Christian Dior брэндийн түүхийг өгүүлэх хамгийн том үзэсгэлэн гарна
2019 онд
Дүрслэх урлаг, дизайны Виктория ба Альбертийн музей Dior брэндийн тухай хамгийн том хэмжээний үзэсгэлэнг 2019 оны хоёрдугаар сард нээхээр боллоо. 1947 оноос өнөөг хүртэлх түүхийг харуулах "Christian Dior: Designer of Dreams" нэртэй энэхүү үзэсгэлэнд ноён Кристиан Диор болоод брэндийн бүтээлч захирлаар ажилласан эрхмүүдийн тухай өгүүлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2015 онд гарч байсан "Alexander McQueen: Savage Beauty"-ээс хойш гарч буй загварын анхны томоохон үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд 500 орчим бүтээл тавигдахаас 200 орчим нь кутюр хийцийн ховор бүтээлүүд байх бөгөөд үүнд Их Британийн Маргарет гүнжийн 21 насны төрсөн өдрөөрөө өмссөн "байшин" даашинз, алдарт “Bar” загварын хүрэм зэрэг багтжээ. Түүнчлэн гоёл чимэглэл, сүрчиг, косметик бүтээгдэхүүн, богино хэмжээний кино, таталбар зураг гээд Christian Dior брэндтэй холбоотой бүхий л зүйлс танилцуулагдах болсон байна.
Үзэсгэлэнг хариуцан ажиллаж буй музейн менежер Каллен “Бид энэхүү үзэсгэлэнд бэлдэх явцдаа Кристиан Диор загвар, дизайны хөгжилд ямар их хувь нэмэр оруулсныг олж мэдлээ. Мөн бүх л бүтээлч захирлууд Диорын үнэ цэнийг алдагдуулалгүй удирдан явсан нь үнэхээр гайхалтай. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Dior брэндийн нууц болоод Их Британитай хэрхэн холбогдсон түүхүүдийг дэлгэх болно” хэмээжээ.
Үзэсгэлэн 2019 оны хоёрдугаар сарын 2-ноос долоодугаар сарын 14-нийг хүртэл гарах ба тасалбар ирэх наймдугаар сараас эхлэн худалдаанд гарахаар болжээ.