LVMH Prize 2018 тэмцээний ялагчаар Японы гудамжны брэнд тодорлоо
Масаюки Иногийн ялалт гудамжны хувцасны ноёрхлыг үргэлжлүүлж байна
Залуу дизайнеруудад зориулсан энэ жилийн LVMH Prize тэмцээний ялагчаар Японы гудамжны хувцасны Doublet брэндийн дизайнер Масаюки Ино тодорчээ. Шагнал гардуулах ёслолын үеэр ялагчийн шагналыг жүжигчин Эмма Стоун гардуулсан байна. Тэмцээний нөхцөлийн дагуу Масаюки Ино өөрийн брэндийн хөгжүүлэлтэнд зориулагдсан € 300 000 хүртсэн бөгөөд LVMH хамт олны зүгээс нэг жилийн хугацаанд зөвлөгөө, туслалцаа хүртэх тусгай хөтөлбөрт хамрагдах юм.
"Масаюки Иногийн шинийг сэтгэх чадвар, дизайн гаргах орчин үеийн арга барил нь биднийг үнэхээр гайхшруулсан" хэмээн тэмцээний үүсгэн байгуулагч ба LVMH группийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Делфин Арно шүүгчдийн шийдвэрийг тайлбарлажээ.
"Хамгийн сонирхолтой нь түүний хувцаснуудыг өлгүүрт өлгөөтэй байхад нь харах нэг өөр, хөдөлгөөнд харах нь бас өөр. Загвар өмсөгчид Иногийн хувцсыг өмсөн алхахад хувцас тэс ондоо байдлаар амилж, маш хөнгөн бүтцийнхээ ачаар өвөрмөц, орчин үеийн мэдрэмж төрүүлдэг нь гайхалтай" гэж шүүгчдийн багын гишүүн, дизайнер Николя Жескьер нэмж хэлсэн байна.
Масаюки Ино Doublet брэндээ 2012 онд Токио хотод үүсгэн байгуулсан. Энэ брэнд нь авангард болон гудамжны хэв маягийг хослуулсан эрэгтэй хувцас гаргадаг билээ.