Романтик, готик өнгө аястай Dior-ын шинэ цуглуулга
Dior загварын ордон Resort 2025 улирлын цуглуулгаа дөрвөн зууны түүхтэй Шотландын Драммонд ордонд зохион байгууллаа. Брэндийн хувьд Шотланд улсад 70 орчим жилийн өмнө цуглуулгаа танилцуулж байсан ба энэ удаа тус улсын өв уламжлал, түүхийн товчоонд дахин хүндэтгэл үзүүлэх зорилгоор загварын шоуныхаа байршлаар сонгожээ. Бүтээлч захирал Мариа Грациа Кьюри цуглуулгад багтсан загваруудыг урлахдаа 1947 он руу буцаж загварын ертөнцөд хувьсал авчирсан Кристиан Диорын New Look буюу элсэн цаг хэлбэрийн силуэтээс урамшсан байна.
Шинэ цуглуулгад давамгайлсан нэвт гэрэлтсэн тунгалаг материал, бэлхүүс тодотгосон эсгүүр, цацган чимэглэл зэрэг нь романтик өнгө аясыг илтгэх бол мөнгөлөг тоноглол, тэгш бус хэм, бөмбөгөр ханцуй, хар давамгайлсан өнгөний хоршил нь готик мэдрэмжийг төрүүлж байлаа. Мөн дизайнер зарим хувцсан дээрээ “үглээ”, “захирангуй”, “ааштай”, “сүржин” гэх мэт эмэгтэй хүмүүсийн амьдралдаа ядаж нэг удаа сонсож үзсэн үгсийг хэвлэж феминист үзлээ сурталчлах оролдлогыг хийжээ. Үүнээс гадна цуглуулгын чухал шинж чанарыг максималист хэв маягтай аксесуарууд бүрдүүлж байв. Эндээс сувдан шигтгээтэй чокер, үсний хавчаар, тэлээ, бугуйвч, шигүү тоноглолтой цүнх, берет малгай, гивлүүр, урт оймс гээд төрөл бүрийн аксесуарыг олж харах боломжтой. Resort 2025 цуглуулга Мариа Грациа Кьюригийн өмнө нь гаргадаг байсан загваруудаас илүү сахилгагүй, чөлөөтэй байдлаараа ялгарч байгаа юм.
Арга хэмжээнд Женнифер Лоуренс, Аня Тейлор Жой, Алекса Чан, Розамунд Пайк, Лили Коллинс гэхчлэн маш олон алдартнууд хүрэлцэн ирж загварын шоуны нэгдүгээр эгнээнээс шинэ цуглуулгатай танилцсан билээ.