Загварын тайзан дээрх язгууртнууд: Данийн ханхүү, Грекийн гүнж болон бусад
Залуу язгууртнууд загварын тайзнаа
Саяхан болж өнгөрсөн Dior Homme брэндийн шоуг Дани улсын ханхүү Николай нээсэн нь загварын ертөнцөд олны анхаарлыг татсан үйл явдал боллоо. Гэхдээ язгууртан гаралтай нэгэн загварын тайзан дээр гарч байгаа нь анхны удаа биш юм. Грекийн гүнж Мариа-Олимпия, Английн хатагтай Амилия Виндзор зэрэг язгууртнууд загварын ертөнцөд амжилт үзүүлсээр байна.
Хатагтай Амелия Виндзор
Кентийн гүнгийн ач охин, хатагтай Амелия Виндзор нь өдгөө 22 настай бөгөөд 2016 оноос загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн юм. Dolce & Gabbana брэндийн загварын шоунд хоёр удаа алхаж, 2017 оны намар-өвөл улирлын сурталчилгааны нүүр царайгаар тодорч байсан хатагтай Амелия Английн "Storm Management" моделийн агентлагт харьяалагддаг байна.
Данийн ханхүү Николай
1999 онд төрсөн Дани улсын ханхүү Николай 2018 оны эхээр Данийн "Scoop" агентлагтай гэрээ байгуулж, хоёрдугаар сард Burberry брэндийн шоунд анхны гараагаа хийсэн юм. Тэрээр түүнчлэн саяхан болж өнгөрсөн Dior Homme брэндийн шоуны нээлтийг хийсэн ба цаашид өсөх магадлалтай эрэгтэй загвар өмсөгчдийн тоонд ороод байна.
Грекийн гүнж Мария-Олимпия
Өдгөө 21 настай Грекийн гүнж Мария-Олимпия өсвөр насандаа ээжийн хамтаар Valentino, Christian Dior зэрэг брэндүүдийн загварын шоунуудад уригдаж, багаасаа л загварын ертөнцтэй ойр өсжээ. 2017 онд Dolce & Gabbana брэндийн шоунд алхан загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн бөгөөд үүний дараагаар Michael Kors брэндийн сурталчилгаанд тоглон, ах нарын хамтаар Paper сэтгүүлийн зураг авалтанд орж байжээ.
Монакогийн гүнж Шарлотта Казираги
Та бидний сайн мэдэх Америкийн жүжигчин, Монакогийн хунтайж гуравдугаар Реньегийн эхнэр Грейс Келлигийн ач охин Шарлотта Казираги Gucci брэндийн нүүр царайгаар тодорч түүнчлэн Vogue, W зэрэг сэтгүүлийн нүүр хуудсан дээр заларч байжээ. Тэрээр ихэвчлэн фото моделийн чиглэлээр ажилладаг байна.