Хайх

Брюс Уиллис афази өвчний улмаас жүжигчний карьертаа цэг тавьж буйгаа мэдэгдлээ

Брюс Уиллис афази өвчний улмаас жүжигчний карьертаа цэг тавьж буйгаа мэдэгдлээ

Гэр бүлийн гишүүд нь мэдэгдэл хийлээ

Text: Buro.Mongolia


Холливүүдийн нэрт жүжигчин, өдгөө 67 настай Брюс Уиллис афази гэх хэл ярианы илэрхийлэл, ойлгох чадварыг хянадаг тархины хэсэг гэмтсэний үр дүнд үүсдэг хэл ярианы эмгэгтэй гэж оношлогдсон тул жүжигчний карьераа өндөрлөхөөр шийдсэн талаар түүний гэр бүлийн гишүүд мэдэгдлээ.  

“Бид бүхний хайртай Брюс сүүлд зарим эрүүл мэндийн асуудлуудтай тулгарч саяхан афази эмгэгийн онош авлаа. Уг эмгэг нь түүний танин мэдэх чадварт нөлөөлж байгаа юм. Тиймээс тэрээр өөрийнх нь хувьд маш их утга учиртай байсан жүжигчний карьераа орхихоор шийдлээ. Энэ бол манай гэр бүлийн хувьд үнэхээр хүнд хэцүү цаг үе бөгөөд та бүхний үзүүлж буй хайр, энэрэл, дэмжлэгт маш их талархаж байна” хэмээн Брюсийн эхнэр Эмма Хеминг Уиллис, хуучин эхнэр Деми Мүүр, хүүхдүүд Румер, Скаут, Таллула, Мабел, Эвелин нар мэдэгдэлдээ дурджээ.

Хэвлэлүүд жүжигчний эрүүл мэндийн асуудлын талаар 2015 оноос мэдээллэж эхэлсэн. Тухайн үед Брюс киноны зураг авалтын үер хэлэх үгнүүдээ тогтоож чадахгүй байсан тул үгнүүдийг нь хэлж өгөх тусгай чихэвч ашигласан гэдэг. 

Афази гэдэг нь тархины хүнд гэмтэл, цус харвалт, хавдар зэргээс үүдэн илэрдэг эмгэг бөгөөд өвчтөн ярих, бусад хүмүүсийн яриаг ойлгох, бичих, бусадтай ойлголцоход хүндрэлтэй болдог. Жонс Хопкинс эрүүл мэндийн төвийн мэдэгдэж байснаар тууштай эмчилгээ болон тухайн өвчтөний онцлогоос хамааран афази өвчтэй хүмүүс бүрэн эдгэрэх боломжтой гэнэ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх