Кендалл Женнерийн Vogue-д өгсөн илэн далангүй ярилцлагын хэсэг ба үзэсгэлэнт зураг авалт
Модель ижил хүйстэн гэх цуурхлыг няцааж, амьдралд ямар зорилготой байдгаа хэллээ
Загвар өмсөгч Кендалл Женнер Америкийн Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын гол дүрийн бүсгүйгээр сонгогджээ. Сэтгүүлийн нүүр хуудас болон Кендаллын ярилцлагыг дагалдах зураг авалтыг алдарт хос зурагчин Мерт Алас ба Маркус Пигготт нар хийсэн байна.
Сэтгүүлийн зурагнууд дээр Кендалл Dolce & Gabbana, Valentino, Rodarte, Alexander McQueen, Chanel, Gucci, Maison Margiela брэндүүдийн шинэ загваруудыг амилуулснаар яг л халуун орны өнгөлөг, дахин давтагдашгүй шувуу мэт харагдаж байлаа.
Дэлхийн хамгийн өндөр цалинтай модель тэрээр Vogue-д зориулж дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө өөрийн хувийн амьдрал ба карьерийн сэдвээр илэн далангүй ярьжээ. Кендалл олны анхаарлаас илүү нуугдмал амьдрахыг хүсч буйгаа онцолж, загвар өмсөгчийн карьерийнхээ хурдыг хасч, үүний оронд өөртөө илүү их цаг зав зарцуулж, морь унаж, амьдралаас таашаал авахаар шийдсэнээ хэлсэн юм.
"Амьдралын эцэст чи өдөр бүр ажилласан эсэхээ төдийлөн хайхрахгүй. Харин чиний хүмүүстэй бий болгосон харилцаанууд, хайр ба итгэл нь хамгаас чухал байх болно. Эцэст нь чи ийм л зүйлийг нандигнаж, үнэлнэ. Чи ардаа юу үлдээх нь л чухал. Энэ миний миний гол зорилго юм" хэмээн Кендалл хуваалцсан байна.
Мөн сэтгүүлч түүнээс цахим сүлжээнд тархаад буй түүнийг ижил хүйстэн гэх цуурхлын талаар асуутал Кендалл хариуд нь инээж "Магадгүй би бусад эгч нараасаа арай өөр тул ийм цуурхал гардаг байх. Тэд ихэвчлэн ‘Энэ би байна. Харин энэ бол миний найз залуу байна' гэх мэтээр илүү нээлттэй амьдардаг. Харин намайг найз залуутайгаа хамт байхыг хэн ч харж байгаагүй болохоор ийм цуурхал тархсан. Би залуутай уулзахдаа бусдын хараанаас хол байж, нуугдахыг хичээдэг. Миний биед ямар ч бисексуал эсвэл ижил хүйстэн яс байхгүй гэж бодож байна. Гэхдээ хэн мэдлээ. Надад үүнийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Би шинэ туршлагад үргэлж бэлэн байдаг. Гэхдээ надад хэзээ ч тийм туршлага байгаагүй ээ. Ерөнхийдөө би нэг төрлийн эрэгтэй энергитэй гэдгээ мэднэ. Гэхдээ би үүнийг буруу ойлгуулмааргүй байна. Энэ нь би трансжендер эсвэл ижил хүйстэн гэсэн үг биш. Би хатуужилтай энергитэй. Би арай өөрөөр сэтгэж, хөдөлдөг" гэж хэлжээ.