Хайх

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр

Text: Buro.Mongolia


Сүүлийн хэдэн жилүүдэд дарсны үйлдвэрүүд зөвхөн дарсандаа төдийгүй үйлдвэрийн дизайндаа анхаарлаа хандуулах нь олшроод буй билээ. Үүгээр ч зогсохгүй дарсны цогцолборуудыг дэлхийн шилдэг архитекторууд бүтээж байна. Жишээ нь Прага дахь “Dancing House” барилгыг зохион бүтээсэн Фрэнк Гэри, Парисын “The Centre Pompidou” төвийг бүтээсэн Ренцо Пиано нар өөрсдийн бүтээлч санаануудаараа олныг гайхшруулж байгаа билээ. Үзэсгэлэнтэй архитектураас гадна дарсны үйлдвэрүүд дэлхийн жишигт нийцсэн хоол унд, зочид буудлуудаараа мөн дэлхийн сая сая жуулчдын анхаарлыг татаж байна.


Antinori nel Chianti Classico

Баргино, Итали

XIV зуунаас хойш оршин тогтносон энэхүү дарсны үйлдвэрийн шинэхэн барилгуудыг Албани улсын үндэсний цэнгэлдэх хүрээлэнг зохион бүтээсэн Италийн Archea Associati студи урлажээ. Тус дарсны үйлдвэр зэвэрдэггүй ган хийцтэй бөгөөд шилэн фасад бүхий томоохон цогцолбор юм. Мөн усан үзмийн мод тарьдаг дээвэр рүү хөтлөх спираль хэлбэртэй шат нь тус үйлдвэрийн гол чимэглэлд тооцогдож байна. Сонирхуулахад, энэхүү дарсны үйлдвэрт менежментийн алба, 200 хүний багтаамжтай лекцийн танхим, ресторан болон музей байрладаг билээ. Гайхалтай биш гэж үү?

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 1)

Вебсайт


Trinchero Napa Valley

Напа Каунти, Калифорни муж, АНУ

Дизайнер Эрин Мартин болон BAR Architects компанийн хамтран бүтээсэн энэхүү дарсны үйлдвэрийн архитектурт Итали болон Калифорни мужийн хэв маяг нөлөөлсөн байна. Мөн тухайн үйлдвэрийн эзэд болох Тринчеро гэр бүлийн түүхийг орчин тойрны эд зүйлсээс ажиглах боломжтой юм. Үйлдвэрийн гол барилга нь сүм хийдийг санагдуулдаг бөгөөд доор нь дарсны зоорьтой агуй байрладаг. Түүнчлэн саяхан тус үйлдвэрт тусгайлан хийгдсэн тавилгатай, өвөрмөц дарсны амталгааны өрөө болон “speakeasy” хэв маягаар чимэглэгдсэн бартай VIP өрөө нээгдэж жуулчид өргөнөөр үйлчлүүлж байгаа билээ. Тансаг амьдралын хэв маягийг уг дарсны үйлдвэрээс мэдрээрэй.

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 2)

Вебсайт


Bodegas Ysios

Ла Риоха, Испани

Испанийн газар нутаг дээр боссон Bodegas Ysios дарсны үйлдвэрийг 2001 онд “Bionic architecture” гэх хэв маягаар ажилладаг Сантьяго Калатрава зохион бүтээжээ. Жуулчдад тус барилгын дизайн тун хачирхалтай бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй санагддаг байна. Учир нь дээвэр нь хөнгөн цагаан мөнгө болон модон материалтай бөгөөд долгиолсон хэлбэр нь эргэн тойрон дахь уулархаг дүр зурагтай маш сайхан зохицдог юм. Сонирхуулахад, Ysios гэх нэр нь дарс үйлдвэрлэхтэй холбоотой хэмээн тооцогддог Египетийн бурхад болох Исис ба Осирисын нэр билээ.

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 3)

Вебсайт


Rocca di Frassinello

Маремма, Итали

Притцкерийн нэрэмжит шагналыг хүртсэн Ренцо Пиано уг дарсны үйлдвэрийг 2007 онд зохион бүтээжээ. Үйлдвэрийн дизайны хувьд уламжлалт Тоскан бүс нутгийн архитектурын элементүүдийг хай-тек хэв маягтай хосолсон байна. Тухайлбал, барилгын цамхаг дээр нарны гэрлийг барилгын дотор талд тусгах үүрэгтэй гелиостат төхөөрөмжүүдийг байрлуулжээ. 

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 4)

Вебсайт


Marqués de Riscal

Эльсьего, Испани

Испанийн дарс үйлдвэрлэгч Marqués de Riscal XIX зууны дунд үеэс хойш үйл ажиллагаагаа явуулж буй билээ. Барилгыг Прага дахь “Dancing House”, Бильбао дахь Гуггенхайм музейн бүтээгч, Притцкерийн шагналын эзэн Фрэнк Гери урлан бүтээсэн байна. Үйлдвэрийн нэрийн хуудас болсон титан материалтай гоёмсог ягаан фасад нь бэлэг ороосон баярын туузыг санагдуулдаг. Түүнчлэн, дарс үйлдвэрээс гадна уг цогцолборт тансаг зочид буудал, ресторан, рашаан сувилал ажиллаж байна.

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 5)

Вебсайт


R. López de Heredia

Ла Риоха, Испани

Алдарт дарс үйлдвэрлэгч R. López de Heredia нь 125 жилийн ойгоо тохиолдуулан амталгааны өрөө болон нэрийн дэлгүүрийн дизайныг хийлгэхийн тулд Притцкерийн шагналын эзэн Заха Хадидийг хөлсөлсөн байдаг. 2006 онд Хадидын урлан бүтээсэн уг гурвалжин хэлбэртэй гайхалтай бүтэц нь "дэлхийд алдартай дарсны үйлдвэрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн гүүр" гэх санааг бэлгэдсэн байна.

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 6)

Вебсайт


Vik

Милауэ, Чили

2007 онд зочид буудлын бизнес эрхэлдэг Алекс болон Кэрри Вик гэх хоёр эрхэм Чилийн нэрт архитекторуудын дунд дарсны үйлдвэрийн төслийг гаргах уралдаан явуулжээ. Үр дүнд нь Чилийн нийслэл Сантьяго хотын өмнөд хэсэгт орших Милауэ хөндийн орчим нэгэн сонирхолтой байшингийн зураг төслийг гаргасан Смильян Радич тус уралдаанд түрүүлсэн байна. Дарсны үйлдвэрийг өндөр байлгахгүйн тулд дарс үйлдвэрлэх болон хадгалах зориулалттай хэд хэдэн газар доорх хонгил зохион бүтээсэн юм. Түүнчлэн дарсны үйлдвэрийн доод давхаргыг хөргөх зориулалттай том усан санг хиймэл хад, чулуугаар чимэглэсэн тул үйлдвэрийн эргэн тойрны байгаль орчин нүдийг тань баясгаж, сайхан дурсамж бий болгоно гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

Гайхалтай архитектурын шийдэлтэй 7 дарсны үйлдвэр (фото 7)

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх