Залуус загварт: Дизайнерын мэргэжлээр Парист тэтгэлгээр суралцсан Jezel
Ахлах сургуульд байхын л хип-хоп бүжгээр хичээллэж, S.M.O.K брэндэд моделиор ажиллаж, улмаар хувцас дизайнер болох мөрөөдөлдөө хөтлөгдөн ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуульд амжилттай суралцаж төгссөн Д.Ганзул буюу Jezel-ийг бид Залуус загварт булангийнхаа удаах дугаарт оролцууллаа. Тэрээр хувцас дизайнерын мэргэжлээр бакалаврын зэргээ эзэмшсэний дараа Unread медиад гэрэл зурагчин, контент бүтээгчээр ажиллаж байсан юм. Улмаар Францын засгийн газрын тэтгэлэг болон өөрийн элссэн International Fashion Academy сургуулийн тэтгэлэгт хамрагдаж Парис хотод магистрын зэргээ хамгаалжээ. Энэхүү ярилцлагадаа түүний загварын салбарт хөл тавьсан түүхийг, хэрхэн тэтгэлэгт хамрагдах зөвлөгөөг болон бусад мэдээллийг тусгалаа.
Парис явж сурахаасаа өмнө Монголд юу хийдэг байсан талаараа хуваалцаач?
Би 14, 15 настайгаасаа S.M.O.K брэндэд модель, хагас цагаар дэлгүүрийн зөвлөх хийдэг байсан юм. Тухайн үед S.M.O.K, Grandmaster-ын дизайнер О.Анхбаяр ахаасаа хувцасны брэндийн үйл ажиллагаа хэрхэн явдаг тухай, мөн гэрэл зураг, график дизайны талаар маш их зүйл сурсан. Миний ментор, хуурай ах шиг минь хүн байгаа юм. Үүнийхээ хажуугаар улсын хоёр удаагийн аварга Ninjas in Black гэдэг хамтлагт хип-хоп урсгалаар бүжиглэдэг байсан. Ер нь тэндээс л залуучуудын соёл, гудамжны загвартай танилцаж байлаа.
Яагаад загварыг сонгосон бэ?
Аливаа хүний дотор бүтээлч мэдрэмж байгаа л бол тэр нь цаанаасаа ундарч гарах гээд байгаа юм шиг санагддаг. Тиймээс л өөрийн дотор байсан мэдрэмжээ хорьж цагдалгүй гадагшлуулахаар шийдсэн юм. Би өөрийгөө interdisciplinary буюу олон төрлийн мэргэшил дунд хөрвөх дуртай артист гэж тодорхойлдог. Зөвхөн хувцас дизайнер гэхээсээ илүү гэрэл зураг, стайлинг, график дизайн гээд бүх зүйлд өөрийгөө сорих дуртай. Гэхдээ анх загвараар сурна гэхэд аав, ээж хоёр маань дургүйлхэж байсан. Намайг тэд эмч болгоно гэдэг байсан учраас би Анагаахын лицейд хэсэг суралцсан. Гэхдээ эргээд харамсахгүйн тулд ШУТИС руу орох сонголтыг хийсэн гэхэд болно.
Гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгараад буй залуучуудад юу гэж зөвлөх вэ?
Миний бодлоор юун түрүүнд чи өөрөө юу хүсэж, хаашаа тэмүүлж байгаагаа, ямар сонголт хийвэл харамсахгүй гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Болохгүй бол цаасан дээр биччих. Тэгж ухаан бодлоо цэгцэлснийхээ дараа аав ээжтэйгээ ярилцах нь зөв байх. Гэхдээ сэтгэл хөдлөл оруулахгүйгээр дэс дараалалтайгаар хүсэж байгаа зүйлээ, үзэл бодлоо илэрхийлээрэй. Харин сэтгэл хөдлөл оруулаад, пассив байдлаар харилцах юм бол аав, ээж чинь чамайг хүүхдийн нүдээр хараад чихнийхээ хажуугаар өнгөрөөчих боломжтой. Практикал зөвлөгөө гэвэл энэ байна даа.
Хувцас дизайнаар тэтгэлэг авсан үйл явцаасаа хуваалцаач?
Ер нь л хувцас дизайны мэргэжлээр тэтгэлэг авна гэдэг үнэхээр хэцүү санагдсан. Би зөвхөн Франц гэлтгүй FullBright, Chevening гэхчлэн томоохон тэтгэлгийг, мөн хувийн сангуудын тэтгэлгийг судалсан. Гэр бүлийнхнээсээ хамааралгүй бие даагаад явахын тулд, нөгөө талаас өөрийгөө тэдэндээ баталж харуулахыг тулд маш их хичээж жилийн хугацаанд судалгаа хийж, бүртгүүлж байсан. Тэр явцдаа Монголын Засгийн газрын тэтгэлгүүд инженер, улс төр гэхчлэн хатуу бодлогын мэргэжлийг илүү дэмждэгийг ойлгосон л доо. Урлаг, дизайн болохоор хоёр, гуравдугаарт тавигддаг гэсэн үг. Харин аз болж Франц улс урлаг, соёл, загварын төв гэдэг утгаараа хувцасны дизайнер мэргэжилтэй хүүхдүүдийг бодлогоор дэмждэг юм билээ.
Францын Засгийн газрын тэтгэлгийн бүх мэдээлэл Боловсрол, шинжлэх ухааны яам, Францын элчин сайдын яамны вэбсайт дээр байгаа. Гуравдугаар сард эхлээд тавдугаар сард дуусдаг санагдаж байна. Францын талаас дөрвөн оюутан, Монголын талаас дөрвөн оюутан, нийт найман оюутан магистрын түвшинд тэнцдэг.
Тэтгэлгийн материалаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарах вэ?
Мэдээж хэрэг ямар хэлээр сурах гэж байгаагаас шалтгаалан IELTS, TOEFL гэхчлэн шалгалтын оноотой байх хэрэгтэй. Дээрээс нь зорилгоо тодорхойлсон эсээ бичнэ. Эдгээрээс хамгийн чухал нь портфолио чинь болов уу. Миний хувьд бакалаврын зэргээ хамгаалж байсан коллекци, гэрэл зургууд, график дизайны ажлуудаа портфолиодоо багтаасан.
Хувцас дизайнераар суралцахад урсгал зардал хэр их гардаг вэ?
Ер нь сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байсан ч тэтгэлэг авах гээд заавал оролдоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Миний хувьд загварын топ сургуулиудын нэг Parsons дизайны их сургуульд тэнцсэн ч төлбөр нь ний нуугүй хэлэхэд өндөр байсан юм. Ялангуяа манай бүтээлч салбарынхан зөвхөн компьютер дээр ажиллаад байхгүй. Хувцас хийдэг учраас материал гаргах, манекен авах гэх зэрэг урсгал зардал маш ихтэй. Хэдий сургуулиас цаанаас нь хангамж өгөх ч гэсэн би л гэхэд төгсөлтийнхөө цуглуулгын зардлыг 100% өөрөөсөө гаргаж байсан. Сурч байх явцад тодорхой хэмжээний нөөц бололцоотой байх юм бол дизайн гаргахад ч материалаа хэмнэе, хямдханаас нь авъя гэж санаа зовохгүй шүү дээ. Тэр хэрээрээ үр дүн ч сайн гарна. Тиймээс болж өгвөл тэтгэлэгт хамрагдахыг санал болгож байна.
Магистрын нэгдүгээр курсийн оюутны үүднээс анхны сэтгэгдлээсээ дурдаач?
Монголоос Парис руу очих тэр шилжилтийн үе надад хэцүү бол байгаагүй. Хувь хүний онцлог маань үүнд нөлөөлсөн байж магадгүй. Сургуулийн хувьд ихэвчлэн төрөл бүрийн улсаас ирсэн гадаад оюутнуудтай байсан. Ямар хичээл үзсэн талаар мэдэхийг хүсвэл манай сургуулийн вэбсайт дээр тавигдсан “Master of arts and contemporary fashion” нэртэй магистрын хөтөлбөр дээр дэлгэрэнгүй байгаа. Үүнээс гадна International Fashion Academy-г сонгосны номер нэг шалтгаан нь нэг семестрээ Флоренцод хийх боломжтой байсан юм. Тэр нь ч их таалагдсан. Сэргэн мандалт болж байсан гэдэг утгаараа үнэхээр үзэсгэлэнтэй, урам авмаар хот байсан. Итали чинь өөрөө загварын бас нэг томоохон цэг болохоор мэргэжлийнхээ өөр нэг талыг нээж харахад тусалсан гэх үү дээ.
Ерөнхийдөө салбартаа ажилладаг мэргэжлийн багш нараас суралцаад, дээрээс нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн дотоод мэдээллүүдийг зүгээр л өдөр тутамдаа аваад эхлэхээр үнэхээр л Парист ирчхэж дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэгэхээр аяндаа хол санагдаж байсан зүйл санаанд багтаад ирдэг юм билээ. Одоо төгсчихсөн болохоор Паристаа үлдээд үзэлцье гэсэн урам зоригтой байна даа.
Монгол болон Францын сургалтын систем юугаараа өөр санагдсан бэ?
Юун түрүүнд энэ бол миний хувийн ажиглалт гэдгийг хэлье. Би бүх хүмүүсийг төлөөлж чадахгүй шүү дээ. Надад мэдрэгдсэнээр бол ШУТИС-д сурч байх үед сургалт нь их "Орос школтой" байсан. Тиймээс оёдлын технологи, зохион бүтээлтийн технологи гээд илүү практикал, прагматик байх талаас нь заадаг. Яаж тухайн материалыг бүрэн дүүрэн хаягдалгүй байхаар ашиглах уу гэдгийг их боддог болчихдог. Тэр нь тогтвортой байдал талаасаа надад маш их хэрэг болж байгааг анзаарсан. Мөн ШУТИС-д дизайны мундаг багш нар цөөнгүй бий. Харин Францын сургуультай харьцуулахад арай баригдмал байж магадгүй. Парисын сургууль маань задгай сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг санагдсан. Гэхдээ том зөрүүтэй гэж бол хэлэхгүй. Олгож байгаа суурь мэдээллүүд нь ижилхэн. Миний хувьд магистрын зэрэгт суралцаж байсан гэдэг утгаараа хөтөлбөрийн зөрүү гарах нь мэдээж. Магистрын хичээлд кутюр загвар хийх, төрөл бүрийн хэлбэр үүсгэх, цоо шинэ силуэт гаргах гэхчлэн зүйлcийг ахисан түвшинд заана. Түүнчлэн брэндээ яаж үүсгэн байгуулах, харилцаа холбоо хэрхэн тогтоох, өөрсдийн чиглэлийг улам нарийвчилж сонгох гэхчлэн зүйлсэд суралцдаг. Сүүлд нь хэлэхэд, чи үр байлаа гэхэд чамайг хаана ч суулгасан цэцэглэх хэмжээний байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Тэр ч утгаараа Монголд сурч байхдаа гадаад оюутнуудын юу хийж байгааг, чиг хандлага хаашаа явж байгааг маш их судалдаг байсан.
Хувцас дизайнерын мэргэжлийн үнэт зүйл, үүрэг хариуцлага юу бол?
Би загварын салбарыг хаалттай, VIP, тансаг зэрэглэлийн гэхээсээ илүү дизайнер хүнийхээ үүднээс хоосон канвас гэж хардаг. Энэ бол өөрийн дотор үүсээд байгаа мэдрэмж, концепцыг гаргаж ирээд хувцсаар илэрхийлэх орон зай юм. Хүмүүс янз бүрээр хардаг байх л даа. Зарим нь яаж илүү эргономик, байгальд ээлтэй байх уу гэж боддог бол зарим нь хувцсыг технологитой холбож дараагийн шатанд гаргах зорилготой байх жишээтэй. Миний хувьд концепцыг илүү чухалчилдаг гэсэн үг. Коллекци гаргахдаа нэг санааг барьж аваад тэрийгээ хүмүүст хэрхэн хүргэх талаас нь боддог. Хэрэглэгчид санааг минь ойлгоод, худалдаж аваад, өмсөх бүртээ тэрийгээ боддог байвал надад илүү утга учиртай. Гэхдээ хүмүүсийг ухааруулах гээд байгаа юм биш. Харин гоо зүйг маань ойлгож, хэлж байгаа түүхтэй минь холбогдож, хувцаснаасаа урам зориг авч чадвал миний зорилго биеллээ гэсэн үг.
Өөрийнхөө загварын гоо зүйг юу гэж тодорхойлох вэ?
Намайг олон улсад сонирхолтой болгож байгаа зүйл нь монголын түүх, өвгөдийн ухаан, нүүдэлчин соёл юм. Миний харснаар орчин үеийн монгол хүн байх өөрөө маш сонирхолтой. Учир нь бид бол нүүдэлчид бөгөөд ази философитой, дээрээс нь социалист улс байсан бол одоо интернэтээр дамжуулаад барууны үзэл санаа суугаад эхэлчихсэн. Эдгээр зүйлсийн нэгдэл нь намайг маш онцгой болгодог юм шиг санагдсан. Үүний ачаар Европт очоод хүмүүстэй ярилцахад нэг талаасаа тайлагдашгүй нууцлагдмал сэтгэгдэл төрүүлнэ, харин нөгөөтээгүүр олон талын өнцгөөс харж хүмүүстэй төвөггүй ойлголцож чадаад байгаа юм.
Би хувцсандаа үндэсний хэв маягтай деталиуд оруулдаг ч тэрүүгээр тувтан нүдээд байхыг хүсдэггүй. Тэгэхээр бусад орны хүмүүст хэтэрхий хол санагдана шүү дээ. Тиймээс үнэ цэнээ хадгалсан модерн, монголын түүх шингэсэн боловч streetwear хэв маягтай cool, сонирхолтой зохион бүтээлттэй, жаахан секси, гэхдээ хэт задгай эрээ цээргүй биш тийм л холилдооныг гаргаж ирэхийг хичээдэг дээ.
Одоо юу хийж байна вэ?
Би гуравдугаар сараас эхлээд туслах дизайнер болон дадлагажигчийн ажил горилоод явж байна. Maison Margiela, Diesel, Jil Sander зэрэг брэнд багтдаг OTB группийг нүдэлчихсэн байгаа. Одоогоор Милан дахь Diesel-ийн ахлах дизайнерын туслахын ажилд тэнцсэн байна. Үнэхээр гоё ажлын байр байсан ч би өөрөө Парист багагүй хугацаа өнгөрөөчихсөн, мөн франц хэлний хичээл аваад эхэлчихсэн болохоор үргэлжлүүлээд Парист ажиллах хүсэлтэй байгаа юм. Тэр дундаа Maison Margiela-г маш их сонирхож байгаа. Ер нь олон газар луу хүсэлтээ илгээсэн. Загварын салбар илүү идэвхжиж эхэлдэг ес, аравдугаар сараас хариу нь ирэх болов уу. Үүнээс гадна өөрийнхөө цахим хуудаснуудыг хөгжүүлэх тал дээр анхаарч эхэлсэн.
Парист ажлын байрны олдоц, өрсөлдөөн хэр их санагдсан бэ?
Дизайнерын ажлын байр ер нь л ховор гэдгийг анзаарсан л даа. Ихэнхдээ брэнд дотор ажилладаг хүнээр дамжуулж, эсвэл хэн нэгний санал болгосны дагуу ажилд авах нь түгээмэл юм билээ. Тэр дундаа брэндүүдийн төлөөлөгчид Францын нэр хүндтэй сургуулиудын төгсөлтийн загварын шоун дээр очиж хүнээ "тоочиглодог" санагдсан. Харин мерчендайзинг, загварын бизнес, борлуулалт тал дээр ажлын байр илүү олдоц ихтэй, нээлттэй байдаг харагдсан шүү.
Ярилцлагынхаа төгсгөлд биелүүлэхийг хүссэн туйлын зорилгоосоо хуваалцаач?
Монголд маш их чадалтай, авьяаслаг, потенциалтай хүмүүс бий. Тэдэнд ердөө мэдээлэл, ерөнхий нэг чиглүүлэг дутагдаад байгаа юм шиг санагддаг. Тиймээс өөрийнхөө хувийн брэндээрээ дамжуулаад тэдгээр авьяаслаг хүмүүсийг олон улсад холбох гүүр нь болохыг хүсдэг. Ер нь л өөрт хуримтлуулсан мэдлэг, мэдээллээ хүмүүстэй хуваалцмаар байна. Тэр бүхнээ өөртөө л хадгалаад “cool-рээд” явах сонирхол байхгүй. Мөн хэчнээн хувийнхаа амжилтыг өсгөөд, баян болоод явах намайг аз жаргалтай болгох ч гэсэн яг дотоод хүнийг маань тэжээхгүй. Тиймээс алсдаа арт, дизайн чиглэлээр сургууль нээхийг хүсдэг юм.
Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.