
Найруулагч Селин Суны ээлжит бүтээл Materialists киноны трейлер цацагдлаа
Өнгөрсөн жил эгэл жирийн атлаа гайхалтай хайрын түүхийг өгүүлэх Past Lives киногоороо багагүй сайшаал хүртсэн найруулагч Селин Суны Materialists нэртэй, романтик жанрын ээлжит бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Тус кинонд Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид гэгддэг Педро Паскаль, Дакота Жонсон, Крис Эванс нар дүр бүтээж байгаа бол үйл явдалд нь 2000-аад оны романтик өнгө аястай бүтээлүүдийг санагдуулам хөгжилтэй, хөнгөн түүхийг өгүүлэх гэнэ. Тодруулбал, Люси (Дакота Жонсон) хэмээх бүсгүй удаан хугацааны дараа яг л өөрийн мөрөөдлийн залуутайгаа учирна. Тэрхүү залууг Харри (Педро Паскаль) гэх бөгөөд чинээлэг төдийгүй тун романтик нэгэн. Гэвч яг энэ үеэр Люсигийн хуучин найз залуу Жон (Крис Эванс) эргэн гарч ирж, улмаар Люсигийн сэтгэл хоёрдож эхэлснээр үйл явдал цааш үргэлжлэх аж.
Materialists кино нь албан ёсоор ирэх зургаадугаар сарын 16-нд кино театруудаар нээлтээ хийхээр болсон байна. Мөн олон нийт тус бүтээлийг 78 дахь удаагийн Каннын кино наадам дээр нээлтээ хийж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт