
ISAIA брэндийн бутик шинэ байршилд нээгдлээ: Тэдний хавар-зуны коллекцтой танилцацгаая
Далайн эргийн дагуу эгнэн баригдсан шавар байшингуудыг алгасан хотын төв хэсэг рүү чиглэн явбаас Неаполь хотын хэмнэл Италийн бусад хотуудаас арай өөр хэмнэлтэй гэдгийг анзаарна. Нарлаг зуны алтлаг туяа, Католик сүмийн хонхны чимээ, Тереза эхийн дор хайраа илчлэх залуу хос, гудамжны нөгөө захад ариун андгайгаа дөнгөж өргөсөн залуу гэлэнмаа зайрмаг идэнгээ хаа нэгтэйгээс эгшиглэх Пино Данелийн дууг сонсож түр амс хийнэ.



Энэ хотын гудамж бүр түүх өгүүлнэ, энэ хоттой амьдралаа холбосон урлаг соёлын зүтгэлтэн мундахгүй. Сэргэн мандалтын үеийн төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караважжо Неаполь хотод мэндлээгүй сэн бол “Магдалений наманчлал” гэх зураг зурагдахгүй байх байжээ. 17-р зууны Европын хоёр дахь том хот байсан Неаполь хот одоо ч соёл урлагаараа европ найзуудаасаа ялгардаг. Залуусын жавхаанд цог нэмэх ISAIA брэнд, Неаполь хотынхны салшгүй нэгэн хэсэг яах аргагүй мөн билээ.
ISAIA хэдийнээ дэлхийн олон оронд салбараа тэлж, он удаан жил эрчүүдийн сонголт байсаар ирсэн ба дөнгөж өчигдөрхөн тус брэндийн шинэ загварууд Улаанбаатар хотод танилцуулагдлаа. Монгол залуусын сонголт болсоор өдгөө ес дэх жилийнхээ босгыг давж байгаа ISAIA брэнд өвөрмөц хэмнэлээр дэлгүүрийнхээ үүд хаалгыг ахин нээв. ISAIA брэндийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Т.Зориг "Бид тус брэндийг дахин шинэ байршилд нүүлгэн, Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт хэрэглэгчдэд улам таатай, илүү ойр байх үүднээс хамгийн зөв байршлыг сонгож, үүд хаалгаа нээлээ" хэмээн ярив. Шинэхэн бутикийн дотоод динамикийг ажвал ISAIA брэндийн үнэнч хэрэглэгч нарын сайн мэдэх шүр чулуу болон шүрэн улаан өнгийн хана, нарийн хийцэлсэн цэвэр чулуун мозайк шал, үйлчлүүлэгч нарын ая тухыг хүндэлж үзүүлэнгийн танхимын залгаа байрлах мини-баар, VIP өрөө, хэмжээ авах өрөө гээд ISAIA-гийн Монгол улс дахь салбар дэлгүүр нь бүрэн утгаараа Европын салбаруудын жишгээр шинэчлэгджээ. Дэлгүүрийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын гүнцгийг Итали тогооч бэлдэж, үүгээр ч зогсохгүй гийчдэд барих амттан зугаа, бяслаг тэргүүтнийг Италийн Неаполь хотоос авчруулсан байлаа.







ISAIA брэнд энэ жилийн цуглуулгын гол санаагаа Италийн алдарт дуучин Пино Даниелийн амьдралын үзэл санаа хийгээд хайр, эрх чөлөөний магтуу дуунуудаас авчээ. Дуучин, хөгжмийн зохиолч түүний дуугаараа хүргэх илэрхийлэмжүүд хөгжмийн олон урсгалуудаар тодорхойлогддог. Блюз, жазз, рок, уламжлалт аялгууг хослуулсан түүний бүтээлийг Итали даяар сонсож, одоо ч эгшиглэх алтан дуунууд нь мөнх агаад Пиногийн тийм яруу, энгүүн хүсэл нь Неаполь хотыг олон улсын хот болгон алдаршуулжээ. Пиногийн үзэл санаа нь Неаполийн иргэдийг нэгэн тэнгэр дор булгилуулж, цаашлаад хотын иргэдийг дэлхийтэй холбох, олон улсыг хамтатган нөхөрлүүлэх гүүр, элч нь болж амьдарчээ. Чухамдаа түүний энэ л санааг ISAIA брэнд онцлохыг хүсэж хувцас урлагт шингээн дэлгэв. Цуглуулгаа гаргахын өмнө ISAIA брэндийн гүйцэтгэх захирал Жианлука Исаиа "Неаполь бол энгийн нэг хот биш, харин дэлхийг тольдон харж болох хот юм гэж хэлэхийг дуучин Пино Даниел хүссэн. Түүний хөгжим Неаполь хотыг дэлхийн соёлын төв болгоод зогсохгүй манай гарагийн өнцөг булан бүртэй харилцах боломжийг олгож өгсөн” хэмээв.


Эцэстээ Пино Даниелийн амьд ахуйдаа дуулж байсан дууны цоморлог, ISAIA брэндийн эрчүүдэд зориулсан төгс эсгүүр, ая тух, Италийн Неаполь хотын хэмнэл, шүрэн эргийн далайн ус нарны алтлаг туяанд болортон солонгорох өнгө, олон зууныг илээсэн чулуун баримал, эсрэгээрээ тэдний соёлоос ангид хэр нь үргэлж дотно Румба бүжиг гээд энэ хотын тоочоод барахгүй эсрэгцэл болон найрслыг ISAIA танилцууллаа.
Хавар-зун 2025 улирлын цуглуулгын өнгөний хослолуудыг ажвал уламжлалт болон динамизмыг илтгэх тод өнгөнүүдийг сонгосон байна. Үүнд саарал өнгийг усан ногоон эсвэл гүн ногоон өнгийг цикламен цэцгийн ягаан өнгөтэй, дарсны гүн улаан өнгийг авио ногоон гэх мэт палитруудтай нэгтгэжээ. Энэ өнгөний хоршлууд нь урин дулаан цагийн зөгнөж, даавууны өнгө гаргалт, уусалт нь зөвхөн Неаполь хотоос харж болох байгалийн онцлог өнгөнүүдтэй ижил.
Орчин үеийн дэгжин байдлыг, тав тухыг эрэлхийлсэн нь ISAIA брэнд "COMFORT PROJECT" дүрмээ ахин төгөлдөржүүлж, сунадаг даавуу, нимгэн материалтай хүрэм, агаарыг саадгүй нэвтрүүлэх цув зэргийг багтаасан бөгөөд ингэхдээ брэндийн гол үндэс болох тейлор хийцийн хослолуудаараа дамжуулж цэмцгэр дүр төрхөө мөн л хадгалсан хэвээр.
Тусгайлан залууст зориулсан өргөн захтай цув, тод өнгийн хамба хилэн хүрэм танилцуулагдаж байгаа нь тус брэндийн онцлох шийдэл болж, энэ зун ISAIA брэнд эрчүүдэд үнэ цэнэ, тав тухыг амлаад зогсохгүй хөнгөхөн амралт, зуны налгар Итали орныг санал болгох шиг боллоо.



































ISAIA Mongolia
Утас: 77110050
Хаяг: Шангри-Ла, 1-р давхар, ISAIA дэлгүүр
Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт