Velin сэтгүүл: Дизайнер М.Цолмандахтай хийсэн ярилцлага
Монголоос дэлхийн томоохон загварын орднуудтай эн зэрэгцэн үнэлэгдэм цөөн брэндүүдийн нэг бол Tsolo Munkh билээ. Парисын хувцас дизайны Atelier Chardon Savard сургуулийг төгссөнийхөө дараа өөрийн брэндээ үүсгэсэн М.Цолмандахыг хувцас загварын дизайнер гэхээс илүү “хувцас урлаач” хэмээн уран бүтээлч талаас нь нэрлэвэл зохилтой. Учир нь түүний цуглуулгуудад орсон хувцасны загварууд ажиллагаа, жижиг деталь ихтэй, тэр ч хэрээрээ үнэ цэнтэй бөгөөд түүнээс өөр хүн урлаж чадахааргүй онцгой байдаг юм.
Түүний энэхүү амжилтын нууц юунд байдгийг юу үзэж туулснаас нь, хэрхэн амьдарснаас нь ухаж төнхөх санаа өвөртлөн өөрийнх нь бүтээлч орчинд буюу урланд нь ярилцахаар тохирлоо. Бүхэлдээ шилэн ханатай, саруул талбай бүхий түүний урлан контемпорари бэсрэг музей мэт ажээ. Анх Парист сурч байхдаа нэгдүгээр курстээ хийж байсан ажлуудаас нь эхлээд хамгийн сүүлийн цуглуулга хүртэл бараг бүх л урласан ажлууд нь эгнэх агаад аавынх нь зурсан байгалийн зургууд, үлэмж хэмжээний CD-ний цуглуулга, франц хэл дээрх товхимлууд, өмнө хэзээ ч харж байгаагүй загварын арт сэтгүүлүүд хөглөрсөн байх нь үнэхээр л түүний дотоод ертөнцийн томсгосон тусгал мэт байлаа.
"Авьяас чадвараа, өөрийн давтагдашгүй донжоо олсон, хөдөлмөрч тууштай нэгнийг мэргэжлийнхэн хараандаа авчихсан байдаг"
Цолмандахын аав нь зураач, барималч, ах нь мөн зураач учраас багаасаа л урлагтай ойр өссөн нэгэн байв. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа сурлага сайн байсны үндсэнд их сургуульд асуудалгүй элсэж, дөрвөн жил сурсны эцэст эрхзүйч мэргэжил эзэмшсэн аж. “Үнэндээ тэр үед суралцаж байгаа мэргэжилдээ өдөр бүр шахам харамсаж амьдарсан даа. Хотод би ахындаа амьдарна. Ах маань зураач хүн болохоор гэртээ хөгжмөө тавиад зургаа зурна, би харин хууль уншаад л сууж байдаг байсан. Манай үеийнхний онцлог ч гэмээр зүйл нь эцэг эхийнхээ үгийг барагтай л бол сөрдөггүй байсан учраас хуулиараа сураад эрхзүйч мэргэжлээр төгссөн” хэмээн оюутан насны амьдралаа дурсаж байна. Цаашдаа гадагшаа магистрын хөтөлбөрт суралцахаар төлөвлөн Франц улсыг зориод өөрийн чин хүслийг даган хувцас дизайнерын мэргэжлээр сурч эхэлсэн гэнэ. Загварын сургуульд элсэх үедээ тэрээр 30 настай байсан учраас Монгол дахь ар гэр, найз нөхөд, хамаатан садны зүгээс их л шүүмжлэлтэй тулгарсан аж. Угаас л ийм насан дээрээ шийдэмгий алхам хийх зориг баргийн хүнд байхгүй шүү дээ. Тухайн үед мөн манайхан нийтээрээ хувцас дизайнерын мэргэжлийн утгыг ойлгодоггүй, мэддэггүй байсан нь их дарамт болдог байсан ба Монголд буцаж ирчхээд брэндээ үүсгээд шаргуу ажиллан байхад нь “Миний охин ингэж зовж түрээс төлөөд, олон хүн цалинжуулж байснаас зүгээр хувцас засвар нээсэн нь дээр биш үү” хэмээн ээж нь ятгадаг байсныг инээмсэглэн дурслаа.
Бид цаашлан Atelier Chardon Savard сургуульд хэрхэн орсон талаар нь лавлалаа. “Францад, ялангуяа Парист маш олон загварын сургууль байдаг. Жил бүр хавар намрын улиралд сургуулиуд өөрсдийгөө сурталчлах зорилгоор оюутнуудынхаа хийсэн ажлуудыг танилцуулах өдөрлөг зохион байгуулдаг. ESMOD, Studio Berçot гэхчлэн бүх л сургуулийн павильоноор явсан. Ер нь хараад байхад Atelier Chardon Savard бусдаасаа эрс ялгагдам мэдрэмжтэй, бүтээлч, цаанаасаа л урлагийн хүмүүс бэлтгэгдэн байгаа нь илт мэдрэгдсэн юм. Түүнчлэн, эзэд нь хөрөнгө чинээ ихтэй хэр нь сургалтын төлбөрийн хувьд хамгийн хямд нь байсан. Бусад нь харин хэдийгээр франц сургууль ч гэсэн академик онол, уламжлал, улиг болсон зүйлсээр дүүрэн, байдаг л нэг манекенаа хувцаслаад тавьчихсан байсан. Atelier Chardon Savard-ын захирлууд маань үнэхээр урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, суралцагчийн бүтээлч байдлыг бололцоот хэмжээнд нь тултал шахах аргачлалаа аль хэдийн олчихсон мундаг хүмүүс байсан юм. Ер нь Францад хувийн сургуулиуд өөрсдийн онцлог, арга барилаа хэрэгжүүлэх эрх чөлөө нь бүрэн олгогддог учраас сонголт хийх өргөн боломжтой байсан” гээд түүний элсдэг жил 120 оюутан байсан ч 38 нь л төгсөж байсан ба их хатуу бөгөөд өрсөлдөөнтэй гэдгийг нь тодотгон хэлж байна. Түүнчлэн Atelier Chardon Savard бусад сургуулийг бодвол мулаж буюу манекен дээрээ шууд загвараа урлах нарийн төвөгтэй аргыг түлхүү заадаг нь Цолмандахын сонирхлыг ихэд татсан ажээ.
Цолмандах эрт орой хэзээ нэгэн цагт төлбөртэй сургуульд суралцана гээд мөнгө хураадаг байсан ба Atelier Chardon Savard-д элсэхээр шийдээд материалаа өгсөн ч үзүүлж харуулах хийсэн зүйл хуулийн сургууль дөнгөж төгсчхөөд ирсэн түүнд байгаагүй гэнэ. Сургуулийн зүгээс харин долоо хоногийн хугацаанд ямар нэгэн юм хийж ирэхийг даалгаж, тэрээр сайн материалтай хуучин илгэн өмд хайчилж утас хийгээд, нүхэлж цохиод, шил болон шигтгээгээр чимэглэсэн цүнх хийж шалгуулж байжээ. Тэр үед хувцас дизайн гэхээр өөрт төсөөлөгддөг байснаар их л ганган бүтээл хийж өгсөн түүнийг сургууль нь элсүүлж, улмаар дөрвөн жилийн турш сайн багш нарын удирдлага доор бүхий л авьяас, бүтээлч байдлаа нээн илрүүлсэн аж. Гурван жил суралцсаны дараа Festival D’hyeres нэртэй загвар, аксессуар, гэрэл зургийн салбар дахь залуу авьяастнуудыг тодруулдаг хамгийн эртний гэгдэх наадамд түүнийг бэлтгэж эхэлсэн гэнэ. Энэхүү наадамд Цолмандах Үзэгч, олон нийтийн шагналыг хүртсэн нь одоогийн амжилтынх нь үүдийг нээсэн гэхэд болох байх. Үзэгч, олон нийт гэдэг нь бүхэлдээ загварын орднуудын бүтээлч захирлууд, дизайнерууд, консепт дэлгүүрийн эзэд, эсвэл томоохон загварын сэтгүүлийн редакторууд байдаг учраас нэлээдгүй нэр хүндтэй шагнал болдог билээ. Түүнчлэн энд “headhunters” буюу авьяаслаг, ирээдүйтэй гэж үзсэн залуучуудаа загварын зах зээлд холбож өгдөг агентууд олноороо ирдэг бөгөөд тэд Цолмандахын авьяасыг нь үнэлэн загварын салбарт хөл тавихад нь тусалжээ.
Түүний бүтээлүүдийн санаа хэрхэн гарч ирдэг талаар ярилцахад Буддын шашны зарим элементүүдээс бүтээлч санаа авдаг ч хэзээ ч деталь хуулбарладаггүй, мөн санаа нь байнгын бэлэн байдаг бөгөөд түүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байдаг гэнэ. “Оюутан байхдаа санаагаа илэрхийлэхийн тулд их зурдаг байсан ч одоо бол огтоос зурж тэмдэглэдэггүй. Угаас миний хийдэг хувцаснуудыг яаж ч зурах юм билээ дээ. Өөрийн брэндтэй учраас хэнд ч зурж шалгуулах шаардлагагүй байдаг нь амар бөгөөд цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Мөн хувцсаа мулаж маягаар урлаад явж байх дундаа импровизацилаад явчхаж болдог”.
