Хайх

Цоо шинэ дүр төрх: Дуучин Lorde шинэ дууныхаа клипийг гаргалаа

Цоо шинэ дүр төрх: Дуучин Lorde шинэ дууныхаа клипийг гаргалаа

Text: Buro.Mongolia


Өвөрмөц хэв маягаараа алдаршсан Шинэ Зеландын дуучин Lorde саяхан “Mood Ring” гэх шинэ дуугаа видео клипийн хамт толилууллаа. Тус бүтээл нь дуучин бүсгүйн энэ долоо хоногийн сүүлээр гарахаар товлогдож буй “Solar Power” цомгийн гурав дах дуу билээ. Өмнө нь Lorde цомгийн гол дуу болох "Solar Power" болон “Stoned At The Nail Salon” бүтээлүүдээ гаргаж шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан юм. Дуучин дөрвөн жилийн дараа гаргаж буй энэхүү шинэ цомог дээрээ хөгжимчин, продюсер Жек Антоноффтой хамтран ажиллажээ.

Залуу уран бүтээлч “Mood Ring” дууныхаа клипэнд зориулж үсээ хүйтэн шаргал өнгөөр ​​будсан нь хэвлэл мэдээлэл болон орон, орны хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Уг клипэнд Lorde жүжигчдийн хамт намирсан ногоон өнгийн даашинз өмсөөд саравчны дор амарч буйгаар гарна. Түүнчлэн дуучин тус дуугаараа веллнесс соёлыг хөндөж, амин дэмийн хэрэглээ, бясалгал, ургамал ногоо зэрэг зүйлсийн талаар дуулсан юм.

“Энэхүү цомгийг бүтээх явцдаа би 60-аад оны хиппи хүүхдүүдийн соёлыг гүн гүнзгий судалсан юм. Би нийгмээс гарч, жижиг нийгэмлэгүүдийн амьдралыг ойлгож, бүх зүйлийг дахин эхлүүлэхийг хүсэж байсан. Эдгээр бодлууд маань цомгоо бичиж байх үед миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Миний хувьд тэр үе болон манай үеийг нэгтгэх цор ганц ижил зүйл нь веллнесс соёл юм. Жишээ нь макробиотик веган хоолны дэглэм эсвэл таро карт, зурхай унших гэх мэт зүйлс. Эдгээр нь тэр үеийн хүмүүсийн хийж байсан зүйлс бөгөөд өнөөдөр ч миний найзуудтайгаа хийдэг зүйлс юм. Үүнийг поп дуу болгож болох юм байна гэж бодсон юм л даа" хэмээн дуучин хуваалцжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх