2020 оны гол 10 загварын төрх
Алдартнуудын бүрдүүлсэн гол төрхүүдийг эргэн дурсацгаая
1. Коронавирусээс хамгаалах өмсгөлтэй Наоми Кэмпбелл
АНУ-д хөл хорио тогтоохоос өмнө, гуравдугаар сард Наоми Кэмпбелл олон нийтийн газруудаар явахдаа хамгаалалтын өмсгөл өмсөж амны хаалт, бээлий, тунгалаг шил болон Burberry брэндийн $2000 үнэтэй нөмрөгөөр төрхөө бүрдүүлж байсан нь энэ эриний бэлгэдэл болон загварын музейд байршихаар болсон билээ.
2. Бейонсегийн Black is King цомог дахь бүх төрхүүд
Marine Serre брэндийн хавирган сарны хээтэй бодигоос эхлээд Area хэмээх жижиг брэндийн гялалзсан даашинз хүртэлх Бейонсегийн бүх төрх дуучны шүтэн бишрэгчид төдийгүй загварт хайртай хэн бүхний сэтгэлд хоногшсон билээ.
3. Дуа Липа загварын шүтээн болсон нь
Хөгжмийн чартуудыг тэргүүлсэн Future Nostalgia цомгоо гаргасны дараа Дуа Липа загварын салбарынхны зүрхийг булааж, жинхэнэ загварын шүтээн болж чадсан билээ. Valentino-гийн кутюр цуглуулга дахь цасан цагаан даашинзаас эхлээд Balenciaga-гийн курткаг энгийн UGG гуталтай хослуулсан төрх хүртэлх түүний энэ оны бүх загварын шийдвэрүүд оновчтой байж чадлаа.
4. Камала Харрис
АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхий сайд Камала Харрис сонгуулийн дараа анх удаа олон нийтийн өмнө гарахдаа Carolina Herrera брэндийн цагаан хослол өмссөн нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөөх тэмцлийг бэлгэдсэн билээ.
5. WAP клип
"Эмэгтэй хүний тачаангуй байдлын сүлд дуу" хэмээн Карди Би болон Меган Зи Сталлион нарын WAP бүтээлийг тодорхойлоод байгаа. Клипэн дээрх ирвэсний хээ, ягаан өнгө болон биеийн хэсгүүдийг ил гаргасан богино хувцаснууд нь энэ оны гол төрхүүдийн нэг гарцаагүй мөн юм.
6. Jacquemus-ийн загварын шоу дээрх Жижи
Хөл хорио тавигдахаас өмнө Жижи Хадид Jacquemus брэндийн бодит загварын шоу дээр алхаад амжсан ба алхалтынхаа дундуур гараараа үсээ хойш шидсэн нь Instagram-д жинхэнэ шуугиан тарьсан билээ.
7. RuPaul's Drag Race шоу дээрх Шиа Куле
Дрэг хатан хаан Шиа Куле Америкийн RuPaul's Drag Race шоуны ялагч болсон нь түүний бүрдүүлсэн гайхалтай төрхүүдийн ач юм.
8. Зендая, бас дахин Зендая
"Euphoria" киноноос сэдэвлэсэн гоо сайхны төрхүүд TikTok тавцанг эзэлж, өмнө нь ч загварын шүтээн хэмээн тодорхойлогддог байсан Зендая энэ онд бүр илүү алдартай болсон билээ. Зендая хуурамч могойн арьсан хослол болон Tom Ford брэндийн металлик корсет өмсдөгөөс гадна Versace-гийн 1996 оны даашинз зэрэг винтеж хувцаснуудаар ч бас гоёдог байгаа.
9. Telfar брэндийн гар цүнх барьсан Александрия Окасио-Кортес
АНУ-ын их хурлын гишүүн Александрия Окасио-Кортес бол энэ оны бас нэгэн загварын шүтээн юм. Алтлаг гинжтэй амны хаалт зүүж, бьюти блог хөтөлдөг тэрээр Telfar брэндийн гар цүнх барьдаг нь уг цүнхийг жинхэнэ хит загвар болгосон юм.
10. Мөн мэдээж хэрэг Парист очсон Эмили
Энэ оны хамгийн их хэлэлцсэн фэшн кино бол яахын аргагүй "Emily in Paris" байлаа. Стилист Патрисия Филдийн бүрдүүлсэн Эмилигийн төрхүүд олны дунд шуугиан тарьж чадсан тул ийнхүү энэ жагсаалтад зүй ёсоор багтаж байна.