Цолмандахын сурсан сургууль үнэхээр оюутныг байж болох бүх талаар нь шахаж, дотоод ертөнцдөө хэн бэ гэдгийг нь, хувь хүнийх нь давтагдашгүй чанарыг өөрсдөөр нь таниулах аргадаа гаршсан байснаар түүний цуглуулгуудын онцлог шинж бүрэлдэн бий болоход онцгой нөлөөтэй байсан гэнэ. “Тансаг зэрэглэлийн загварын салбар гэдэг асар их мөнгө эргэлддэг, өрсөлдөөн ихтэй учраас энэ салбарт шинээр хөл тавихаар зэхэн байгаа залуу дизайнерууд өөрсдийн гэсэн онцлогоо үргэлж бүтээлдээ шингээж байх шаардлагатай. Өөрөөрөө байж, өөртөө үнэнч үлдсэн, өөрийнхөө уран бүтээлийн онцлог донжийг олж чадсан хүнийг мэргэжлийн хүмүүс хараандаа авчихдаг”. Нэгэнт мэргэжилтнүүдийн хараанд өртөөд, авьяасаа үнэлүүлээд эхэлбэл хөл дээрээ босоход загварын шоу, эсвэл шоурүүм хийх газрын түрээснээс эхлээд урсгал зардлын янз бүрийн асуудалд тус дэм ирдэг бөгөөд холбоо сүлбээ байхгүй бол үйлчлүүлэгчтэй болох бараг боломжгүй болохыг мөн онцолж байна. “Манайд арт хувцсыг хэрэглээ талаас нь биш харин гоёл, аксессуар талаас нь ойлгодог хандлагатай учраас худалдан авагч талаасаа бол хэцүү” хэмээн салбарын insider хүний үүднээс нөхцөл байдлыг тайлбарлав.
"Бүтээлч байдал бол шавхагдашгүй бөгөөд ундарч л байх нь зохистой. Манайхан харин бусад нь нэгнээсээ санаа авчихна, дуурайгаад хуулбарлачихна гэсэн атгаг санаа өвөрлөөд байна уу даа гэж боддог шүү. Үнэндээ тэгж бодож болохгүй"
Нэгэнт art fashion салбарт хөлөө олчихсон, танигдчихсан нэгэн учраас бид түүнээс залуу дизайнерууд, цаашлаад дизайнер болохыг мөрөөдөж буй залууст ямар зөвлөгөө өгөх тухай асуулаа. “Юун түрүүнд цахим эрин үед амьдарч байгаагийнхаа давуу талыг тултал ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хийсэн, урласан бүтээлүүдээ цахим орчинд байнгын байршуулж, тогтвортой бас идэвхтэй байх ёстой. Бүтээлч байдал ер нь бол шавхагдашгүй бөгөөд ундарч л байх нь зохистой. Манайхан харин бусад нь нэгнээсээ санаа авчихна, дуурайгаад хуулбарлачихна гэсэн атгаг санаа өвөрлөөд байна уу даа гэж боддог шүү. Үнэндээ тэгж бодож болохгүй. Мэргэжилтнүүд одоо цагт заавал газар дээр нь очоод үзээд байлгүй интернэтээр ч headhunting хийдэг болсон” гэдгийг аминчирхан захив. Тэрээр цуглуулгаа гаргаад загварын шоу хийлгүй зөвхөн шоурүүм хийгээд захиалгуудаа авдаг. Хувцас загварчлахаас гадна нэн ялангуяа art fashion салбарт тухайн хувцсыг үйлдвэрлэх, урлах мөн хүнд ажил байдаг. Шоурүүмийн дараа захиалгад дарагдах нь ойлгомжтой бөгөөд түүн шиг гар ажиллагаа, нарийн деталь ихтэй кутюрээс ялгагдахгүй загвар урладаг хүн бусад брэндүүд шиг их хэмжээний захиалга авах боломжгүй байдаг гэнэ. Түүнчлэн уг салбар дахь ширүүн өрсөлдөөнөөс үүдээд жилдээ хоёр удаа давтагдашгүй цуглуулга танилцуулах шаардлагатай болдог нь дизайнеруудын сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар ч дурдлаа.
“Хүн ер нь нэг шантраад эхэлчихвэл тэр чигтээ биеийн амрыг хараад буугаад өгчих хандлагатай”
Цолмандахын байгаа төрх, биеийн хэлэмж зэргээс ямар нэгэн хүчтэй францлаг зүйл мэдрэгдэн байгааг анзаарахгүй байхын аргагүй юм. Франц гэдэг нэрийн утгад шулуухан, хурц, дэгжин бөгөөд эрх чөлөөт гэсэн утгууд шингэсэн байдаг ба монгол хүний шаргуу хөдөлмөрч шинжтэй хослон гайхалтай нэгэн бие хүн бүрэлдсэн нь Цолмандах гэлтэй. Энэхүү ярилцлагад дурдсан түүнийг тодорхойлох бүхий л тэмдэг нэрс уран бүтээлүүдэд нь яв цав таарахаар байгаа нь уран бүтээлийн талбартаа өөртөө туйлын үнэнч байж чаддагийг нь батлах аж. “Хүн ер нь нэг шантраад эхэлчихвэл тэр чигтээ биеийн амрыг хараад буугаад өгчих хандлагатай” гээд аль ч салбарт ажилладаг бай сөрөг бодлуудаа дарах тэнхээтэй байхыг сургамжилж бидэнтэй хийсэн яриагаа нэгтгэн дүгнэж байна.