Yelloween үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид: Шидэт дагина, Одри Хепберн, самурай болон бусад баатрууд
Хэллоуины баярыг тохиолдуулан Шангри-Ла зочид буудлаас зохион байгуулсан багт наадам
Өнгөрсөн бямба гараг буюу аравдугаар сарын 31-ний үдэш Хэллоуины баяр болохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд харагдсан хамгийн том тэргэл саран тэнгэрт мандсан ховор үзэгдэл тохиолоо. Тэргэл сар Хэллоуины баяртай давхацсан тохиолдол хамгийн сүүлд дэлхийн түүхэнд 76 жилийн өмнө л тохиосон тул энэ өдөр бүх зүйл цаанаа л нэг ер бусын, нууцлаг уур амьсгалтай байсан гэж хэлж болно. Тэгвэл энэхүү ховор үзэгдэлтэй зэрэгцэн Улаанбаатар хотод нэгэн онцгой арга хэмжээ зохиогдсон нь Шангри-Ла Улаанбаатар зочид буудал болон Veuve Clicquot брэндийн нэрэмжит алдарт Yelloween үдэшлэг байлаа. Тус зочид буудлаас MSM Betastar-тай хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү үдэшлэг нь энэ жил "Багт наадам" гэсэн сэдэвтэйгээр уламжлал ёсоор Наадам ресторанд болж өнгөрсөн юм.
Биднийг Шангри-Ла зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах Наадам рестораны үүдэнд ирэхэд зураг авах зориулалттай аварга том сахиусан тэнгэрийн далавч угтан авлаа. Цаашлаад хаалгаар нэвтэрмэгц BHARMONEY-гийн тусгайлан зассан буланд Хэллоуины костюм өмсөн нүүрээ бүтээлчээр будсан бартендер залуус төрөл бүрийн нэрийн коктейлүүдээ бэлтгэн хүрэлцэн ирсэн зочдыг дайлж, тэднийг үдэшлэгт "бэлдэж" байсан юм. Удалгүй тайзан дээр The Voice of Mongolia тэмцээний амжилттай оролцогч, авьяаслаг дуучин Өрлөг уянгалаг бас хүчирхэг хоолойгоороо зочдыг сэргээж арга хэмжээний уур амьсгалыг тодорхойллоо.
Харин энэ үеэр эрэлхэг самурайн дүрд хувирсан комедиан Батаа тайзан дээр гарч Veuve Clicquot брэндийн оргилуун дарс буудуулж, үдэшлэг албан ёсоор эхэлснийг зарлан, арга хэмжээг хөгжилтэй байдлаар хөтлөн явуулсан юм. Мөн тэрээр энэ үдэш олон янзын хөгжилтэй бас сонирхолтой тэмцээн уралдаан зохиож хүн бүхнийг хөгжөөгөөд авсан. Жишээлбэл зочид тайзан дээр амттанаар дүүрсэн хулууны пиньята хагалж, шилдэг костюм шалгаруулж, BHARMONEY-гийн нэрэмжит коктейлийн амт таах тэмцээнд оролцож, ерөнхийдөө нэг үдшийг хамтдаа зугаатай өнгөрүүллээ.
Улаанбаатар хотын залуус Хэллоуины баярт зориулан костюмоо эртнээс бэлдэн маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг болсон нь бямба гарагийн үдэшлэгээс тодхон харагдаж байлаа. Энэ үдэш хөгжилтэй, халуухан, өхөөрдөм, аймшгийн, киноны сэдэвтэй гээд есөн шидийн костюмтай, төрөл бүрийн дүрд хувирсан баатрууд хүрэлцэн ирсэн юм. Тухайлбал ганц эвэрт, үлгэрийн эльф, индиан бүсгүй, "Friends" цувралын Моника болон Чандлер нар, ХIX зуунаас цаг хугацаагаар аялан ирсэн иргэд, шидэт дагина, мумми, улаан малгайт болон чоно, Алиса гайхамшгийн оронд, Одри Хепберн гээд төсөөллийн ертөнцийн бүхий л баатрууд энэ өдөр Шангри-Ла зочид буудалд нэг дор хуран цугларсан харагдлаа.
Харин шилдэг костюмын шагналыг энэ жил нэлээд өвөрмөц бөгөөд өндөр шалгуураар буюу өөрийн гараар хийсэн бүтээлүүдийг шалгаруулсан байгаа. Олон бүтээлч "ажлаас" энэ үдэш саяхан нээлтээ хийсэн "Мулан" киноны шулам шилдэг костюмаар тодорсон бол шилдэг хосын хувцаслалтаар үлгэрийн ертөнцөөс ирсэн шидэт дагинууд шалгарч Шангри-Ла зочид буудлын зүгээс тусгайлан бэлдсэн бэлэгний эзэд болсон юм. Ингээд Yelloween 2020 үдэшлэгт хүрэлцэн ирсэн баатруудыг хамтдаа харцгаая.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт