Хайх

Хаясан хувцас тань хаачдаг вэ?

Хаясан хувцас тань хаачдаг вэ?

Velin сэтгүүлийн анхны дугаарт багтсан нийтлэлээс хүргэж байна

Text: Б.Энххүслэн


Бид дөрвөн хананы дунд амьдарсаар эх дэлхийгээ өөрсдийн цор ганц гэр гэдгээ мартчихав уу? Яг одоогоос ухамсартай бөгөөд тогтвортой хэрэглээ рүү хэрэглэгч, бизнес эрхлэгч нар хоёул шилжих нэн шаардлагатай байна. Загварын салбар зангуугаа буулгая!

Чөтгөр бидний дунд оршдог. Энэ бол хүүхэд байхдаа айдаг байсан “хадны мангаа” ч биш, аймшгийн кинон дээр гардаг урт үс, цагаан даашинзтай сүнс ч биш, харин секунд тутамд нэмэгдэж, эх дэлхий ч дааж хүчирхээ больж буй хувцасны хог хаягдал юм. Загварын салбарын нүдний өмнө ил байдаг гял цал хэсгийн цаана хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх хог хаягдал нуугдаж байдаг. Энэхүү салбарын нэг жилд үйлдвэрлэх хувцасны тоо нь 100 тэрбум хүрч, сүүлийн 20 жилийн хугацаанд гарсан үзүүлэлтийг хоёр нугалан, дэлхийн хүн амын өсөлтийн хурдыг ч хол даваад байгаа юм. Хүний хэрэгцээнээс хэтэрсэн энэ их үйлдвэрлэлт, хэрэглэгчид нь таалсан л бол худалдан авдаг ухамсаргүй үйлдэл болон чанараас тоог илүүд үзэж, байгальд ээлтэй болгохоос илүү ашиг хонжоог урдаа тавьж байгаагаас үүдэн жил бүр 90 сая тонн хувцас хогийн цэг рүү ачигдаж байна. Ийм их хэмжээний хог хаягдлыг нэг эгнээнд жагсаах юм бол дэлхийгээс сар хүртэлх замыг нийт есөн удаа туулсантай тэнцэх урт цуваа болно гэвэл та итгэх үү? Харин эдгээр хог хаягдлын дийлэнх хор уршиг нь хэдхэн улсын нуруун дээр ачаа болон ирдэг байна.

Хаясан хувцас тань хаачдаг вэ? (фото 1)

АНУ, Европ, Австрали, Канад зэрэг тив, орнууд хогийн цэг дээр, эсвэл хандивын байгууллагуудад цугларсан хуучин хувцасныхаа 70% орчим хувийг Африк тивийн хэд хэдэн улс руу экспортолсоор ирсэн. Ингэснээр өндөр хөгжилтэй улсууд хогоосоо салж, харин импортлогч орнууд нь татвараасаа ашгаа хүртэн, цаашлаад хувцас худалдаалах бизнес хөгжиж, ажлын байрууд үүсэх ч гэсэн маш их сөрөг үр дагавартай юм. Тухайлбал, Дорнод Африкт оршдог Кени улс хуучин хувцасны импортоороо дээгүүр зогсдог. Кенийн нийслэл Найробид байрлах Той бол дэлхийн хамгийн том захуудын нэг бөгөөд тэнд жил бүр 140,000 гаруй тонн хуучин хувцас зөөвөрлөгдөж, 30,000 гаруй хүн амьжиргаагаа залгуулдаг билээ. 25 орчим жилийн өмнө л гэхэд Той зах дээр зогсох наймаачид гарын арван хуруунд багтдаг байж. Харин одоо худалдаачдын тоо нэмэгдсэн ч хувцасны чанар тухайн үед байснаас хавь дорджээ. Дөрвөлжилж багласан богцыг онгойлгоход 50-70% нь хогийн цэгт хаяглагддаг. Хогийн цэг нь харин хотоос хэдэн зуун километрийн цаана ч биш, харин ядуусын хорооллын зам дагуу, гол дотор, гэрийн хажуугийн хоосон талбай гэх мэт газруудад байрладаг байна. Хот дотроо нөхцөл байдал сайнгүй байхад хотоос гадна ямар байгаа нь ойлгомжтой биз. Найробигаас ердөө 16 километрийн цаана Дорнод Африкийн хамгийн том Дандора хогийн цэг байршдаг бөгөөд тэнд өдөр бүр 2000 тонн буюу 140 гаруй ачааны машин дүүрэн хог зөөвөрлөгдөн ирдэг юм. Тэдгээрийг ихэвчлэн ландфиллын аргаар дарж булан, эсвэл шууд шатааж устгадаг байна. Харамсалтай нь шаталтаас гарах утаа бол амьсгалын замын өвчлөл, хорт хавдар үүсгэх эх үүсвэр болдог бөгөөд энэ шалтгаанаар Кени улсын төв эмнэлэгт зөвхөн Дандорагийн оршин суугчдад зориулсан тусгай тасаг хүртэл нээсэн байдаг. Дандора дахь хогийн цэгийг аль 2001 онд хүчин чадал нь дүүрсэн гэж тооцсон ч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар л байна.

Хаясан хувцас тань хаачдаг вэ? (фото 2)
Дандора хогийн цэг, Найроби хот, Кени улс
Хаясан хувцас тань хаачдаг вэ? (фото 3)
Той зах, Найроби хот, Кени улс

Эдгээр хогийн цэгүүд нь байгальд сөргөөр нөлөөлж буйг илтгэх зөвхөн нүдэнд ил харагдах өнгөн хэсэг нь юм. Учир нь орчин үед үйлдвэрлэгдэж буй нийт хувцасны гуравны хоёр нь хуванцар материалаас бүтсэн байх бөгөөд тэдгээрийг үйлдвэрлэж, бэлэн болсон хувцсыг нь өмсөж, угааж, цэвэрлэх тоолонд хүний нүдээр харахад бэрх таван миллиметр бүхий бичил хуванцрууд бидний амьсгалдаг агаарт, иддэг хоолонд, ундаалдаг гол усанд задран орж байдаг. Уг материалыг химийн аргаар гаргаж авсан хиймэл мяндсаар хийдэг бөгөөд хүмүүс полиэфир, нейлон, хиймэл торго гэсэн төрлүүдээр нь андахгүй. Энэ нь байгальд хэзээ ч бүрэн шингэдэггүй ба дэлхийн бичил хуванцрын бохирдлын 35%-ийг бүрдүүлдэг нь хамгийн том эх үүсвэрт тооцогддог юм. Өөрөөр хэлбэл, нэг жилд л гэхэд байгальд 2.2 сая тонн бичил хуванцрууд цацагдаж байгаа бөгөөд уг үзүүлэлтийг 110,000 тоо толгой цэнхэр халимтай дүйцүүлэн баримжаалж болно. Түүнчлэн энэхүү бохирдлоос шалтгаалан хорт хавдар, нөхөн үржихүйн өвчлөл, ДНХ-ийн гэмтэл зэрэг өвчлөлийн суурь тавигдах боломжтой юм. Гэхдээ АНУ-ын Үндэсний байгаль орчны боловсролын сангаас бичил хуванцрын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай нэмж судлах шаардлагатайг тэмдэглэжээ. Ингээд бодоход арав ч хүрэхгүй удаа өмсөөд хаясан хувцас тань нүднээс далд Африк тивийн хэдэн улсуудад очиж булагдлаа гээд хор уршгаас нь хүртэхгүй өнгөрнө гэж байхгүй байх нь.

Хаясан хувцас тань хаачдаг вэ? (фото 4)
Далайн усны дээжээс авсан микро хуванцар материал (Хэмжээ: 300µm)

Нөхцөл байдал улам дордож, загварын салбарыг удаашруулахыг шаардсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр тансаг зэрэглэлийн болон “fast fashion” брэндүүдийн дунд яаж ийж байгаад байгальд ээлтэй талаа нотлон харуулах нь мода болоод байна. Гэхдээ тэд үнэхээр л хүрээлэн буй орчныхоо төлөө дорвитой алхам хийж байна уу, эсвэл нийгмийн сэтгэлгээнд тааруулан борлуулалтаа нэмэх зорилго өвөртөлсөн үү гэдэг нь Их Британид төвтэй Хувьсаж буй зах зээлийн сангаас нийт 50 брэнд хамруулан хийсэн судалгаагаар ил тод болжээ. Судалгаанаас харахад “greenwashing” буюу “ногоон тархи угаалт” эсвэл “ногоон пи-ар” гэх утгатай шинэ нэршил бий болсон байна. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй ангилалд багтаахын тулд “далайн ёроолд булшлагдсан хуванцар, аль эсвэл дахин боловсруулсан загасны тороор урласан эко цуглуулгаа хүлээн авна уу” гэж сурталчилж байгаа бөгөөд гаргаж авсан материалаа тэд “шинэ эко орлуулагч” гэж дэндүү итгэлтэй нэрийддэг. Угтаа бол энэхүү материал нь байгальд хаягдах хуванцрын урсгалыг бууруулахгүйн зэрэгцээ загварын салбарт ашиглагдаж буй хуванцар материал орсон нийт түүхий эдийг ч багасгаж чадахгүй юм. Үүнээс гадна “sustainable” буюу “тогтвортой” гэсэн тэмдэглэгээтэй хувцсыг хараад л байгальд ээлтэй гэдэгт 100% итгэх хараахан болоогүй байна. Учир нь судалгаанд нийт хамруулсан брэндүүдийн ердөө 38% нь гуравдагч этгээд, эсвэл холбогдох байгууллагаар бүтээгдэхүүнийхээ тогтвортой байдлыг хянуулсан байжээ. Тиймээс хэрэглэгчид олон тооны сурталчилгаанд шүүлтүүртэй хандаж, жинхэнэ байгальд ээлтэй хувцас урлаж байгаа брэндийг бүтээгдэхүүнээ хэр дэлгэрэнгүй тайлбарлаж байгаагаас харах боломжтой. Үнэхээр л ногоон ангилалд орсон бол бахархалтайгаар үүнийгээ зарлаж л таарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх