2021 оны Оскарын наадмын хамгийн сонирхолтой мөчүүд
Кино ба телевизийн салбарын онцлох үйл явдлуудын нэг болох 93 дах удаагийн Оскарын наадам өчигдөр зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Энэ жилийн наадам урьд урьдынхаасаа илүү цомхон, бүр хэт даруу гэмээр өнгө аястай явагдсан ч сонирхолтой мөчүүд болон түүхэн үйл явдлуудаар дүүрэн байлаа. Тодруулбал, “Nomadland” киноны найруулагч Хлои Чжао “Шилдэг кино найруулагч” шагналыг хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй, наадмын түүхэнд тус шагналыг хүртсэн хоёр дах эмэгтэй болсон бол, “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд Энтони Хопкинс ялалт байгуулж тус шагналыг хүртсэн хамгийн өндөр настай хүнээр тодорсон юм. Ингээд эдгээр болон бусад сонирхолтой үйл явдлуудыг хүргэж байна.
Үзэгчдийн "Оскарыг" хүртсэн Гленн Клоузын twerk бүжиг
Наадмын үеэр нэр дэвшигчдийн дунд “Аяыг таа” буюу тавьсан аяыг сонсоод дууны нэрийг болон Оскарт нэр дэвшсэн эсэхийг нь таах тэмцээн явагдсан. Тус тэмцээнийг илүү хөгжилтэй болгосон нэг хүн нь нийт найман удаа нэр дэвшсэн ч шагналгүй хоцорсон жүжигчин Гленн Клоуз байсан юм. Учир нь тэрээр Experience Unlimited хамтлагийн Da Butt дууны эхлэлийг сонссон даруйдаа таагаад зогсохгүй олны өмнө twerk бүжиглээд авсан билээ. Сошиал ертөнцөд түүний бүжгийг “Богино хэмжээний кино” төрөлд ялалт байгуулахуйц байсан гэдгийг онцолж, хошигносон юм.
"Фрэнсис Макдорманд" mood
“Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин” шагналын эзэн Фрэнсис Макдорманд одоогийн хүнд, хэцүү нөхцөл байдлыг илэрхийлээд байх шиг.
Дэниэл Калуягийн талархлын үг
“Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд “Judas and the Black Messiah” кинонд дүр бүтээсэн Дэниэл Калуя ялалт байгуулсан. Тэрбээр шагналаа гардан авахдаа аав ээж хоёр нь секс хийж түүнийг төрүүлсэнд баярлалаа хэмээн хэлсэн билээ. Үүнийг сонсоод түүний ээж багагүй гайхширч байгаа нь камерын дуранд өртсөн нь сошиал ертөнцөд meme зургаар давлагаалах боллоо.
Crocs гутлаар төрхөө бүрдүүлсэн нь
Хөлд үнэхээр эвтэйхэн ч тийм ч загварлаг биш crocs гутал баяр ёслолын гоёлын нэгээр тодорно гэж санасангүй. Учир нь Оскарын наадмын хүндэт зочин, хөгжмийн зохиолч Questlove алтлаг өнгийн crocs-оор төрхөө бүрдүүлжээ. Түүний гутлыг Миранда Пристли (Devil wears prada киноны гол дүр) лав үнэлсэнгүй бололтой.
Юн Ё Жон жүжигчин Брэд Питтэд хандан юу гэж хэлэв?
“Minari” кинонд дүр бүтээсэн БНСУ-ын жүжигчин Юн Ё Жон “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” төрөлд ялсан нь түүхэн мөчүүдийн нэгээр тодорлоо. Тэрбээр индэр дээрээс жүжигчин Брэд Питтэд хандан “Ингэж нэг ноён Брэд Питт тантай танилцсандаа баяртай байна. Киноны зураг авалтын үеэр та хаана байсан юм бэ?” гэж хэлсэн нь бид бүгдийг хөгжөөгөөд авлаа (“Minari” киноны продюссэрээр Брэд Питтын Plan B продакшн ажилласан юм). Үүний дараа Юн Ё Жон болон Брэд Питт нар тайзны ард ярилцаж зургаа татуулсан бөгөөд нэгэн сэтгүүлч Ё Жоноос Брэд Питт ямар үнэртэй байсан талаар асуухад “Би түүнийг үнэрлээгүй ээ. Би чинь нохой биш шүү дээ” хэмээн хариулжээ.
Брэд Питтыг уяраасан үг
Түүнчлэн Юн Ё Жон “Би өрсөлдөөнд итгэдэггүй. Бид өөр өөр дүрүүдийг бүтээж, харилцан адилгүй кинонд тоглодог учир өрсөлдөх боломжгүй. Харин миний хувьд энд зогсож байгаа нь та бүгдээс жаахан илүү азтай байсных юм” хэмээн хэлснийг жүжигчин Брэд Питт сонсоод нулимсаа барьж чадаагүй юм.