Хайх

Энэ зун нээлтээ хийх өндөр хүлээлттэй 8 кино

Text: Buro.Mongolia


Нарлаг, дулаахан зуны өдрүүд айлчлан ирсэнтэй зэрэгцэн адал явдал, инээд хөөр, хайр дурлал гээд төрөл бүрийн жанрын олон бүтээлүүд нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Эдгээрээс бид үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа найман киног онцолж байна.


A Family Affair

Нээлтээ хийх огноо: Зургаадугаар сарын 28

Романтик, инээдэм хосолсон A Family Affair энэ зун Netflix платформ дээр нээлтээ хийхэд бэлэн болжээ. Гол дүрүүдэд жүжигчин Зак Эфрон, Николь Кидман, Жой Кинг зэрэг алдартай уран бүтээлчид тоглож байгаа юм. Үйл явдал Зара гэх бүсгүй ээжийгээ өөрийнх нь хамгийн үзэн яддаг хүмүүсийн нэг болох бардам, их зантай захиралтай нь хайр сэтгэлийн холбоотой болсон гэдгийг гэнэтийн байдлаар олж мэдсэнээр эхэлнэ. Зара тэдний харилцааг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэх боловч байдал санаснаас тэс өөрөөр эргэнэ. 


Escape

Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 3

Жүжигчин И Жи Хүн болон Кү Кёо Хуан нарын хамтран тоглосон Escape кино үзэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Үйл явдалд Им Кюү Нам хэмээх Хойд Солонгос улсын цэрэг Өмнөд Солонгос улс руу дүрвэж, шинээр амьдралаа эхлүүлэх хүслээ биелүүлэхээр нутгаасаа зугтаана. Гэвч үүнийг Хойд Солонгос улсын Төрийн аюулгүй байдлын газар мэдэж, залууг мөшгөж эхэлснээр үйл явдал цааш өрнөнө.


Fly Me To The Moon

Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 12

Everwood, The Flash, You зэрэг алдартай цувралууд дээр ажиллаж байсан зохиолч, продюсер Грег Берлантигийн ээлжит бүтээл болох Fly Me to the Moon киноны гол дүрүүдэд жүжигчин Ченнинг Татум, Скарлетт Йоханссон нар тогложээ. Үйл явдал 1960-аад оны үед өрнөх ба тухайн үеийн NASA-гийн хамгийн чухал төслүүдийг нэг болох Apollo 11-ийг удирдан ажиллаж байсан Коул хэмээх залуу болон NASA-гийн маркетингийн менежер бүсгүй Келли нарын тухай хөгжилтэй, романтик түүхийг өгүүлэх аж.


Twisters

Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 19

Энэхүү бүтээл нь 1996 онд нээлтээ хийж байсан Twister киноны үргэлжлэл анги бөгөөд гол дүрүүдэд Дэйзи Эдгар-Жонс, Глен Пауэлл, Энтони Рамос нар тогложээ. Кинонд хэсэг залуус цаг агаарыг гамшигт аюулаас сэргийлэх зориулалттай шинэ хяналтын системийг турших явцдаа санаанд оромгүй гэнэтийн шуургад өртөнө. Удалгүй шуурга улам ширүүсэж, амь насанд халтай ноцтой байдал үүснэ. 


Hijack 1971

Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 21

1971 онд Өмнөд Солонгос улсад тохиолдож байсан бодит түүхээс сэдэвлэсэн тус кинонд нэгэн тэсрэх бөмбөгтэй залуу онгоцыг зорчигчидтой нь хамт барьцаалж, Хойд Солонгос улс руу нисэхийг тулган шаардаж буй талаар өгүүлэх болно. Гол дүрд үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Ёо Жин Гү, Сун Дун Ил, Ха Жун Ү нар тоглосон гэдгээрээ хүлээлт үүсгээд байгаа юм.


DÌDI

Нээлтээ хийх огноо: Долоодугаар сарын 26

Инээдэм, драм хосолсон тус кино нь өнгөрөгч нэгдүгээр сарын 19-ний өдөр Sundance кино наадамд өрсөлдөж, голлох шагналуудын нэг болох Audience Award буюу үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан киногоор тодорсон билээ. Тус кинонд өсвөр насны хүүхэд бүрийн туулдаг асуудлуудыг ямар ч хэтрүүлэггүйгээр, амьдралд ойр талаас нь буюу Крис хүүгийн дүрээр тусган харуулахыг зорьжээ.


It Ends with Us

Нээлтээ хийх огноо: Наймдугаар сарын 9

Зохиолч Коллин Гуверын ижил нэрт романтик зохиолоос сэдэвлэсэн тус кинонд жүжигчин Блейк Лайвли, Жастин Балдони, Эми Мортон нар дүр бүтээжээ. Үйл явдал бага насны хэцүүхэн дурсамжаа мартахыг хичээж буй Лили бүсгүй нэгэн эмч залуутай танилцаж буйгаар эхэлнэ. Гэвч тэдний харилцаанд ээдрээтэй олон асуудлууд үүсэж, Лили харилцаагаа цаашид авч үлдэх эсэхээ шийдэх шаардлагатай нүүр тулна.

Сонирхуулахад, Колли Гувер тус зохиолоо “Миний бичиж байсан хамгийн сэтгэл өвтгөм, хэцүү ном” хэмээн тодотгож байжээ.


Blink Twice

Нээлтээ хийх огноо: Наймдугаар сарын 23

Жүжигчин Зои Кравицийн найруулсан анхны кино болох Blink Twice энэ зун нээлтээ хийх онцлох бүтээлүүдийн нэгээр дурдагдаж байна. Киноны гол дүрд Зои Кравицийн сүйт залуу жүжигчин Ченнинг Татум тоглосон гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Мөн кино сонирхогчид тус киноны өнгө аяс Knives Out, Glass Onion зэрэг этгээд, хачирхалтай гэмт хэргийн талаар өгүүлдэг бүтээлүүдтэй төстэй байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Үйл явдал нэгэн тэрбумтан залуугийн зохион байгуулж буй үдэшлэг дээр хачирхалтай зүйлс ар, араасаа тохиолдож буйгаар эхэлнэ. Харин үдэшлэгт санаандгүй байдлаар уригдан ирсэн Фрида бүсгүй үүний учрыг олохоор шийднэ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх