Дотроос нь харцгаая: Dior брэндийн үлгэрийн мэт үзэсгэлэн
Dior загварын ордон өөрсдийн “Christian Dior: Designer of Dreams” хувцас загварын үзэсгэлэнгээ Токио хотноо толилуулаад байна. Тус үзэсгэлэнд брэндийн 75 жилийн баялаг түүхийг илтгэсэн архивд хадгалагддаг ховор нандин хувцаснууд дэлгэгджээ.
Танхимын эхний өрөөгөөр зочлоход 1940-өөс 1950-иад оны дунд үе хүртэл эмэгтэйчүүдийн хувцаслалтад ноёрхсон нарийхан цулбуурдсан бэлхүүс, урагш түрсэн зэгзгэр цээж, зөөлөн хэлбийсэн мөр, урт дэрвэгэр хормойгоороо танигдах “New Look” загварууд угтан авах аж. Цаашлаад хүрэлцэн ирсэн хүмүүс загварын ордны урлаж байсан бүх төрлийн аксесуар болон гоо сайхны бүтээгдэхүүн бүхий маш өнгөлөг интерьер дизайнтай “Colorama” нэртэй хэсгээр аялах юм. Түүнчлэн брэндийн түүхэн дэх суу ухаант бүтээлч дизайнерууд болох Кристиан Диор, Ив Сен Лоран, Марк Боан, Жанфранко Ферре, Жон Гальяно, Раф Симонс, Мариа Грациа Кьюригийн нэрийн хуудас болсон загваруудтай ойроос танилцах боломжтой. Үүнээс гадна Грейс Келли, Натали Портман зэрэг алдартнуудын эдэлж хэрэглэж байсан цүнхнүүдээс бүрдэх тусгай өрөөг хүртэл байгуулжээ.
"Christian Dior: Designer of Dreams" үзэсгэлэн нь нүд хужирлам дотоод дизайнтай байх ба бүгд Японы алдарт архитектор Шохе Шигэмацугийн бүтээл юм. Шигэмацу хэвлэлд өгсөн ярилцлагадаа Dior брэндийн түүхийг өөрийнхөөрөө дүрсэлж, шинэлэг концепц дор харуулахын сацуу зохион байгуулагдаж байгаа газар болох япон соёлыг давхар тусгасан гэдгээ хэлсэн билээ.