2023 оны “it” загвар макси юбкаг хэрхэн загварчлах бэ
Загварлаг төрх бүрдүүлэх хялбар аргачлалууд
2022 онд Miu Miu брэндийн танилцуулсан мини юбкагаас улбаалан мини силуэтүүд загварын тайзыг эзэгнэсэн бол энэ оны “it” зүйлээр газар шүргэм урттай макси загвар тодроод байна. Diesel, Maison Margiela зэрэг брэндүүд этгээд гранж хувилбарууд урласан бол The Row, Saint Laurent загварын орднууд илүү сонгодог загваруудыг танилцуулсан билээ. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Gucci брэнд намар-өвөл 2023 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгадаа ч хүртэл макси юбкаг багтаасан нь хүйсгүй загварын хөгжилд хувь нэмрээ орууллаа. Өнөө үеийн хамгийн загварлаг хувцсаар тодроод буй макси юбкаг өмсөхөд тодорхой дүрэм үгүй бөгөөд футболка ба кет, өндөр өсгийт ба богино топ, ноосон цамц ба комбат гутал гээд ямар ч байдлаар загварчилж болдог давуу талтай.
Преппи төрх бүрдүүлэх
Хэдхэн хоногийн өмнө Gucci брэнд намар-өвөл 2023 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгадаа судалтай поло цамц, саарал өнгийн макси юбка, лофер гутлыг хослуулан өдөр тутамд хэрэгжүүлж болохуйц ухаалаг, преппи төрхийг харууллаа.
Футболкатай хослуулах
Martine Rose брэндийн намар-өвөл 2023 загварын шоунд спортлог футболкаг нарийн судалтай макси юбкатай хослуулсан нь ажил хэрэгч атлаа street төрхийг бүрдүүлсэн юм. Хэрэв та чөлөөт байдлаар хувцасладаг нэгэн бол энэхүү хувилбарыг хэрэгжүүлээд үзээрэй.
Богино топ+макси юбка
Хувцаслалтад эсрэг тэсрэг зүйлсийг хольж контраст үүсгэх нь хэзээд зөв шийдэл болж чаддаг. Иймд макси юбкаг, богино топтой хослуулан биеийн галбираа тодотгосон төрх бүрдүүлээрэй. Ингэхдээ загварын блогерууд, загвар өмсөгчдөөс бүтээлч сэдэл авахыг зөвлөж байна.
Y2K төрх
Макси юбкаг загварчлах өөр нэг хялбар арга бол Y2K төрх бүрдүүлэх юм. Учир нь урт юбка нь 2000-аад онд ид моданд орж байсан бөгөөд ингэхдээ тэлээ, платформ ултай гутал, нарны том шил, жижиг гар цүнх зэрэг аксесуаруудтай хослуулаарай.
Өглөөнөөс үдэш хүртэл
Макси юбка нь завгүй амьдралын хэв маягтай эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой сонголт болж чаддаг. Шулуун эсгүүрийн урт юбкаг ноолууран свитер, пиджак, үслэг хүрэм зэрэг сонгодог загваруудтай хослуулан өглөө оффистоо очихоос эхлээд үдшийн хүлээн авалтад оролцохдоо хүртэл загварчлах боломжтой.
Монохром төрх
Хөлөөс толгой хүртэл нэг өнгөөр дагнан хувцаслахад буруудна гэж хэзээ ч байхгүй. Тэр дундаа цагаан, beige, хар зэрэг үндсэн өнгүүдээс сонголтоо хийх нь хормын зуур хээнцэр, тансаг төрхийг бүрдүүлнэ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт