Баяр хүргэе! Эмма Стоун Анхны хүүхдээ хүлээж байна
Холливүүд бүл нэмэх нь ээ
Холливүүдийн жүжигчин Эмма Стоун болон түүний нөхөр, SNL шоуны зохиолч Дэйв Маккери нар анхны хүүхдээ хүлээж байна. Жүжигчин бүсгүй бие давхар болсон талаарх мэдээлэл аль 2020 оны есдүгээр сард гарч эхэлсэн хэдий ч дөнгөж хэдхэн хоногийн өмнө Daily Mail сэтгүүл түүний зургуудыг нийтэлснээр тус мэдээллийг баттай болгожээ. Мөн US Weekly сэтгүүлийн эх сурвалж Эмма Стоуныг жирэмсэн болохыг давхар баталгаажуулсан байна.
"Тэрээр маш их аз жаргалтай байгаагаас гадна ээж болох гэж буйдаа ихэд догдолж байгаа. Тэрээр дотроосоо гэрэлтэж, цоо эрүүл байгаа" хэмээн эх сурвалж ярьжээ. "Сүүлийн үед тэрээр найз нөхөдтэйгөө тогтмол уулзаж, ажлаа ч орхигдуулахгүй байж, өдөр бүр спортоор хичээллэн их идэвхтэй байгаа".
Эмма болон Дэйв нар 2016 онд, Эммаг SNL шоунд оролцож байх үед танилцсан байдаг. Тэд танилцсанаас хойш хоёр жилийн дараа болзож эхэлсэн бөгөөд 2019 онд албан ёсоор хосууд болохоо олон нийтэд зарлаж байсан юм. Мөн хосууд 2019 оны арванхоёрдугаар сард сүй тавьснаа мэдэгдсэн ба 2020 оны есдүгээр сард нууц хурим зохион байгуулсан билээ.