Хайх

Монголын загварын ертөнц гашуудаж байна

Монголын загварын ертөнц гашуудаж байна

Text: Г.Тэмүүлэн


Өөрийн гэсэн давтагдашгүй, онцгой хэв маягаараа Монголын загварын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан дизайнер Б.Энхбаатар буюу Кадр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхон болон загварын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Б.Энхбаатар 1988 оны наймдугаар сарын 8-нд Даланзадгад хотод Бат-Өлзийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1997-2001 онд Оюуны ундраа 22-р бага сургуулийг, 2002-2005 онд Хөгжим бүжгийн коллеж, 2006 онд 47-р сургуулийг тус тус дүүргэж, 2008-2012 онд Соёл урлагийн их сургуулийг дизайнер мэргэжлээр төгссөн. 2008 оноос эхлэн Монгол костюмс ХХК-д зохион бүтээгчээр, мөн БНХАУ-д хувцас, загварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Энэ хугацаанд Бөртэ чоно гоо марал, Их Юань гүрэн, Алтан орд, Цагаадайн улс, Могулын эзэнт гүрэн зэрэг түүхэн коллекциуд, Могулын охид, Салхи, Галт Шувуу, Намрын өнгө, Тара гэхчлэн үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулсан гоёлын болон өдөр тутмын цуглуулгуудыг урлан танилцуулсан байдаг.

Мөн тэрээр 2017 оноос эхлэн өөрийн нэрийн KADR брэндээ үүсгэн байгуулж, улирлын шинэ коллекциудаа танилцуулж дотоодын загварын ертөнцөд дутагдаад байсан зоримог бөгөөд шинэлэг өнгө аястай бүтээлүүдээрээ өөрийн гэсэн орон зайг бий болгосон юм. Кадрын цуглуулгууд үзэсгэлэнтэй, нарийн детальтай, уран хийцтэй байхын сацуу утга санааны хувьд ч яруу төгөлдөр байсаар ирсэн нь түүний уран сэтгэмж, авьяас чадварт хил хязгаар үгүйг бүтээл бүрээрээ батлан харуулсан билээ.

Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 1)
MPDU Fashion Week 2021
Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 2)
MPDU Fashion Week 2021
Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 3)
KADR brand x Swarovski, Chayodu 2022
Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 4)
KADR brand x Swarovski, Chayodu 2022
Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 5)
KADR brand x Swarovski, Chayodu 2022

Дизайнер Кадр салбартаа ч тэр, найз нөхдийнхөө дунд ч тэр нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд дотнын андууд нь түүнийг хэрхэн дурссаныг сийрүүлье.


Michel & Amazonka-гийн харьяа M&A Studio брэндийн дизайнер Бигнүүт:

“Манай Кадр их олон цуглуулга гаргаж байснаас хамгийн тод санадаг нь Галт Шувуу. Энэ цуглуулга дээр оюутан байхдаа хамт ажиллаж, найзаараа бүгдийг заалгуулж билээ. Манай Кадр арслангийн орд. Би найзыгаа жинхэнэ гал шиг дүрэлзсэн арслан, хэзээ ч унтаршгүй галт шувуу шиг төсөөлж бодож явдаг. Эцсээ хүртлээ найз минь өвчинтэйгөө тэмцэж галт шувуу шиг дүрэлзсээр тэнгэр өөд нислээ. Би гашуудаж байна. Гэхдээ гашуудахын оронд сайхан нөхөрлөсөн, сайхан дурсамж, хором мөч бүрээ нандигнан дурсах нь илүү зөв санагдаж байна. Сайхан найзалсан. Сайхан амьдарсан. Сайхан үдэж өгнө өө. Миний найз хэзээ ч уурладаггүй, үргэлж инээмсэглэдэг байсан. Хайртай шүү Энхбаатараа”.

Scuti Make up Studio, Э.Эрдэнэсувд:

“Миний найз загвар зохион бүтээгч Кадрын маань урласан загвар бүр эмэгтэй хүний давтагдашгүй гоо үзэсгэлэн, хүмүүний эрх чөлөө, өөдрөг үзэл, юунд ч хайрцаглагдахгүй оршихын мөн чанар болон үүний амтыг түгээн дэлгэрүүлэхэд оршдог байсан. Нийгмээс ангид сэтгэгч, жинхэнэ уран бүтээлч билээ. Бодь биеэрээ та бидний сэтгэлд цэцэглүүлсэн тэр хайрын төглийн халуун дулаан салхи хатуу орчлонг туулахад зөөллөн биднийг илбэж, хайр түгээж амьдрахыг сануулсаар байх болно оо. Би өнөөдөр дотнын найз, ажлын хүндэт хамтрагчаа дараагийн аялалд нь үдэн мордууллаа. Чи минь чадсан Кадр минь”.

TUVZA брэндийн дизайнер А.Түвшинзаяа:

“Эрхэм хүндэт мэргэжил нэгт хайрт найз Бат-Өлзийн Энхбаатар (Кадр) маань анх Хувцас дизайныхаа сургуулийн жагсаалтыг тэргүүлэн, тэргүүн эгнээнд жагсаж, хувцас загварын урлагт бүхий л зүрх сэтгэлээ өгсөн билээ. Энэ салбартаа нэгэн мэргэжил дор 16 жилийг хамтдаа өнгөрүүлж, загварын салбарт гайхамшигтай бүтээлүүдээрээ олныг байлдан дагуулж, бишрүүлж, эгэлгүй нэгэн гэдгээ үргэлж харуулсаар ирсэн найз минь. Найзынхаа хийж бүтээж, хэлж ярьж байсан бүхнийх нь үргэлжлэл байх болно. Мэргэжилдээ хайртай хүн амьдралынхаа төгсгөлийн мөч хүртэл түүнтэйгээ хамт байдаг. Ум Сайн Амгалан Болтугай".

Загвар өмсөгч, анд найз Г. Оюунгэрэл:

"Өнөөдөр Монголын загварын ертөнцөд маш том гарз тохиолоо. Түүний дахин давтагдашгүй загварууд, зоригтой шийдлүүд, хязгааргүй сэтгэлгээ, онцгой авьяас билэг, хөдөлмөрч ажил мэргэжилдээ хайртай чанар загварын ертөнцөд үүрд үгүйлэгдэх болно. Тэрээр үргэлж инээж үргэлж сайн сайхан зүйлийг хүмүүст мэдрүүлэхийг хичээж ирсэн аугаа сэтгэлтэй нэгэн байсан юм. Дэндүү тод, дэндүү хурдан гялалзаад өнгөрөх Од байжээ чи минь… Монголын загварын ертөнцөд чиний авьяас, өнгө үргэлж үгүйлэгдэх болно".


Монголын загварын ертөнц гашуудаж байна (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх