Хайх

Элсэн чихэр орлуулагч: Сайн уу? Муу юу?

Элсэн чихэр орлуулагч: Сайн уу? Муу юу?

Эргэлзээ төрүүлдэг бүх асуултуудад хариуллаа

Text: Buro.Mongolia


Элсэн чихэр орлуулагчийн эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөнүүдийн талаар талцал үүсгэсэн маш олон эерэг ба сөрөг мэдээллүүд байдаг. Зарим хүмүүс тус бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэхэд нөлөөлж, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, ходоод, гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн үздэг бол салбарын дийлэнх мэргэжилтнүүд элсэн чихэр орлуулагчийг хэрэглэхэд аюулгүй талаар тэмдэглэсэн байдаг.

Элсэн чихэр орлуулагч гэж юу вэ?

Элсэн чихэр орлуулагч нь хоол, хүнс болон уух зүйлсэд чихэрлэг амт оруулах зорилгоор хэрэглэгддэг, илчлэг агуулдаггүй (гэхдээ зарим сахар орлуулагчид багахан хэмжээний илчлэг агуулагддаг) нэг төрлийн химийн бодис юм. Энэхүү бодис нь янз бүр байдаг ч улс орнуудад харилцан адилгүй төрлүүд нь зөвшөөрөгдсөн байдаг. Тиймээс бид АНУ болон Европын Холбооны улсуудад батлагдсанаас хүргэж байна.

- Aspartame. Энэ нь АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн бөгөөд ихэвчлэн NutraSweet, Equal болон Sugar Twin брэндүүд үйлдвэрлэдэг билээ. Aspartame нь нэг ширхэг энгийн ёотонгоос 200 дахин чихэрлэг амттай юм.

- Acesulfame potassium. Өөрөөр acesulfame K гэж нэрлэдэг энэхүү төрөл нь мөн л нэг ёотонгоос 200 дахин чихэрлэг амттай бөгөөд ихэвчлэн нарийн боов хийхэд ашиглагддаг.

- Advantame. Ердийн элсэн чихрээс 20,000 дахин чихэрлэг амттай.

- Aspartame-acesulfame salt. 350 дахин чихэрлэг амттай ба Twinsweet нэрэн дор худалдаалагддаг.

- Cyclamate. Европын холбооны улсуудад зөвшөөрөгдсөн ч АНУ 1970 оноос хойш энэ төрлийг хориглосон. Нэг ширхэг ёотонгоос 50 дахин илүү чихэрлэг амттай.

- Neotame. Newtame нэрэн дор худалдаалагддаг ба ёотонгоос 13,000 дахин чихэрлэг амттай.

- Neohesperidin. Нарийн боов, ердийн хоолонд түлхүү хэрэглэдгээс гадна хүчиллэг хоол хүнстэй хольж хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. Ердийн элсэн сахараас 340 дахин чихэрлэг амттай.

- Sacchari. 700 дахин чихэрлэг амттай.

- Sucralose. 600 дахин чихэрлэг амттай. Splenda гэх нэрэн дор худалдаалагддаг.

Элсэн чихэр орлуулагч болон амтлах рецептор

Элсэн чихэр орлуулагч: Сайн уу? Муу юу? (фото 1)

Хүний хэлэнд янз бүрийн амтыг мэдэрдэг маш олон амтлах рецепторууд байдаг. Эдгээр рецепторууд нь хоолны молекултой холбогдож, олон төрлийн амтыг ялгах дохиог тархинд дамжуулдаг билээ. Сахар орлуулагчийн молекулын хувьд элсэн чихэртэй маш төстэй тул рецепторууд цочирч чихэрлэг амтыг төвөггүй мэдэрдэг байна. Харин элсэн чихэр орлуулагч нь 0 илчлэгтэй байдгийн учир нь хүний бие махбод тус бүтээгдэхүүнийг ердийн хоол хүнстэй харьцуулахад энерги болгон задалдаггүйтэй холбоотой билээ.

Элсэн чихэр орлуулагч болон таргалалт

Элсэн чихэр орлуулагч нь ямар ч илчлэггүй эсвэл маш бага илчлэгтэй байдаг тул жингээ хасаж, хоолны дэглэм барьж буй хүмүүс түгээмэл хэрэглэдэг. Гэвч энэ нь үнэхээр жингээ хасахад нөлөөлдөг болов уу? Судалгаанд суурилж дүгнэлтээ хийе.

Одоогоор хийгдээд буй нийт судалгааны дунджаас авч үзэхэд уг бүтээгдэхүүн нь өөхлөлтийн түвшинг бууруулж, хэвлийн хэсгийн таргалалтыг арилгахад (4-40 долоо хоногийн хооронд хийсэн судалгаанд хүн дунджаар 1,3 кг хассан) нөлөөлдөг талаар тэмдэглэгдсэн байна.

Нөгөөтээгүүр, энэхүү сэдвийн хүрээнд Сан Антониогийн таргалалт болон бодисын солилцооны синдромын тухай судалгаанд нэг долоо хоногт 21 болон түүнээс дээш сахар орлуулагчтай уух зүйл хэрэглэсэн хүмүүс тус бодисын агууламжтай ундаа хэрэглэдэггүй хүмүүсээс хоёр дахин илүү хэт таргалалттай болох магадлалтай байжээ. Түүнчлэн Харвардын их сургуулийн дэргэдэх Бостоны хүүхдийн эмнэлгийн эмч Людвиг “Элсэн чихрийн үйлчлэлээс хэд дахин хүчтэй тус бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь чихэрлэг амтны рецепторыг хэт их өдөөж хүний бусад амт амтлах хүслийг хязгаарладаг” хэмээн хэлсэн нь Харвардын их сургуулийн анагаахын ухааны сургуулийн хэвлэлд тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, сахар орлуулагчийг тогтмол хэрэглэх нь хүний чихэрлэг амтанд мэдрэг байдлыг бууруулж улмаар ургамал, ногоо зэрэг чихэр агуулагдаагүй бүтээгдэхүүн идэх маш бага хүсэлтэй болдог гэсэн үг. Ингэснээр хүн илүү чихэрлэг зүйлсийг хүсэмжилж, жин нэмэх нөхцөлөө бүрдүүлдэг байна.

Элсэн чихэр орлуулагч болон чихрийн шижин

Одоогоор элсэн чихэр орлуулагч болон чихрийн шижний талаар хийгдсэн судалгаанууд бүгд ажиглалтад суурилсан билээ. Тиймээс чихрийн шижин нь тус бодисоос шууд хамааралтай талаар батлагдаагүй байгаа юм. Гагцхүү зарим судалгаагаар сахар орлуулагчтай хийжүүлсэн ундаа уух нь чихрийн шижин үүсэх магадлалыг 6-121% ихэсгэдэг бөгөөд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн дийлэнх нь уг бодистой хийжүүлсэн ундааг түгээмэл хэрэглэдэг нь батлагдсан байна.

Элсэн чихэр орлуулагч болон хоол боловсруулах эрхтэн

Элсэн чихэр орлуулагч: Сайн уу? Муу юу? (фото 2)

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудсанаар таргалалт үүсч, цусан дахь сахарын түвшин нэмэгдэж, нойргүйдэлтэд орж, дархлаа мууддаг үр дагавруудтай билээ. Тэгвэл тус эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг эх үүсвэрүүдийн нэгт сахар орлуулагч ордог юм. Тодруулбал, уг бодисыг тогтмол хэрэглэхийг даалгасан нийт долоон хүнийг хамруулан хийсэн судалгаанд дөрвөн хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудаж, тогтолцоо нь алдагдсан байна. Түүнчлэн энэхүү асуудлын дагуу хулгана дээр туршсан судалгаа байдаг бөгөөд дээр дурдсантай адилхан үр дүн гарчээ. Гэсэн ч “Энэ сэдвээр хөдөлшгүй, баттай байр суурьтай болоход одоог хүртэл хийгдсэн эрдэм шинжилгээний ажлууд хангалтгүй юм” хэмээн анагаах ухааны доктор Атли Арнарсон Healthline эрүүл мэндийн сэтгүүлд онцолсон байна.

Элсэн чихэр орлуулагч болон хорт хавдар

Элсэн чихэр орлуулагч болон хорт хавдрын холбоог анх 1970 онд судалж байжээ. Тухайн үед судалгааны ажлыг хулгана дээр хийсэн ба урт хугацааны турш сахар орлуулагчаар (saccharin, cyclamate) хооллосны үр дүнд давсагны хорт хавдраар өвчлөх эрсдэл нь нэмэгдсэн үр дүн гарсан байна. Тус ажлаас хойш хүн дээр хийсэн 30 гаруй шинжлэх ухааны судалгаанууд хийгдсэн бөгөөд сахар орлуулагч хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй болохыг нотолсон юм. Учир нь хулгана, хүн хоёр тус бүтээгдэхүүнийг боловсруулах нь харилцан адилгүй байжээ. Түүнчлэн АНУ болон Европын Холбооны холбогдох байгууллагууд 1970 оны судалгааг няцаасан байдаг. Гэсэн ч АНУ 1970 оны хулганы судалгаанаас үүдэн cyclamate төрлийн сахар орлуулагчийг хориглосон ба одоог хүртэл тус бүтээгдэхүүний хэрэглээг зөвшөөрөөгүй байгаа юм.

Элсэн чихэр орлуулагч ба амны хөндийн эрүүл мэнд

Бидний амны хөндийд маш олон төрлийн нян бактериуд оршдог бөгөөд хоол хүнс идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задалж хүчил үүсгэдэг. Тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн хамгаалах давхаргыг уусгаж гэмтээснээр цоорол үүсдэг билээ. Харин энгийн элсэн чихэртэй харьцуулахад сахар орлуулагч нь нянгуудтай урвалд орж, хүчил ялгаруулдаггүй учраас шүд цоороход нөлөөлдөггүй юм.

Aspartame болон депресс

Элсэн чихэр орлуулагч: Сайн уу? Муу юу? (фото 3)

Зарим хүмүүс aspartame төрлийн сахар орлуулагч нь тухайн хүний онцлогоос шалтгаалан толгойн өвдөлт, таталт, депресс үүсгэдэг гэж үздэг.

Тэгвэл одоог хүртэл хийсэн дийлэнх судалгаагаар тус бодис нь толгойн өвдөлт болон таталт үүсгэдэггүй болох нь нотлогдсон байна. Харин ямар нэг хэлбэрийн сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс aspartame төрлийн сахар орлуулагч хэрэглэх нь депрессийн шинж тэмдэг дагуулах магадлалтай байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх