Хайх

Коронавирусын дараах нөхөн сэргээлт: Мэргэжилтний зөвлөгөө

Коронавирусын дараах нөхөн сэргээлт: Мэргэжилтний зөвлөгөө

Чеклист

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

COVID-19 туссаны дараах үр дагавар нь сульдах, дөжрөх зэрэг хүн бүхэнд өөр, өөр шинж тэмдгээр илэрч болно. Тэгвэл энэ өвчнийг тусаад эдгэрсний дараа хэрхэн хэвийн байдалдаа эргэн орох талаар эмч, неврологич, психотерапевт Наталья Терещенко ярьж байна.

Эхлээд коронавирусыг реаниматолог эмч нар эмчилж байсан бол (1990-ээд онд дүүргийнхээ эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан учраас мэргэжлийн телеграм чатаа анхааралтай уншиж байлаа) дараа нь халдвар судлалын, уушгины эмч нар үүнд нэгдсэн юм. Харин өвчтөнүүдийн хувьд амьд үлдээд зогсохгүй эдгэрсний дараа цаашид ямар нэгэн хүнд хэлбэрийн үр нөлөөгүйгээр амьдрах хэрэгтэй болов. Учир нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст ч эрүүл мэндэд нь урт хугацааны хор нөлөө, үр дагавар гарсаар байгаа юм.

Миний нэг танил эмэгтэй байдаг юм. Өдгөө 30 настай тэрээр коронавирусээр хөнгөн хэлбэрээр өвчилж, энэ хугацаандаа ердөө үнэрлэх чадвараа л алдсан. Харин нэг сарын дараа гэнэт л нэг гар нь, дараа нь нөгөө гар нь суларч байгааг анзаарчээ. Ингэж явсаар нэг л өдөр түүний бүтэн бие мэдээгүй болсон. Эхэндээ эмч нар цус харвалт хэмээн таамаглаж байсан ч азаар ямар нэгэн эмгэг олоогүй бөгөөд одоо түүний бие аажим аажмаар сайжирч байгаа.

Энэ яг юу байсныг хэн ч тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа юм. Мэдрэл нь гэмтээгүй, рефлекс нь хэвийн ажиллаж байгаа хэдий ч хөл, гараа хөдөлгөж чадахгүй байгаа тохиолдолд өмнө нь хий өвчин хэмээн оношилдог байв. Гэхдээ би энэ эмэгтэйг танихын хувьд хийтэй хүн биш, маш тогтуун нэгэн гэдгийг нь мэднэ. Тэгвэл вирус ингэж тархинд нь нөлөөлөв үү? Магадгүй. Эрдэмтдэд үүнийг олж тогтоох хэрэг гарч байна.

Сайн эхнэр, гурван хүүхдийн ээж, маш гэр бүлсэг бас нэгэн танил маань коронавирусээр өвчилснийхөө дараа ямар нэг шалтгаангүй амиа хорлох талаар ярьж эхэлсэн байдаг. Түүнд өмнө нь сэтгэл гутрал ажиглагдаж байгаагүй бөгөөд тэрээр мөн л маш хөнгөн байдлаар өвчилсөн юм. Одоо тэрээр тэрхүү муу үр дагавруудтай тэмцэж байна. Тиймээс одоо эрүүл мэндэд урт хугацааны хор нөлөө учруулахгүйн тулд юу хийж болох талаар судалцгаая.

Коронавирус тусаад эдгэрсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн тулд ямар эмчид хандах вэ?

Коронавирус тусаад эдгэрсний дараа хүмүүс сэтгэл хямралд автаж, байнга ядарч сульдах шинж тэмдгүүд илэрдэг ч тэд үүнийг ковидтой холбодоггүй. Гэхдээ энэ нь вирусийн үр дагавруудын нэг байж болно. Тиймээс эмчдээ хандахаас гадна доорх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг аваад үзээрэй.

Психотерапевт, психиатр

Хэрвээ сэтгэл хөдлөл тань огцом өөрчлөгдөж, сэтгэл гутралд орж байвал сайн психиатрт хандсан нь дээр. Мэдрэлийн системд тань тусламж дэмжлэг (тэр дундаа эмийн) зайлшгүй хэрэгтэй.

Неврологич

Толгойд тань манан үүссэн мэт мэдрэмж төрөх, толгой өвдөх, төвлөрч чадахгүй байх, зарим үгсийг мартах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал неврологич эсвэл постковид синдром эмчилж чаддаг эмчид хандаарай. Нэгэн танил маань өөрт нь тархины гэмтэл авсны дараа зөвлөдөг курс эмчилгээ тусалсан гэдгийг онцолж байв.

Остеопат

Эмчилгээний арга барилуудаас остеопатын тусламж үр дүнтэй (заавал дөрвөн жил суралцаж мэргэжлээ эзэмшсэн байх). Бариа засал нь холбоос эдэд нөлөөлж, янз бүрийн шалтгаанаас үүссэн ачааллыг багасгаж, парасимпатик мэдрэлийн систем болон вагус мэдрэлийг сэргээж өгдөг. Ингэснээр толгойн өвчин, сульдаа, зүрх дэлсэх нь багасаж бүр артерийн өндөр даралтыг ч бууруулдаг.

Уламжлалт анагаах ухаан

Олон өвчтөн тэдэнд зүүний эмчилгээ тусалсан хэмээн хэлсэн байдаг. Зүүний эмчилгээ нь биологийн идэвхт цэгүүдэд үйлчлэн бие организмыг сэргээж өгдөг.

Бие дааж нөхөн сэргэх үед юу хийж болох вэ?

Эдгээр зөвлөгөөнүүд нь маш ойлгомжтой мэт санагдаж болох ч хүмүүс ихэвчлэн үл тоох хандлага гаргадаг.

Сайн амар

Ажиллаж, амарч байх үедээ гээд бүх нөхцөл байдалд биеэ чагнан эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох их унтаж амарч, бие болоод тархиндаа нөхөн сэргэх боломжийг олгоорой.

Биеийн тамир хийгээрэй

Хэрвээ та коронавирусын халдвар авахаасаа өмнө ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэг байсан бол одоо дасгалуудаа аажим, аажмаар хийж, амьсгал, зүрхний цохилт, ядарч байгаа эсэх мөн хэр их хөлөрч байгаагаа сайтар хянаарай. Учир нь хэт өндөр ачаалал авснаар муу үр дагаварт хүрч болзошгүй. Үүний зэрэгцээ заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тиймээс эхлээд алхах зэргээр бага багаар хичээллээрэй.

Үнэрлэх мэдрэмжээ сэргээ

Өөрийн биеэ аль болох мэдэрч, таатай мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өглөө кофе эсвэл цайгаа уухдаа сайтар үнэрлэж, хамгийн таатай, яг одоо хүсэж байгаа зүйлээ сонгон уугаарай. Мөн энэ явцдаа зурагт, олон нийтийн сүлжээ, ном зэрэгт сатааралгүй зөвхөн хоол болон уух зүйлдээ төвлөрч өглөөний цайгаа амтархан идэх хэрэгтэй. Өөрт таатай мэдрэмж төрүүлж буй зүйлсээ байнга үнэрлэх нь мэдрэлийн системийг тайвшруулаад зогсохгүй ковидоос болоод үнэрлэх чадвараа түр хугацаанд алдсан хүмүүст ч сайн дасгал болно.

Өөрийгөө эрхлүүл

Нөхөн сэргээх хугацаанд тайвшруулах иллэг хийж эсвэл хөөстэй ваннд хэвтэх зэргээр биеийн таашаал авч байх нь чухал. Шүршүүрт орохдоо өөрт тань тааламжтай температур болон усны урсгалыг тохируулж таатай мэдрэмж аваарай. Энэ нь таашаал авч, мэдрэлийн системд сайн нөлөө үзүүлэх хамгийн хурдан бас хямд арга юм. Хамгийн гол нь ажил төрлөө бодолгүй хэдхэн минутыг зөвхөн өөртөө зориулах учиртай. Үүний дараа сэтгэл санаа, бүтээмж өндөр байх бөгөөд тархи тань танд дараа нь баярлалаа гэж хэлэх болно.

Ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг ав

Дотны хүмүүсээ санаж байвал Zoom-ээр харилц. Тэднээс тусламж авахаасаа ч санаа зовох хэрэггүй. Коронавирус бол өөртөө маш их анхаарал халамж тавихад хүргэдэг өвчин юм.

Сэтгэл зүйчтэйгээ харилцаагаа таслах хэрэггүй

Хэрвээ та сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг бол товлосон цагаа цуцлалгүй онлайнаар эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой. Ялангуяа ковид түгшүүрт автуулж, сэтгэл зовоож, ганцаардмал болгодог тул энэ үед дэмжлэг авах нь маш чухал. Ковидоор өвчилсөн хүмүүс өөрийгөө халдвар мэт хүлээн авч, бусдаас тусгаарладаг. Хэдийгээр дотны хүмүүс туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа ч танаас хөндий байх нь мэдрэгдэж болно. Тэглээ ч шилний цаанаас гэр бүл, найз нөхөдтэйгөө харьцана гэдэг тун амаргүй зүйл юм.

Үүнээс гадна хэн нэгэнд халдвар тараачих вий гэсэн айдас мөн настай гэр бүлийн гишүүдээ өвчлүүлэх вий гэсэн түгшүүр давхар мэдэрч болно, Энэ бүх хүнд мэдрэмжүүдээ хэн нэгэнтэй хуваалцах зайлшгүй шаардлагатай. Гол нь мэдрэмжүүдээ анзаарч, ил гаргах хэрэгтэй. Эс бөгөөс та сэтгэл гутралд автах өндөр магадлалтай.

Биологийн нэмэлт бэлдмэлүүд хэрэглэх эсэхээ эмчээсээ асуугаарай

Магадгүй та бүхэн надаас ямар нэгэн нэмэлт бэлдмэлүүд хэрэглэх тухай зөвлөгөөг хүлээж байгаа байх. Одоогоор батлагдсан зүйл байхгүй тул би тийм зөвлөгөө өгөхгүй. Харин зүрх дэлсэх үед магни хэрэглэж болно гэдгийг л хэлэх байна. Гэхдээ үүнийг танд хариуцсан эмч тань бичиж өгөх ёстой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх