MPDU Digital Fashion Week: Muse Art House брэндийн "ЭГЭЛ" богино хэмжээний кино
Шинэ цуглуулгыг танилцуулсан загварын богино хэмжээний кино
Гаргаж буй цуглуулга бүртээ гүн утга санааг шингээж, зүгээр ч нэг хувцас биш, харин өмссөн хүнийхээ дотоод мөн чанарыг илтгэж чадах "амьтай" бүтээл урлахыг зорьдог дизайнер Г.Цас шинэ цуглуулгаа "ЭГЭЛ" хэмээх богино хэмжээний киногоор дамжуулан маш бүтээлч байдлаар танилцууллаа. "Дэлхийн даяарчлал, дэлхийн хүн байх сэтгэлгээний эрх чөлөө, арьс өнгөний үзэл бүхний эцсийн зогсоол юу байв... Гоё сайхан, чамин тансаг бүхэн энгийнээс эхлэн энгийн эгэлд оршдог" гэсэн санаанаас улбаалан Г.Цас хавар-зун 2020 улиралд зориулан биед эвтэйхэн, минимал хийцтэй, энгийн загваруудыг бүтээжээ.
Уран бүтээлч Ч.Очгэрэлийн гол дүр бүтээсэн "ЭГЭЛ" богино хэмжээний киноноос бид Muse Art House брэндийн шинэ загваруудыг олж харахаас гадна дизайнер Г.Цасын хүргэхийг хүссэн санааг бүрэн гүйцэд ойлгож, жүжиглэлт, ая, орчин зэрэг цогц өгөгдлийн тусламжтай тэрхүү "эгэл ертөнцөд" бүрэн автах боломжтой байлаа. Энэ утгаараа цуглуулгыг ийнхүү олон талт, баялаг байдлаар танилцуулсан нь Монголын загварын салбар дахь шинэлэг шийдэл болсон юм. "Өөрийгөө бусадтай бүү зүйрлэ, чи бол цор ганц", "Бусдын солонгод удсанаас өөрийн ганц өнгийг авч үлдэх нь эрх чөлөө", "Эгэл бүхэнд их хүч оршдог" гэх үгс киноны дундуур тодрон гарч ирэх бөгөөд үүгээрээ дизайнер хүн бүрт өөрийгөө байгаагаар нь хайрлаж, энгийн жижиг зүйлсээс ч таашаал мэдэрч байхыг сануулж байв.
Харин загваруудын хувьд "Ursa Major" буюу "Долоон бурхан од" хэвлэлтэй даашинз мэт торгон урт футболканууд, Дарь эхийн дүр бүхий хэвлэлтэй сул футболканууд, ямар ч хувцсан дээр давхарлах боломжтой хагас гэрэлтэх торон хантаазнууд, гоёмсог хатгамалтай торгон пиджакууд гээд шинэ цуглуулгад үндэсний хэв маяг болон орчин үеийн минимал стиль хослон оржээ. Хөдлөхөд саад болохгүй, биед эвтэйхэн атлаа алхах үед галбир тодотгон гоёмсгоор намирах торгон урт загварууд, үндэсний босоо захтай сул хантаазнууд, илүү дутуу детальгүй атлаа хээнцэр харагдуулах хатгамалтай пиджакууд зэрэг нь дизайнерын тодотгохыг хүссэн эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө өвөрмөц байх санааны төгс илэрхийлэл болсон байна.
"Оршихуйд оюун санааны нислэг үйлдэж буй эс оршихуйд хүрэн тэмүүлэх бидний зүйл эцэстээ энгийн эгэлд нийцдэг. Сүүлийн мөн чанарт энгийнд бид шунан дурлаж амгалан сайхныг мэдэрдэг" хэмээн дизайнер Г.Цас "ЭГЭЛ" төслөө тайлбарласан юм.
Онцлох загварууд: "Долоон бурхан од" бүхий торгон урт футболка, Цагаан дарь эхийн хэвлэлтэй футболка, торон хантааз, хатгамалтай торгон пиджак, зуны цув
Үндсэн өнгүүд: Цагаан, хар, beige
Ашигласан материалууд: Торго, хөвөн даавуу, торон материалууд
Нүүр будалт ба үс засалт: Байгалийн зөөлөн дүр төрх
Зураг авалтын байршил: MUSE GALLERY, MUSE ART HOUSE урлан, Улаанбаатар хотын төв цэг.