Хайх

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ?

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ?

Text: Г.Тэмүүлэн


Одоогоос нэг жил хагасын өмнө NewJeans гэх K-Pop хамтлагийн тухай хэн ч мэддэггүй, нэрийг нь сонссон хүний тоо гарын арван хуруунд л багтах байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэвч тэд өнгөрсөн оны долоодугаар сард “Attention” нэртэй анхны видео клипээ цацан дебютээ хийсэн даруйд бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн юм. Өнөөдөр “Ditto”, “OMG”, “Hype Boy”, “Super Shy” зэрэг дуунууд нь цацагдсан даруйдаа л Spotify, Apple Music зэрэг платформуудаар сая сая удаа стрим хийгдэж, “Get Up” нэртэй EP цомог нь Billboard-ын жагсаалтыг тэргүүлж, өсвөр насныхнаас эхлээд насанд хүрэгчид хүртэл тэдний дуунуудыг амандаа аялан алхацгааж байна. Ердөө ганцхан жилийн дотор 15-19 насны таван охин зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болж, Christian Dior, Chanel, Burberry, Louis Vuitton зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдтэй гэрээ хийж, TikTok-г эзэгнэж, дэлхий дахиныг байлдан дагуулж амжжээ. Түүгээр ч барахгүй хамгийн хурдан хугацаанд буюу ердөө 219 хоногт Spotify платформ дээр нэг тэрбум удаа стрим хийгдсэн анхны K-Pop хамтлаг болж Гиннесийн амжилтыг эвдсэн билээ. Тэгвэл яг одоо дэлхий даяар мандаж байгаа NewJeans охидын хамтлаг хаанаас гэнэтхэн гараад ирэв, тэдний амжилтын нууц нь юунд оршиж байгаа мөн олон зуун охидын хамтлагаас хэрхэн онцгойрдгийг илүү дэлгэрэнгүй судалцгаая.


ТОГТСОН ДҮРМИЙГ ЭВДСЭН НЬ

Минжи, Даниель, Хэрин, Ханни, Хеин гэх 15-19 насны таван гишүүнээс бүрдсэн тус хамтлаг нь 2022 онд ADOR энтертейнмент компанийн дор ( алдарт BTS-г бидэнд танилцуулсан HYBE корпорацын охин компани) үүсгэн байгуулагджээ. Хамтлагийн нэрийн хувьд “new genes” буюу шинэ үеийн K-Pop одод болон яг л жийнс шиг хэзээ ч хуучиршгүй, мөнхийн сонгодог гэсэн утгыг хослуулан NewJeans хэмээн нэрлэжээ. Сонирхолтой нь тэд K-Pop хамтлагуудын тогтсон системээр бус ямар ч урьдчилсан танилцуулга, сурталчилгаагүйгээр хаанаас ч юм гэнэтхэн л гарч ирэн анхны бүтээлээ цацаж, K-Pop хөгжмийн ертөнцийг гайхшируулж байв. Олон жил хэрэгжиж байгаа тогтсон дүрмээр бол шинээр гарч ирж буй K-Pop хамтлагууд эхлээд тизер цацаж, сурталчилгааны аян эхлүүлж, хамтлагийн гишүүн бүрийг танилцуулж, тэдэнд сошиал хаягууд нээн тодорхой хэмжээний шүтэн бишрэгчтэй болох зэргээр нэгэн хэвийн “томьёогоор” явдаг бол NewJeans хамтлаг энэ уламжлалыг үл хайхран, өөрсдийн дүрмээр тоглохыг илүүд үзжээ. Мэдээж хэрэг энэ нь маш эрсдэлтэй хэдий ч тун ухаалаг алхам болж хамтлагийн эргэн тойронд хайп үүсгэж чадсан юм. Үүнээс гадна ямар ч танилцуулгагүй анхны видео клипээ цацсанаар хүмүүсийн сонирхлыг өдөөгөөд зогсохгүй үзэгчдийн дунд ямар нэгэн хүлээлт, төсөөлөл үүсгэлгүй “Бидний хөгжимд маркетинг шаардлагагүй” гэж байгаа мэт уран бүтээлээрээ дүгнүүлэхийг хүсэж, хөгжмөөрөө өөрсдийгөө илэрхийлж байв. Нөгөөтээгүүр энтертейнмент компаниуд залуу уран бүтээлчдээ төгс төгөлдөр мэт танилцуулснаар шүтэн бишрэгчийн зүгээс маш өндөр шаардлага тавигдаж, тэдний хүлээлтэд хүрэхгүй бол дарамт учирч, ерөнхийдөө хортой нөхцөл байдал үүсэх эрсдэл бий болдог. Харин NewJeans хамтлагийн хувьд үзэгчдэд тэднийг авьяасаар нь дүгнэх боломжийг олгосноороо дээрх эрсдэлээс сэргийлж, K-Pop салбарт хувьсал хийсэн юм.

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 1)

K-POP ХӨГЖМИЙГ ШИНЭЭР ТОДОРХОЙЛСОН НЬ

NewJeans хамтлагийг яг л “цэвэр агаар” мэт шинэлэг хэмээн тодорхойлох хүмүүс бишгүй бий. Олон жилийн турш K-Pop урсгалыг тод будалт, хүчирхэг дуугаралттай, сүрлэг охидын хамтлагууд давамгайлж ирсэн билээ. Тэдэнтэй харьцуулахад NewJeans хамтлагийн поп, R&B дуунууд хөнгөн, эерэг уур амьсгалтай, гэнэн цайлган үгтэй, хөгжилтэй бүжиг дэглэлттэй бөгөөд ихэвчлэн нөхөрлөл, анхны хайрын сэдэвтэй гэдгээрээ шинэлэг. Мөн хамтлагийн гишүүдийн энгийн шулуун үс засалт, бараг будаггүй цэмцгэр царай төрх, сул загварын спорт хувцаслалт зэрэг нь залуу насны гоо үзэсгэлэн, гэнэн томоогүй байдлыг магтан дуулсан гэлтэй. Өө сэвгүй төгс төгөлдөрт хүрэхийг цаг үргэлж эрмэлздэг К-Pop хөгжмийн ертөнцөд хэт их хичээлгүй, өөрсдийнхөөрөө байж, дуугаа дуулангаа зүгээр л хөгжилдөж болохыг NewJeans үлгэрлэн харуулж буйгаараа онцлог болж байна.

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 2)

Y2K ГОО ЗҮЙ

Амархан цээжлэгддэг хөнгөн хэмнэлтэй дуунуудаас гадна тэд 1990, 2000-аад оны гоо зүйг уран бүтээлдээ төдийгүй өөрсдийн стильдээ ч чадварлагаар ашигладаг. Анх харахад яг л Pinterest дээрх Y2K эрин үеийн зургуудыг дуурайн дүр төрхөө бүрдүүлсэн гэмээр загварлаг агаад өхөөрдөм стиль нь мөн л нарийн тооцоолж боловсруулсан мэргэн стратеги. 2000-аад онд тренд болж байсан элементүүдийг ашигласан нь Y2K гоо зүйг шүтэн биширдэг Gen Z үеийнхэнд таалагдахын сацуу милленниалуудын дурсамжийг нь сэдрээн, биднийг ретро хэв маягт дахин дурлахад хүргэж байгаа юм.

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 3)

ТЭДНИЙ НУУЦ ЗЭВСЭГ

NewJeans хамтлагийн амжилт Эрика Де Касиертай салшгүй холбоотой. Данийн Копенхагенаас гаралтай дуучин, ая зохиогч, продюсер бүсгүй тус хамтлагийн “Get Up” EP цомогт багтсан “Cool with You”, “Super Shy” зэрэг хэд хэдэн дууг хамтран зохиолцсон байдаг. Тэрээр өмнө нь Дуа Липа, Blood Orange зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай бөгөөд контемпорари R&B, поп жанрын шинэлэг хэмнэлтэй уран бүтээл түлхүү туурвидаг ирээдүйтэй, залуу уран бүтээлчид тооцогддог билээ. Тиймээс тэдний хамтралаас мэндэлсэн олон хит дуунуудыг бид ирээдүйд дахин сонсож, даган дуулна гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 4)
Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 5)
Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 6)
Дараагийн үеийн K-Pop одод: NewJeans хамтлагийн амжилтын нууц юунд оршиж байна вэ? (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх