TOEFL болон GRE шалгалтуудад хэрхэн бэлдэх вэ?
Оюутан, сурагчид анхаарлаа хандуулаарай
Энэ удаад Жорж Вашингтон их сургуулийн магистрын зэргийн оюутан Б.Найсамханд TOEFL болон GRE шалгалтуудад хэрхэн бэлдэх талаарх өөрийн туршлагыг BURO.-гийн уншигчдад хуваалцлаа. Б.Найсамханд нь Тайвань улсын засгийн газрын тэтгэлгээр бакалавр хамгаалсан бөгөөд яг одоогоор мэдээллийн шинжлэх ухаан (Data Science) чиглэлээр хоёр дахь магистрын зэргээ хамгаалж байгаа юм.
"Би багаасаа л математик болон гадаад хэлний хичээлдээ дуртай хүүхэд байсан. Тиймдээ ч Тайваньд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн мэдээллийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Харин яг одоогоор АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Жорж Вашингтоны их сургуульд мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр хоёр дахь магистрын хөтөлбөртөө суралцаж байна. Ингэж хоёр өөр тивийн, хоёр өөр орчин нөхцөлд суралцахад миний хэлний мэдлэг надад хамгийн их тус болсон учраас өөрийн туршлага дээр үндэслэн гадаад хэл сурах, академик шалгалтад зөв системтэйгээр бэлдэх талаар товчхон зөвлөгөөг хүргэж байна".
Англи, хятад хэлийг хослуулан сурсан тухай
Дунд ангид байхдаа нэг зуны амралтаар манга уншиж эхэлсэн юм. Тухайн үед тэр манганы монгол хэл дээрх орчуулга нь олон хоногийн зайтай гардаг байсан учраас англи хэл дээр хайж олоод, ойлгохгүй үгнүүдээ толь бичиг дээрээс нэг бүрчлэн хайдаг байлаа. Тэгээд тэр зунжин манга уншаад есдүгээр сард хичээл эхлэх үед би англи хэлний сурах бичгийг төвөггүй ойлгодог болчихсон байсан. Орчуулж харсан үгнүүдээ цээжлэх гэж хичээдэггүй байсан ч угаас олон давтамжтай хараад байхаар маш амархан цээжилчихдэг юм билээ. Тэр зунаас хойш англи хэл дээр ном уншиж, кино үзэх хоббитой болоод оюутан болсон цагаасаа эхлэн академик түвшинд суралцаж эхэлсэн дээ.
Харин хятад хэлийг нэгдүгээр ангиасаа эхэлж сурсан. Өдөр бүр 2-3 цагийн хятад хэлний хичээлийг хятад багш нараар заалгадаг байсан нь миний суурийг маш сайн тавьж өгсөн гэж боддог. Гэхдээ өдрийн ихэнх цагт монголоор хичээл ордог, мөн дандаа монгол хүүхдүүд дунд байсан болохоор үгсийн сан болон ярих чадвар тийм ч сайн байгаагүй. Харин ахлах ангийн нэг зуны амралтаар Тайванаас ирсэн жуулчдад 14 хоногийн хугацаатай аман орчуулга хийсний дараа хэлний чадвар маань эрс өөрчлөгдсөн. Ойлгохгүй үгнүүдээ тэр дор нь толь бичгээс хайгаад, яриандаа ашиглаад яваад байсан чинь маш богино хугацаанд өргөн цар хүрээний үгсийн сантай болж чадсан шүү.
Тиймээс ямар ч гадаад хэлийг өдөр тутамдаа хэрэглэж байж л маш сайн сурч чадна. Бүх зүйл нээлттэй бас элбэг болсон өнөө цагт дуртай зүйлээрээ дамжуулж, өөрт дарамт багатайгаар хүссэн хэлээ сураарай гэж зөвлөе.
TOEFL болон GRE шалгалтуудад хэрхэн бэлдэх вэ?
Миний хувьд сургуульд материалаа илгээх хугацаа нэлээн тулчихсан байсан учраас TOEFL шалгалтад яг долоо хоног бэлдээд 106 оноо авсан бол GRE шалгалтад 14 хоног бэлдээд 315 оноо авч байсан. Мэдээж энэ төрлийн шалгалтууд таны англи хэлний академик түвшний мэдлэгийг шалгадаг учир зөв системтэйгээр, сахилга баттайгаар бэлдэх хамгийн чухал.
TOEFL
- Сонсох (Listening)
Өдөр тутамдаа англи хэл дээр подкаст сонсож, мэдээ уншиж, YouTube сувгууд үзэх дуртай байсан нь энэ хэсэг дээр өндөр оноо авахад их тусалсан. Тиймээс зөвхөн шалгалтад зориулж биш ер нь л өдөр бүр тодорхой хугацаанд англи хэл дээр мэдээ, мэдээлэл сонсож дадахыг хичээгээрэй. Мөн сонсох шалгалтын асуултууд урт байдаг учир цаасан дээр тэмдэглэл хийхийг зөвшөөрдөг. Иймд шалгалтад бэлдэж байх үедээ сонссон зүйлсээ давхар түлхүүр үгсээр нь тэмдэглэж сурвал цаг хэмнэж, сайн оноо авахад тусална.
- Унших (Reading)
Энэ хэсэгт академик түвшний текст ойлгох чадварыг шалгадаг учир үгсийн сан тань маш баялаг байх ёстой. Миний хувьд IELTS болон TOEFL-ийн албан ёсны вэбсайтуудаас жишиг тест, материал дээр түлхүү ажиллаж, тэндээсээ шинэ үгс цээжлэн бэлдэж байсан. Мэдээж олон цагаар, сахилга баттай сууж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
- Бичих (Writing)
TOEFL шалгалтын бичих хэсэгт аргумент эсээ бичдэг тул өөрийн бодлыг хэрхэн товч бөгөөд тодорхой илэрхийлж сурах вэ гэдэг дээр түлхүү анхаарсан. Би энэ хэсэгт бэлдэж байхдаа Grammarly болон Hemingway-ийг ашиглаж бичсэн эсээнийхээ алдааг хянаж байсан бол бэлэн template-ууд ашиглаж өөрийн гэсэн эсээ бичих загварыг урьдчилж боловсруулж байлаа. Ер нь л эсээ тодорхой нэг оршил, өрнөл, дүгнэлт гэсэн бүтцээр бичигддэг учир хэсэг тус бүрд өөрийн бодлыг ямар үгээр хэрхэн, яаж илэрхийлэх вэ гэдгээ урьдчилаад бодчихвол шалгалтын үед цаг хэмнэхэд тусалдаг.
- Ярих (Speaking)
Өдөрт тодорхой сэдвүүд сонгож аваад, тухайн сэдвээрээ 45 секундийн турш өөртэйгөө ярих дадлага хийж бэлддэг байсан. Хамт ярилцаад хийх хүн байхгүй байсан учир өөрийнхөө яриаг утсан дээрээ бичээд, алдаагаа өөрөө хянаад явахыг хичээдэг байв. Ярих шалгалтын хэсэгт зөвхөн зөв хариулт өгөхөөс гадна сандрахгүй байх, сэдвээсээ хазайхгүй байх, зөв дуудлагатай байх зэрэг бусад олон зүйлс дээр анхаарах хэрэгтэй.
- Зөвлөгөө
TOEFL шалгалт өгөх гэж буй хүмүүст ETS-ийн албан ёсны гарын авлага, Barron’s болон Kaplan зэрэг номуудыг зөвлөе. ETS-ийн вэбсайт дээр үнэ төлбөргүй жишиг тестүүд ч олон бий. Хэрэв бэлдэх хугацаа хангалттай байгаа бол EdX дээрх TOEFL шалгалтыг тайлбарласан хичээлүүд үзэхийг санал болгож байна.
GRE
GRE нь магистр болон докторын түвшинд суралцахад шаардагддаг англи хэл дээрх шалгалт бөгөөд математикийн бодлого бодох, англи хэлээр унших болон бичих гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Энэ шалгалтыг төрөлх англи хэлтэй хүмүүс хүртэл өгдөг болохоор ч тэр үү унших болон бичих хэсэг нь TOEFL-тай харьцуулахад илүү хэцүү санагдаж байсан.
- Математик (Quantitative)
Энэ хэсэгт бэлдэхэд жишиг тестүүдээс гадна Manhattan Prep, Princeton Review номуудын бодлого дээр ажиллах их үр дүнтэй байсан. GRE-ийн математикийн хэсэгт ихэвчлэн ахлах сургуулийн математик орж ирдэг. Тиймээс математикийн үндсэн, суурь ойлголтуудаа дахин сэргээж харж, бататгах хэрэгтэй. Мөн шалгалтын үеэр хурдтай байх чухал учраас уламжлалт аргыг ашиглахаас илүүтэй GRE бодлогууд бодох аргачлалын талаарх бичлэг үзэхийг зөвлөж байна.
- Унших (Verbal reasoning)
Үгсийн сан, үгсийн сан, бас дахин үгсийн сан! Шинэ үг цээжлэх нь миний унших хэсэг дэх бэлтгэлийн 70 хувийг эзэлсэн гэж хэлж болно. Энэ хэсэгт академик түвшний үгсийн сангийн мэдлэг болоод тэдгээр үгсийг бүрэн ойлгож, бодитоор ашиглаж чадаж байгаа эсэхийг тань шалгана. Миний хувьд Magoosh Vocabulary GRE аппликейшнаас өдөр бүр шинэ үг цээжилдэг байснаас гадна тухайн үгийг өгүүлбэрт хэрхэн, яаж ашиглагдаж буйг ойлгохын тулд их хугацаа зарцуулдаг байсан.
- Бичих (Analytical writing)
Analytical writing хэсэгт өгөгдсөн сэдвийн дагуу аргумент эсээ бичдэг. Миний хувьд ChatGPT-ээс сэдэв асууж өдөр бүр нэг эсээ бичээд, бичсэн эсээгээ эргүүлээд ChatGPT-ээр дүгнүүлж, анализ хийлгэдэг байсан. Мэдээж бичсэн зүйлийг тань хянаад, дүгнээд явах мэргэжлийн багштай байвал маш сайн. Хэрэв байхгүй бол үнэгүй, онлайн туслахуудыг ашиглаж болно.
- Зөвлөгөө
GRE-д бэлдэж буй хүмүүст Official GRE Guide, Manhattan Prep, болон Kaplan номуудыг санал болгомоор байна. Эдгээр номуудад жишээ тест, бодлого болон дэлгэрэнгүй зөвлөгөөнүүд багтсан байдаг. Мөн TOEFL, GRE зэрэг шалгалтуудад цагийн менежменттэй байх маш чухал. Тиймээс жишиг шалгалтуудыг хийхдээ яг л бодит шалгалт өгч буй мэт цаг харж бэлдэх хэрэгтэй шүү. Амжилт хүсье!
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт