Хайх

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн

Кембрижийн онц сурлагатан

Text: Г.Тэмүүлэн


Оскарын шагналт жүжигчин гэдгээс нь өөр түүний талаар бид юу мэдэх билээ? Энэ удаагийн #BuroCrush буландаа бид жүжигчин, загвар өмсөгч, Английн хамгийн нууцлаг одуудын нэг Эдди Редмэйнийг онцолж байна

Ихэвчлэн бид алдар нэрд хүрсэн амжилттай хүмүүсийн талаарх нийтлэлүүдэд тэднийг амжилтанд хүрэхийн төлөө маш их хүнд, хэцүү давааг туулсан байдгийг олж мэддэг. Гэхдээ энэ удаад лав тийм биш шүү. Мэдээж Эдди өөрийн хүчээр энэ бүх амжилтыг бүтээсэн. Тэгэхдээ түүний амьдралын үе шат бүр төгс зохиолтой үлгэр шиг санагдана. Тэрээр 1982 онд санхүүч Ричард болон бизнес эрхлэгч Патриция Редмэйн нарын гэр бүлд таван хүүхдийн дундах хүү болон мэндэлжээ. Эдди хүүхэд байхдаа "Colet Court" болон "Eton College" зэрэг нэр хүндтэй сургуулиудад суралцсан. Тэр бүр "Eton College"-д хунтайж Уильямтай хамт сурч байсан. Үүний дараагаар Эдди Кембрижийн их сургуулийн "Trinity College"-ийг урлагийн түүхийн мэргэжлээр онц дүнтэй төгссөн байдаг. Хэдийгээр тэр дальтонизмтай (зарим өнгө ялгадаггүй) байсан ч дипломын ажлаа Ив Клайны "International Klein Blue" гэх патентлагдсан өнгөөр хийсэн байна.

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн (фото 1)

Хамгийн анх Эдди Шекспирийн "A Midsummer Night's Dream" жүжгийг үзээд жүжигчин болохыг хүссэн гэдэг. Тиймээс л найман настай байхдаа анх Сэм Мендесийн найруулсан "Oliver!" мюзиклд тогложээ. Мөн тэрээр коллежид байхдаа сургуулийнхаа театрын жүжгүүдэд оролцож, найрал дуу дуулдаг олон төрлийн авьястай нэгэн байв. "Eton College"-ийн оюутан байхдаа тэр анхны том дүр буюу "Twelfth Night" жүжигт Вайолагийн дүрийг бүтээхээр болжээ. Мөн яг энд л тэрээр анх удаагаа эмэгтэй хүний дүрд хувирч байсан юм. Ер нь түүнийг Кембрижд сурч байсан үеэс л эхлэн олон төрлийн театрын жүжиг болон олон ангит кинонуудад тоглох санал ирдэг байжээ. Тэр театрын жүжигчний хувьд чамгүй амжилттай байсан бөгөөд 2010 онд "Red" жүжгээрээ театрын урлагийн "Оскар" гэгддэг "Tony Awards" шагналыг хүртсэн.

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн (фото 2)

Эдди Редмэйны жинхэнэ од болох гараа 2012 онд "Les Misérables" утга уянгын киноноос эхэлсэн гэж хэлж болно. Харин үүний араас "The Theory of Everything" кинонд Их Британий онолын физикч Стивен Хокингийн дүрийг маш чадварлагаар бүтээсэн нь түүнд Оскарын шагнал авчирсан билээ. Тэрээр энэхүү кинонд тоглохдоо ямар ч сонгон шалгаруулалтанд оролцоогүй. Түүнд Стивен Хокингийн дүрийг шууд санал болгосон нь үнэхээр аймшигтай санагдаж байжээ. Эдди "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Сонгон шалгаруулалтанд оролцоход тэд ядаж л чамайг юу хийж чадах талаар ямар нэг ойлголттой болно. Тиймээс тэр үед миний сэтгэл маш их хөдлөхийн зэрэгцээ их сандарч байсан" гэжээ. Тэрээр  хамгийн сүүлд "The Danish Girl" кинонд Данийн трансжендер зураач Лили Эльбегийн дүрийг бүтээж хэр сайн жүжигчин болохоо дахин баталсан байгаа. Харин одоо түүний гол дүрд тоглосон Жоан Роулингийн зохиолоор бүтээгдсэн "Fantastic Beasts and Where to Find Them" кино арваннэгдүгээр сард нээлтээ хийх болно. 

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн (фото 3)

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн (фото 4)

Эдди алдартай жүжигчин гэдгээс гадна загвар өмсөгч байж үзсэн билээ. Коллежид сурахын хажуугаар тэр жижиг брэндүүдийн танилцуулгад оролцож, зургаа авахуулдаг байв. Тэрээр 2008, 2012 онуудад Burberry-гийн сурталчилгаанд тоглосон ба хамгийн сүүлд Prada загварын ордны 2016 оны намар-өвлийн шинэ цуглуулгын нүүр царай болсон байгаа. Хэдийгээр тэр алдартай жүжигчин ч гэсэн маш даруу, энгийн хувийн амьдралтай нэгэн. Түүний тухай ямар нэгэн "шар", шуугиан тарьсан мэдээ бараг гардаггүй. Тэрээр эхнэр болон саяхан төрсөн охиныхоо хамт бусад энгийн нэгэн гэр бүлийн адилаар нам гүм амьдардаг байна. Харин түүний мэргэжлийн карьерт бид олон шуугиан тарьсан, гайхалтай бүтээлүүдийг дахин харна гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх