Хайх

Burning Man 2020 наадам виртуал форматаар эхэллээ. Одоо хүссэн хүн бүр оролцож болно

Burning Man 2020 наадам виртуал форматаар эхэллээ. Одоо хүссэн хүн бүр оролцож болно

Ухаалаг утас болон сайн интернеттэй байхад л хангалттай

Text: Бюро 24/7


Зураг:

Өнгөрсөн дөрөвдүгээр сард алдарт Burning Man наадам коронавирусын улмаас цуцлагдахаар болсныг бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл одоо Burning Man 2020 наадам түүхэндээ анх удаа виртуал форматаар зохион байгуулагдаж байна.

1986 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа Burning Man наадам нь дэлхийн хамгийн алдартай бас томоохон арт фестивалиудын нэг юм. АНУ-ын Невада мужийн Блэк Рок элсэн цөлд нийт найман хоногийн турш үргэлжилдэг энэхүү наадам нь энэ жил ч мөн адил найман хоногийн турш, гэхдээ виртуал ертөнцөд өрнөх болно.

Burning Man наадмын бүтээлч төсөл хариуцсан захирал Ким Кук энэ жилийн арга хэмжээг "маш том туршилт" хэмээн нэрлэж, виртуал технологийн тусламжтай урлагийн бүтээлийн цар хүрээг тэлэх гэнэтийн боломж гарч ирж байгааг онцолсон юм.

2020 оны Burning Man виртуал наадам нь "Multiverse" сэдэвтэйгээр эхэлсэн байна. Энэхүү арга хэмжээнд зориулж программист, дижитал артист, дизайнерууд найман өөр виртуал ертөнц бүтээсэн бөгөөд хүмүүс өөрийн хүссэн дижитал ертөнцөө сонгон аялж болно.

Burning Man наадамд оролцох хүсэлтэй хүмүүс фестивалийн вебсайт руу нэвтрэн өөрийн гэсэн профайл үүсгэхэд л хангалттай. Мөн та заавал VR төхөөрөмж ашиглах шаардлагагүй ба компьютер эсвэл ухаалаг утсаараа Burning Man наадамд оролцох боломжтой байгаа. Дашрамд дурдахад наадмын ихэнх контент үнэ төлбөргүйгээр олон нийтэд танилцуулагдаж байгаа ч зарим нэг арт төслүүд рүү нэвтрэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх