Хайх

Дэлхий даяар юу болж байна вэ: Коронавирустэй холбоотой шинэ мэдээллүүд

Дэлхий даяар юу болж байна вэ: Коронавирустэй холбоотой шинэ мэдээллүүд

Халдварын дэгдэлтийг бодит цагаар харуулах интерактив газрын зураг

Text: Buro.Mongolia


Зураг: Verdict

Шинэ төрлийн коронавирус БНХАУ-ын Ухань хотод тархаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд коронавирус Хятадын бүх мужаар тархаж, цаашлаад дэлхийн 26 оронд албан ёсоор бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар (Хоёрдугаар сарын 4) дэлхий даяар албан ёсоор халдвар авсан тохиолдол 20,000 давж, нас барсан хүний тоо 427 болж, эдгэрсэн хүний тоо 667-д хүрээд байна. Ингээд бид шинэ төрлийн коронавирустэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна.

  • Бельги улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Тус өвчтөн нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Бельгийн есөн иргэний нэг байжээ. Өвчтөний биеийн байдал хэвийн бөгөөд ямар нэгэн өвчний үзэгдэх шинж тэмдэг илрээгүй байна.
  • Саяхныг хүртэл коронавирусээр нас барсан тохиолдол зөвхөн Хятадын эх газарт бүртгэгдээд байсан бол Хонг Конг болон Филиппинд коронавирусын халдвартай өвчтөнүүд нас баржээ.
  • Шинэ төрлийн коронавирус нь анх үхсэн болон амьд амьтан худалдаалдаг Ухань хотын амьтан ба далайн бүтээгдэхүүний захаас тархаж эхэлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа билээ. Тэгвэл БНХАУ-ын засгийн газар энэхүү цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын хууль бус худалдааг хориглож, цаашид захуудын хяналтыг чангаруулна гэж мэдэгдлээ.
  • Азийн Лас-Вегас гэгддэг Макао нь казино болон энэ салбартай холбогдолтой бүх үйл ажиллагаануудаа хагас сарын турш зогсоохоор болсон байна. Одоогоор Макаод коронавирусын халдвар авсан 10 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ес дэх хүн нь мөрийтэй тоглоомын салбарт ажилладаг болохыг тогтоосноор эрх баригчид энэхүү шийдвэрт хүрчээ.
  • Ухань хотын удирдлагууд дахин гурван эмнэлэг шинээр нэмж барихаар болжээ. Коронавирусын голомт болсон Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байснаас болж эрх баригчид асар богино хугацаанд хоёр эмнэлэг барих шийдвэр гаргаж байсан юм. Тэдгээрийн нэг болох Хуошеншань эмнэлэг нь өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол хоёр дах Лэйшеншань эмнэлэг нь энэ долоо хоногт нээгдэх болно.
  • Коронавирусээс болж Токиогийн Олимпийн наадам цуцлагдахгүй. Цахим ертөнцөд коронавирусын дэгдэлтээс улбаалж Токио хотод долоодугаар сард зохиогдох Олимпийн наадам цуцлагдана гэсэн цуурхал тархаж эхэлсэн бол Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ үүнийг няцааж "Олимпийн наадмын бэлтгэл ажил саадгүй үргэлжлэхэд зохих арга хэмжээг авна" гэсэн байна.
  • Дэлхийн улс орнууд Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж, эх оронд нь авчирсаар байна. Манай улс ч мөн тус хотоос 31 иргэнээ эх оронд нь авчирсан бөгөөд тэдний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх