдаг байсан энэ хамт олонд талархаж байна. Та нар ажилдаа үнэхээр чадварлаг шүү. Үзэгчид та нартаа хоёрдугаар улирлаа толилуулахыг тэсэн ядан хүлээж байна. Á bientôt! Bisous!…” хэмээн жүжигчин бүсгүй бичсэн юм.

“Бид дэлхийн хамгийн тансаг, дур булаам газруудын нэг болох Four Seasons’s Cap Ferrat зочид буудалд зураг авалтаа хийсэн. Энэхүү зочид буудал биднээс бусад бүх хүмүүст хаалттай байсан. Тухайн үед Францад бүх газрууд хаалттай байсан ч төлөвлөгөөний хуваарьт ороогүй байсан тул цар тахлын талаар шинэ улиралд огт дурдахгүй” хэмээн зохиолч Даррен Стар хэлээд амжсан юм. 

Хоёрдугаар улирал хэзээ гарах вэ?

Хэдийгээр Netflix тавцан “Emily in Paris” цувралын хоёрдугаар улирал хэзээ үзэгчдийн хүртээл болохыг зарлаагүй байгаа ч урьдчилсан байдлаар шинэ улирлыг энэ оны сүүлээр гаргахаар төлөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх