Дотроос нь харцгаая: Сан-Паулу хотын үзэсгэлэнтэй шоколадны дэлгүүр
Музейгээр аялж буй мэт мэдрэмжийг авна
Өнгөрсөн жил Сан-Паулу хотын хамгийн тансаг зэрэглэлийн дүүрэгт “Dengo” гэх нэгэн өвөрмөц интерьер дизайнтай, харш мэт харагдах шоколадны дэлгүүр үүд хаалгаа нээсэн билээ. Хэдийгээр цар тахлын хэцүү үеэр нээгдсэн ч уг дэлгүүр орон орны хүмүүсийн зорьж очихыг хүсэж буй газар болж чадсан юм. Энэхүү дэлгүүр нь шоколад үйлдвэрлэл болон худалдааны орон зайг хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Дэлгүүрийн дизайныг Matheus Farah e Manoel Maia Arquitetura гэх архитектур, дизайны нэрт байгууллагын дизайнерууд Матеус Фарах болон Мануэль Майа нар гаргасан байна. Тэд энэхүү амтат шоколадны орон зайгаар зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч мөн зугаалахад сонирхолтой болгохоор эрмэлзсэн гэнэ. Үүний тулд дэлгүүрийг хачирхалтай тоног төхөөрөмж, сэтгэл татам өнгөний зохицлоор дүүргэсэн байна. Зохион бүтээгчид нь хүмүүс өөр хаанаас ч ийм музей мэт шоколадны дэлгүүр олохгүй гэдэгт итгэлтэй байгаа билээ.
Нийт гурван давхар амттаны дэлгүүр нь бүхэлдээ панорама шилэн цонх болон доторх гэрэлтүүлгийг чадварлагаар хослуулсны ачаар гудамжин дахь хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг байна. Тухайлбал, асар том цонхны цаанаас шоколад хийх зориулалттай төрөл бүрийн төхөөрөмжүүд маш гайхалтай харагдаж байгааг та доорх зурагнуудаас үзэх боломжтой юм. Эдгээр төхөөрөмжүүд хийн хоолойтой төстэй маш том хоолойгоор холбогддог. Үүний ачаар та жирийн нэг дэлгүүрт худалдан авалт хийж буй биш харин жинхэнэ шоколадны үйлдвэрт зугаалж, шоколадны мэргэжилтнүүд яг одоо танд гол нууцуудаа дэлгэх гэж буй мэт мэдрэмжийг авах болно. Уг дэлгүүрээр зочилсон хүмүүсийн мэдэгдсэнээр тэдний хувьд дэлгүүрийн дизайн болон найрсаг уур амьсгалаас гадна өөр нэгэн зүйл маш гайхамшигтай санагдсан гэнэ. Тодруулбал, дэлгүүрийн өнцөг булан бүрт мэдрэгдэх тэр сайхан амтат, баялаг, тослог, жимсэн, цэцэглэг гээд төрөл бүрийн шоколадны үнэр толгой эргүүлэм тансаг аж.
Цэлгэр, гэгээлэг Dengo дэлгүүрийн заслыг гаргахдаа дизайнерууд их хэмжээний мод ашигласан бөгөөд дэлгүүрийн бүх ил задгай байрлах элементүүд нь (дам нуруу, дээшээ өгсөх шал г.м.) модоор хийгдсэн юм. Мөн доторх засалд карамелийг санагдуулам улаан хүрэн өнгийн металлыг модон материалтай хослуулан ашиглажээ. Түүнчлэн дээд давхрын тагт, барилгын фасадыг зохион бүтээхдээ ижил карамель өнгийг ашигласан нь дэлгүүрийн интерьер ба экстрерьерийн уялдаа холбоог бий болгосон байна. Харин дэлгүүрийн шалыг Dengo компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болох Quebra-Quebra шоколадны бүтцээс сэдэвлэн гоёмсог улаан өнгийн керамик хавтангаар бүрсэн теразцо материалаар бүржээ.