Хайх

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ?

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ?

Сахарын донтолтыг арилгах 5 энгийн зөвлөмж

Text: Buro.Mongolia


Өнөөгийн нийгэмд эрүүл мэндийг хохироож буй хамгийн түгээмэл асуудал бол чихэрлэг зүйлс хэтрүүлэн хэрэглэх юм. Үнэн хэрэгтээ тодорхой амтыг хүсэх нь бидний хэрэглэж байгаа хоол хүнсэнд зарим микроэлемент дутагдаж байгааг илтгэдэг байна. Хэрэв чихэрлэг зүйлс байнга таны бодолд эргэлддэг бол идэж байгаа хоол хүнсэнд тань уураг, өөх тос, эслэг дутагдалтай байх магадлалтай юм. Эдгээр орцууд нь мөн тайван унтаж амрахад тусалж, дааврын эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж хоол тэжээлийн мэргэжилтнүүд онцолдог. Харин сахар нь хүнийг донтуулах сөрөг нөлөөтэй хэдий ч бид үүнийг өөрсдөө даван туулах бүрэн боломжтой билээ. Тэгвэл энэ хор хөнөөлтэй хэдий ч салшгүй сайхан амттай сахарыг хэрхэн бага хэрэглэх вэ?

Сахар агуулсан нь тодорхой бүх бүтээгдэхүүнээс татгалзах

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ? (фото 1)

Энэ нь бүх цэвэршүүлсэн сахар, хиймэл аргаар гаргасан сахар болон фруктозын өндөр агууламжтай сиропноос бүрэн татгалзах хэрэгтэй гэсэн үг. Гэнэт ингэж сахарнаас татгалзах танд хэцүү санагдаж болзошгүй юм. Гэсэн хэдий ч, шууд л сахарнаас зайлсхийх нь бага багаар таны донтолтыг бууруулах болно. Гэрт болон ажил дээр тань байгаа бүх чихэрлэг зүйлсээс салах хэрэгтэй юм шүү. Бялуу болон амттаны дэлгүүр, кафегаас холуур явж, десертны цэсийг мөн битгий нээж хараарай. Бууж өгч болохгүй шүү.

Уургаар баялаг өглөөний хоол идэх

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ? (фото 2)

Өглөөний цайндаа аль болох уураг ихтэй хоол идэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Жишээлбэл, авокадо, өндөг, овьёос болон жимстэй эсвэл ямар нэгэн нэмэлтгүй грек тараг төгс өглөөний хоол болох юм. Уураг нь цусан дахь сахарын хэмжээний тэнцвэрийг хадгалдаг бөгөөд чихэрлэг зүйл идэх хүслийг бууруулдаг байна.

Кофеины хэмжээгээ бууруулах

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ? (фото 3)

Та кофегүй  өдрийг давж чаддаггүй бол өглөөний арван цагаас өмнө нэг аягыг ууж байгаарай. Эрдэмтэд өдөрт нэгээс дээш аяга кофе уух нь цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул чихэрлэг зүйл байнга бодогдуулдаг болохыг нотолсон билээ. Харин өглөө ганцхан аяга кофе уух нь хүний биед муу нөлөө учруулдаггүй бөгөөд сахарын хэт их хэрэглээнээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна.

Нимбэгтэй ус уух

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ? (фото 4)

Амттан идэх хүсэл төрөх бүртээ хэдэн балга нимбэгтэй ус ууж хэвшээрэй. Өөр нэгэн төстэй арга бол хоёр литр усанд хоёр хоолны халбага алимны цуу нэмж, өдрийн турш шимж уух юм. Энэ хоёр ундаа нь ходоодны шүүсийг идэвхжүүлж, хоол боловсруулахад тустай бөгөөд амттан идэх хүслийг бууруулдаг байна.

16.00 цагт хөнгөн зууш идэх

Хэрхэн сахарын хэрэглээгээ багасгах вэ? (фото 5)

Үдээс хойш бид хамгийн ихээр амттан идмээр санагддаг билээ. Энэ үед уураг ихтэй хөнгөн зууш зооглоход чихэрлэг зүйлс рүү татагдах нь багасдаг байна. Та сонголтоо төрөл бүрийн самар, грек тараг, жимс, ногооноос хийвэл зохистой байх болно.

Өөр нэгэн чухал зүйлийг дурдахад, эдгээр зөвлөмжийг дагаж мөрдвөл та чихэрлэг зүйл идэх хүслээсээ 5-7 хоногийн дотор салж чадна. Ингэснээр та донтолтоосоо салж, зөв зохистой хэмжээгээр сахарыг цаашид хэрэглэж чадах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх