Амттанг ялах арга: Элсэн чихрийн тухай бүх үнэн
Бюро 24/7 толь бичиг
Бидний дуртай бүх зүйлд агуулагддаг элсэн чихрийн тухай та хэр ихийг мэдэх вэ? Чихэр хэрхэн бий болж, бие организмд ямар нөлөө үзүүлдэгийг, яагаад чихэртэй зүйл идэх хүсэл ихээр төрдөг тухай та эндээс унших болно. Хамгийн гол нь түүнийг хэтрүүлээд идчихвэл яах вэ? Тэр яг л мансууруулах бодис шиг тархинд допамин үүсгэж, улмаар илүү их идэх тусам бүр их амт шаарддаг байна. Үүнийг элсэн чихэр хүний биед хэрхэн тархдагийг мэдсэнээр та ойлгох бөгөөд хамгийн эрүүл гэж боддог хоол хүнснүүдэд хүртэл нуугдаж байдгийг олж мэдэх болно.
Нийтлэлийн өмнө нэг сайн мэдээлэл хүргэхэд Монгол улсад 1995-2012 оны хооронд тархалт нь эрс нэмэгдээд байсан чихэрийн шижин өвчин сүүлийн үед буурах хандлагатай болсон байна. "Ингэж буурахад гурван гол хүчин зүйл нөлөөлсөн. Нэгт шинжилгээ, оношлогоо хийх газар олширч, хүмүүс урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Хоёрт сахартай хүмүүс ойр тойрныхоо хүмүүсийн нүдэн дээр эрс муудаж, элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэх нь ямар аймшигтай хор хөнөөл дагуулдаг болох нь амьдрал дээр бодит зүйл болж харагдсан. Гуравт ер нь орчин үеийн хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсны үр дүн юм" гэж Шастины нэрэмжит III эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасгийн их эмч С.Мөнхзул хэллээ. Мэдээж чихэрийн шижин өвчин хэт их элсэн чихэрийн хэрэглээнээс болж үүддэг байгаа. Тиймээс доорх мэдээлэл танд болоод таны гэр бүлд хэрэг болно биз ээ.
Хүмүүс чихэр бол чихэр гээд бүгд л биед хортой гэж ойлгодог. Хэрэв зөв ойлгох юм бол элсэн чихэр нь тийм ч муу зүйл бас биш ээ.
Элсэн чихэр нь нүүрс төрөгч (C), ус төрөгч (H), хүчил төрөгч (О) агуулдаг ба нүүрс усны бүлэгт ордог зүйл юм. Нүүрс усны бүлэгт хамаардаг цардуул (крахмал), элсэн чихэр зэрэг нь бидний биед энергийн үндсэн эх үүсвэр болдог гэдгийг та мэдэх байх. Хүний бие нүүрс усыг хувиргаж, эд эсүүдээ хүчтэй байлгахын төлөө ашигладаг билээ.
Гэвч ихэнх хүн элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэдэг. Тухайлбал насанд хүрсэн хүн өдөрт 63 гр буюу бараг 16 цайны халбага элсэн чихэр хэрэглэдэг гэх судалгаа гарсан байгаа. Энэ нь зохимжит хэрэглээнээс хоёр дахин илүү байна гэсэн үг юм. Тэгвэл хүн, амьтан яагаад элсэн чихэрт тэгтлээ татагддаг вэ? Мэдээж үүнд амт нөлөөлдөг. Анхандаа чихэрлэг амт нь байгалиас аюулгүй хоол олж идэх үндсэн шалгуур байжээ. Учир нь хортой жимс, ургамал ихэнхидээ гашуун, ислэг амттай байдаг. Харин орчин үеийн боловсруулсан хүнс, хийжүүлсэн ундааны эринд чихэрлэг амтыг хүмүүс илүү сэтгэл ханамж авах гэж хэрэглэдэг болсон. Тиймээс элсэн чихэр бидний өдөр тутам хэрэглэдэг олон хүнсэнд хуурамчаар амт оруулах, мөн бактерийн үржилд саад болох зорилготой хамгаалалт болон нэмэгдэж байна. Хэдийгээр бидний амтлах эрхтнүүдийн хувьд энэ нь таатай мэдээ байж болох ч эрүүл мэндийн хувьд тийм ч сайн зүйл биш юм.
Элсэн чихрийг бие организмд хэрэгцээтэй хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээр илүүдэл нь бидний биед өөх тос болон хуримтлагддаг. Үүнээс болж дэлхий даяар таргалалт нэмэгдэж, олон янзын эрүүл мэндийн асуудлууд гарч байгаа. Учир нь элсэн чихэр нэг биш маш олон төрлийн нэртэй болсон тул хүмүүс өөрсдөө мэдэхгүй хэрэглэдэг. Дээр нь мөн хүүхдүүдээ аажмаар хөнөөж байна гэдгээ огтхон ч мэдэхгүй хоцордог нь харамсалтай.
Элсэн чихэр хаанаас гаралтай вэ
Бидний мэдэхээр элсэн чихэр гэгддэг цагаан нунтаг зүйл бол сахароз юм. Глюкоз болон фруктоз гэдэг хоёр сахарын молекул нийлснээр нүүр ус бүрддэг. Сахароз нь ихэнх ургамалд агуулагддаг боловч чихрийн нишингэ болон чихрийн манжинд хамгийн ихээр байдаг. Тиймээс нишингэнээс дэлхийн нийт элсэн чихэр үйлдвэрлэлийн 75-ийг гарган авдаг. Харин 1747 онд чихрийн манжинд элсэн чихэр агуулагдаж байгааг нээснээр энэ ургамал үлдсэн 25 хувийг хийх түүхий эд болжээ.
боловсруулсан элсэн чихэр нь энерги, амтнаас өөр авах зүйлгүй хоосон калори гэсэн үг.
Боловсруулаагүй элсэн чихэр
Цагаан болон олон төрлийн бор элсэн чихэр боловсруулалт хийгдсэний дараа дэлгүүрийн лангуун дээр очдог. Боловсруулах үйл явцад түүхий эдэд агуулагдаж буй кальци, төмөр, кали гэх зэрэг эрдэст бодис, шим тэжээл нь үгүй болдог. Харин тэдний оронд фосфорын хүчил, хүхрийн диоксид, метаны хүчил зэрэг химийн бодисууд нэмэгддэг байна. Тиймээс, боловсруулсан элсэн чихэр нь энерги, амтнаас өөр авах зүйлгүй хоосон калори л гэсэн үг.
Боловсруулаагүй элсэн чихэр нь илүү шим тэжээлтэй. Гэвч түүний байгалийн өнгө нь бор учраас зарим хүмүүс боловсруулсан бор элсэн чихэртэй андуурах нь бий. Элсэн чихрийг боловсруулах явцад өнгөө алддаг учраас үйлдвэрлэгчид бурам нэмж, хиймэл өнгө нэмж өгдөг байна. Тэгэхээр та боловсруулаагүй чихэр хэрэглэе гэвэл бүтээгдэхүүний шошгийг сайн анхаараарай.
Элсэн чихрийг орлож, амттан идэх хүслийг дарж чадах зүйлс
Амьдрал дээр амттай юм идэх хүслийг дарж чадах боловсруулаагүй элсэн чихрийн эх үүсвэр олон бий. Үүнд жимс болон дараах байгалийн гаралтай амтлаг бодисууд орно. Бид хамгийн боломжит гурван бүтээгдэхүүнийг нэрлэж байна.
Зөгийн бал
Зөгийнүүд цэцэгнээс бал цуглуулж, химийн найрлагыг нь өөрчилдөг. Үүнийг хийхдээ тэд балыг үүрэндээ цуглуулан авчирч, далавчаараа сэвэн усыг нь хатаадаг. Дараа нь зөгийнүүд хэвлийнээсээ гарах шингэнээр торыг хучих болно. Зөгийн бал нь нийт 120 гаруй төрлийн эрдэс бодис, амин дэм агуулдаг учраас сахар орлохоос гадна маш олон сайн үр дүнтэй. Танд л гэж хэлэхэд Монгол улс жилд ойролцоогоор 500 мянган долларын зөгийн бал импортоор авч хэрэглэдэг. Харин эдгээр зөгийн балнаас илүү органик, найдвартай сонголт бол монгол зөгийн бал юм шүү.
Агч модны шүүс
АНУ, Канадад агч модны шүүсийг их гарган авдаг. Хавар болоход энзимүүд модны цардуулыг элсэн чихэр болгон хувиргадаг байна. Тэрхүү чихэр агуулсан шингэн шүүсийг модноос гаргаж авч, буцалгаснаар агч модны шүүс бий болно.
Бурам
Бурам нь чихрийн нишгэнэ болон чихрийн манжингаас элсэн чихэр боловсруулах үйл явцад гардаг завсрын бүтээгдэхүүн юм. Бурамд ургамал байх үеийнх нь амин дэм болон эрдэс бодис нь хэвээр агуулагдаж үлддэг.
Элсэн чихэр нь олон төрлийн нэртэй ч гол төлөв -оз гэсэн төгсгөлтэй байдаг.
Элсэн чихэр бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?
Элсэн чихэр биед шингэснээр өлөн гэдсэн дэх энзимүүд түүнийг глюкоз болгон бутраадаг. Дараа нь уг глюкоз судсанд орж, булчин болон эрхтнүүдийн эд эс рүү шилжин, энерги болон хувиргана. Нойр булчирхайн бета эсүүд цусан дах глюкозны хэмжээг байнга хянаж, тохируулахын тулд инсулин ялгаруулдаг юм. Хэрэв хүн биед хэрэгтэй байгаагаас илүү хэмжээний элсэн чихэр хэрэглэвэл илүүдэл хэсэг нь өөх болон хуримтлагдана. Цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд барих гэж л энэ зүйл бий болж байдаг аж. Хэрэв бие организм хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл инсулин нь бие махбодид нөлөөлөхгүй болвол цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэж, чихрийн шижин өвчин үүсэх магадлалтай.
Глюкозоос ялгаатай нь олон янзын хүнс, ундаанд амт оруулахад ашиглагддаг фруктоз нь өлсгөлөнгийн гормонуудыг зогсоодоггүй. Тиймээс бие организм цадсан үгүйгээ мэдэхэд хэцүү байдаг.
Эх сурвалж:http://buro247.mn/lifestyle/http-buro247-mn-lifestyle-food/byuro-24-7-tol-bichig-elsen-chikhriyn-tukhay-b-kh-nen.html
"Нойр булчирхайны бета эсүүд цусан дах глюкозны хэмжээг байнга хянаж
байдаг"
Цусан дах сахарын хэмжээг хянах
Энергийн хэмжээг тогтвортой байлгадаг гормонууд
Инсулин ялгаруулах
Нойр булчирхай нь цусан дах сахарын хэмжээ өндөр үед түүнийг багасгахын тулд инсулин даавар ялгаруулдаг
Глюкозыг шингээх
Биеийн эсүүд глюкозыг шингээн энерги болон хувиргахыг инсулин дэмжиж өгнө
Илүүдэл глюкоз
Инсулин илүүдэл глюкозыг гликоген болгон хувиргасан нь элэг, эсвэл биеийн булчингуудад хуримтлагдана
Глюкагон ялгарах
Нойр булчирхай нь цусан дах сахарын хэмжээ бага үед түүнийг ихэсгэхийн тулд глюкагон даавар ялгаруулдаг
Гликоген бутрах
Глюкагон даавар нь элгэнд хуримтлагдсан гликогенийг буцаад глюкоз болж хувирах үйл явцыг өдөөнө
Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэхээр хүний биед юу болдог вэ?
Элсэн чихэр нь биднийг амьд байлгадаг эд эсүүдийг тэжээдэг учир хүний биенд зайлшгүй шаардлагатай. Хэдий тийм ч, хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Байгалийн найрлагаас гадна нэмэлт элсэн чихэртэй хүнс нь хоосон калори тээж байдаг ба энэ нь энерги өгөхөөс өөр ямар ч сайн үр дагаваргүй гэсэн үг. Энергийн түвшинд шаардлагатай хэмжээнээс илүү элсэн чихэр хэрэглэвэл бидний бие түүнийг ашиглах өөр арга зам хайх хэрэгтэй болно. Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт, зүрхний өвчин болон чихрийн шижин үүсэх үндсэн шалтгаануудын нэг юм.
Элсэн чихэр тархинд
Хүмүүс бид элсэн чихэрт цаанаасаа л дуртай байдаг. Бидний өвөг дээдэс хүнс ховор байхад эрч хүчээ нөхөх, амьд үлдэх боломжоо ихэсгэхийн тулд чихэрлэг хоол, хүнсийг илүүд үздэг байсан. Харин одоогийн ямар ч хоол хүнсийг бэлэн авах боломжтой нөхцөлд бид чихэрлэг хүнснээс холдож чадахгүй л байна. Үүний бүх тайлбар тархинд л бий. Элсэн чихэр хэрэглэснээр тархи допамин болон серотонин ялгаруулдаг нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, тархины "nucleus accumbens" гэх донтолтод оруулдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг. Сонирхуулж хэлэхэд хүмүүс яг энэ замаар л мансуурах бодисонд донтдог гэнэ.
Байнга элсэн чихэр хэрэглэх нь мөн допамин тээвэрлэгчдийг саатуулдаг учир, урдных шигээ амтыг мэдрэхийн тулд бүр илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэх магадлалтай. Глюкозоос ялгаатай нь олон янзын хүнс, ундаанд амт оруулахад ашиглагддаг фруктоз нь өлсгөлөнгийн гормонуудыг зогсоодоггүй учир бие организм цадсан үгүйгээ мэдэхэд хэцүү байдаг.
Элсэн чихэр бидний биед хэрхэн тархдаг вэ?
Шүд хорхойтох
Бидний хэрэглэсэн элсэн чихрийн зарим нь шүдэнд наалдан бактерыг татдаг. Эдгээр бактериуд нь чихрээр тэжээгдэн, сүүний хүчил үүсгэж, улмаар шүдний паалан гэмтээнэ.
Чихрийн шижин
Цусан дах сахарын хэмжээ ихсэх нь бие организмыг илүүдэл инсулин ялгаруулахад хүргэдэг ба энэ нь нойр булчирхайг гэмтээж, биеийг эсэргүүцэх чадваргүй болгох магадлалтай.
Элэгний өрөвсөл
Сахарозын бүрэлдэхүүнд ордог фруктозыг зөвхөн элэг л энерги болгон хувиргах чадалтай. Ямар ч илүүдэл нь элэгний өөх болж хувирдаг ба энэ нь элэгний өрөвсөлд хүргэж болно.
Дархлаа сулрах
Шим тэжээлгүй элсэн чихрийг шингээхийн тулд биед буй өөр шим тэжээлүүд ашиглагдана. Энэ нь бие организм дахь амин дэм, эрдсүүдийг устгадаг.
Зүрхний өвчин
Элсэн чихэр нь цусан дах триглицерид болон өөx тосны хэмжээг ихэсгэдэг нь зүрхний өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Таргалалт
Энерги болж хувираагүй илүүдэл элсэн чихэр нь биенд өөх, тос болон хуримтлагдана. Энэ нь цаашид эрүүл мэндийн олон асуудлууд үүсгэж болно.
Амтлаг сюрпризүүд
Та өөрийн мэдэлгүй хэр хэмжээний элсэн чихэр хэрэглэж байна вэ? Үүнийг таамаглахад хэрэг болох дараах жагсаалтыг танд сонирхуулъя.
Элсэн чихэр хаана нуугдаж байна вэ?
Чихэр, шоколад, бялуу, хийжүүлсэн ундаа зэрэг хүнсэнд их хэмжээний элсэн чихэр агуулагддаг нь тодорхой хэдий ч бидний "эрүүл" гэж боддог, тийм ч чихэрлэг амттай биш зарим хүнсэнд ч элсэн чихэр гайхмаар их хэмжээтэй байдаг.
Элсэн чихэр нь олон төрлийн нэртэй байдаг боловч гол төлөв -оз гэсэн төгсгөлтэй байдаг. Глюкоз болон фруктоз жимс, ногоо, зөгийн балд агуулагддаг бол лактоз, галактоз нь сүү, сүүн бүтээгдэхүүнд, харин мальтоз арвайнд агуулагддаг. Эдгээр байгалийн чихэр нь шим тэжээлтэй учир хэрэглэхэд асуудалгүй.
Харин хүнсэнд амт оруулах зорилгоор нэмдэг элсэн чихэр нь эрүүл мэндэд муу гэж үздэг. Энэ нь ихэнхдээ сахарозын хэлбэрээр, эсвэл сукралоз, сахарин, аспартам зэрэг сахар орлогч хэлбэрээр ордог.
125г Хоолны соус (2ц/х)
500 мл Витаминтай ус (4 ц/х)
330 мл Кола (9 ц/х)
250 мл Спортын ундаа (7.75 ц/х)
125 г Амт оруулсан тараг (4 ц/х)
400 г Улаан лоолийн шөл (5 ц/х)
Чихэр идэх хүслээ дарахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Чихэрийн шижинтэй хүмүүстэй өдөр бүр ажилладаг их эмч С.Мөнхзул энэ талаар зөвлөхдөө:"Чихэр идэх хүслээ дарах нь хүний өөрийн эрүүл амьдрах зан үйлтэй холбоотой. Хэчнээн их амтлаг зүйл иддэг байсан ч хүн долоо хоног чихэр идэхгүй байхад л түүнийг үгүйлэхээ больчихдог. Эхний нэг, хоёр өдөр чихэрлэг зүйл идмээр санагдавч тэсч чадах юм бол долоо дахь хоногоос танд чихэрний талаар бодол орж ирэхээ болино. Мэргэжлийн эмч бидний хувьд бол чихэр ил байсан ч бид идэхгүй байгаад дасчихсан" гэлээ. Тиймээс та яг одооноос эхлэн өдөрт хэрэглэж буй элсэн чихрийн хэрэглээндээ анхаарал тавьж, бууруулахаар шийдсэн бол амттай юм бүхэнд "нүүр өгөхгүй" байгаад үзээрэй. Тэр цагт ялалт таных болно.