Ахлах сургуулийн сурагч 125 сургуулиас нийт 9 сая ам.долларын тэтгэлэг хүртжээ
Нью Орлеанс хотын ахлах сургуулийн сурагч түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй сургалтын тэтгэлэг хүртэж Гиннесийн дээд амжилтын номд нэрээ мөнхөллөө. WWL-TV сувгийн мэдээлснээр Денис Барнес гэх хүүд одоогоор 125 сургуулиас 9 сая ам.доллар бүхий тэтгэлэг олгоод байна. Тэрээр нийт 200 сургуульд өргөдөл явуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр гэхэд тус амжилтаа 10 сая ам.доллар хүртэл өсгөх зорилготой байгаа гэнэ.
Денис Барнес мэдээлэл зүйн шинжлэх ухаан болон эрүүгийн эрх зүйгээр давхар мэргэжил эзэмших хүсэлтэй байна. Тэрээр 4.98 голч дүнтэй, Испани хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй АНУ-ын Үндэсний хүндэтгэлийн нийгэмлэгт удирдах албан тушаал хашдаг билээ. Үүнээс гадна Барнес хоёр жилийн өмнөөс Нью Орлеанс дахь Өмнөдийн их сургуулийн хичээлүүдэд хамрагдаж аль хэдийнээ кредитээ цуглуулаад эхэлжээ.
“Эртнээс төлөвлөх, хамтрагчидтайгаа харилцаа холбоо үүсгэх нь амжилттай ирээдүй рүү хөтөлнө. Хэрэв чи алсын хараагаа төсөөлж чадаж байгаа бол зорилгодоо ч мөн хүрч чадна гэдгээ санаарай” хэмээн Барнес сурагчийн ширээнээс бууж буй үеийнхэндээ зөвлөлөө.
Хамгийн өндөр үнэтэй тэтгэлэг хүртсэн дээд амжилтыг Барнесын өмнө 130 сургуулиас 8,7 сая ам.долларын хөнгөлөлт авч чадсан Нормади Кормер эзэмшиж байжээ.